Цаг үе
Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ

Мал эмнэлгийн газрын даргын тушаалын хэрэгжилт, бог малын мялзан өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, халдварыг эрт илрүүлэх зорилгоор мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүдтэй хамтран бог малын мялзан өвчний шинж тэмдэгт суурилсан идэвхгүй тандалтыг зохион байгууллаа.
Тандалтад аймгийн хэмжээний нийт малчин өрхийн 23 хувь буюу 18 сумын 1856 малчин өрх хамрагдаж, асуумж судалгаагаар Баян-Уул сумын Баянбогд багийн 1 малчин өрхийн 199 хонь, 170 ямаа, нийт 369 бог малд эмнэл зүйн үзлэг хийхэд шинж тэмдэг илрээгүй гэж Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.
Цаг үе
Замын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийнэ
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ичинхорлоо Улаанбаатар хотын авто зам, уулзваруудын ослын шалтгааныг тодорхойлж, тэмдэг тэмдэглэгээ болон хөдөлгөөний зохион байгуулалтын инженерийн шийдэл боловсруулах зөвлөх үйлчилгээний мэдээлэл танилцууллаа.
Энэ хүрээнд түгжрэлийг бууруулах ажлыг хэсгийн хуралдааны гишүүд санал солилцож, осол хамгийн ихээр гарч байгаа цэгүүдийн уулзварын зохион байгуулалт, эргэлтийн радиусыг тооцоолж үзэх нь зөв гэдэгт санал нэгдлээ.
Ажлын хэсгийн гишүүдийн саналын дагуу НИТХ-ын дарга А.Баяр ирэх жилүүдэд нийслэл хотын тэмдэг тэмдэглэгээг бүрэн шинэчлэхэд шаардлагатай төсвийн тооцоолол хийхийг Нийслэлийн замын хөгжлийн газарт үүрэг болголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Цаг үе
“Найрамдал” зуслан чиглэлийн 16 км авто замыг шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөв
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн 16 км урт, хоёр эгнээ бүхий авто замыг бүрэн шинэчилж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тодруулбал, 2024 оны есдүгээр сараас тус авто замыг шинэчилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд 4 км авто замыг шинэчилсэн юм.
Харин энэ онд үлдсэн 12 км авто замыг шинэчилж, гэрэлтүүлэг, явган замын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан бөгөөд 46 жилийн дараа их засвар хийлээ.