Цаг үе
Эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд цаг их зарцуулж байна
2023 оны байдлаар манай улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1,6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ.
Эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулж байгаагаас шалтгаалж эдийн засгийн боломжоос тэгш хүртэж чадахгүй байгаа юм.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан “Монгол Улсын Асрахуйн эдийн засагт хөрөнгө оруулах нь” хэлэлцүүлгийн үеэр бодлого боловсруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл, хөгжлийн түншүүд асрахуйн үйлчилгээний тогтвортой санхүүжилтийг хэрхэн хангах, эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөр, асрах ажлын ачааллыг бууруулах арга замын талаар санал солилцлоо.
Асрахуйн эдийн засаг нь ядуурлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг арилгах, зохистой хөдөлмөрийг бүтээх тогтвортой, бүтээмжтэй өсөлттэй шууд холбоотой бодлогын асуудал.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, асрахуйн ажил эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах зорилготой бодлого хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал:
Хүүхэд харах үйлчилгээний төв байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлж улсын хэмжээнд 120 төвд 315 хүүхэд асрагч ажиллан нийт 1599 хүүхэд хамрагджээ.
Засгийн газраас 2025 онд хавсарсан, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид олгож байгаа асаргааны тэтгэмжийг нэмэгдүүлж сард 445,000 төгрөг болгосон.
Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг 30 хувиар нэмлээ.
Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг хөгжүүлэх дэмжих төвийг байгуулан 1000 орчим хүүхдийг хамруулахаар болж 8,9 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгаж, төвийн ажиллах дүрмийг батлаад байна.
Асаргааны хувилбарт үйлчилгээний нэг төрөл гэрийн үйлчилгээг нэвтрүүлэхээр Ахмад настны тухай хуульд тусгасан. Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг 8, хувийн хэвшлийн 4 асрамжийн газарт улсын хэмжээнд нийт 507 асруулагч асруулж байна.
Цаашид эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар асаргааны үйлчилгээг мэргэжлийн байгууллагууд хүргэдэг болох талаас илүү судалж байна.
Монгол Улсад Асрахуйн эдийн засагтай холбоотой гарч буй ахиц эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрийг буруулах арга хэмжээ авах, төр, хувийн хэвшлийн уялдааг хангасан хамтын ажиллагаа бий болгоход анхаарна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Цаг үе
Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн. Төслийн хамгийн чухал ажлуудын нэг болох ган татлагыг тавдугаар сараас татаж, ажлын сүүлийн үе шат болох үндсэн 58 мм-ийн ган татлагыг холбож байна. Энэхүү ажлыг нийт хоёр удаа давтан гүйцэтгэх юм.
Үндсэн ган татлага буюу тросс нь 58 мм-ийн голчтой бөгөөд зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй. Энэхүү зургаан багц тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийнэ. Өөрөөр хэлбэл зургаан цэгт холболтын сүлжих ажил гүйцэтгэж байгаа юм. Холболт, сүлжих нийлмэл ажлын нийт урт нь 80 метр байна.
“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон "Цагаан уран хийц" ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байна. “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон "Максимал" ХХК захиалагчийн хяналтыг тавин ажилладаг.
Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт үлэмж багатай. Улаанбаатар хотод нийтийн тээврийн шинэ төрөл бий болгож, үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэх стратегийн ач холбогдолтой төсөл болж байна.

Цаг үе
Хоногийн хугацаанд явган зорчигч мөргөж гэмтээсэн 11 зам тээврийн осол бүртгэгджээ
Жолооч та бүхэн сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол болон явган хүний гарцын ойролцоо хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулан, гарц руу ойртож буй болон гарцаар гарч байгаа явган зорчигчдод зам тавьж өгөөрэй.
Явган зорчигч болон унадаг дугуйтай иргэд зам хөндлөн гарахдаа хөдөлгөөний нөхцөл байдлыг сайтар нягталж, тээврийн хэрэгсэл бүрэн зогссоны дараа зорчих хэсгийг хөндлөн гарч хэвшинэ үү.
Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д "Жолооч явган хүний гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасаж, гарцаар гарч байгаа болон гарцаар гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө" гэж заасан байдаг.
Эцэг эх, асран хамгаалагчид хүүхдэдээ замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг, дадал олгож, гарцаар зөв гарч хэвшихэд нь анхаарч, хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна.
Явган хүний гарц бол аюулгүй байдлын бүс. Замын хөдөлгөөнд оролцогч бүр дүрмээ мөрдөж, харилцан хүндэтгэлтэй оролцсоноор осол, хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Цаг үе
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, явган болон дугуйн зам, автобусны буудал, сандал, хогийн сав, замын тэмдэг, хайс хашлага зэрэг хотын нийтийн эд хөрөнгийг хөөстэй угааж, ариутгал, халдваргүйтгэл хийж байна.
Энэ хүрээнд нийт 75 байршлын 900 мянган ам метр талбайд хөөстэй угаалга, ариутгал, халдваргүйтгэл хийхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар хотын төв болон гэр хорооллын иргэдийн хөдөлгөөн ихтэй 39 гудамж, талбайн 389 мянган ам метр талбайд хөөстэй угаалга хийж, ариутгаж халдваргүйжүүллээ.
Тус ажлыг тавдугаар сарын 28-наас эхлэн зохион байгуулж байна. Түүнчлэн замын хөдөлгөөнд саад учруулахгүй, түгжрэл үүсгэхгүй байх үүднээс 21:00 цагаас 07:00 цагийн хооронд гүйцэтгэж байна.
