Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Авто замын зарим төлбөр хураах цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулна

Огноо:

,

Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр (2025.03.18) боллоо. Хурлаар зам тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан салбарын хүрээнд баримталж ажиллах бодлого чиглэл, байр суурь, дэд бүтцийн салбарт шинээр хийгдэх ажлууд, түүнд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, анхаарах шаардлагатай зарим асуудлыг өргөн хүрээтэй хэлэлцлээ.

Шуурхай хуралд харьяа газрын дарга нар 98 хувийн ирцтэй хамрагдаж, салбар тус бүрийн төлөвлөгөөт ажлууд хуваарийн дагуу явагдаж байгааг хэлээд, тулгамдаж буй зарим асуудлаа танилцууллаа.    

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, яаралтай хэрэгжүүлэх, анхаарах шаардлагатай чухал ажлуудыг тодотгон үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, 2025 оны дөрөвдүгээр сарын 01-нээс аймаг, орон нутагт хийх зам засварын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан иргэдийн түр зорчих замын маршрутад анхаарах, нэн ялангуяа хаврын хуурайшилт ихтэй байгаа энэ үед зам засварын ажлаас үүдэн иргэд олон салаа зам гарган дураараа зорчих нь  ой хээрийн түймэр гарах эрсдэл үүсэх,  малын бэлчээр талхлах, гол усны голдрилд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарч ажиллахыг санууллаа.  

Мөн урин дулааны улиралд орон нутгийн замд осол аваар их гарч байгаатай холбогдуулан     Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн Ажлын хэсгийнхэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм журмын хэрэгжилтийг аймаг орон нутагт хэрхэн явж байгаатай танилцах, тэр дундаа  жолоочийн буруутай үйлдэл буюу гэрэл шилжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьж хариуцлага тооцож ажиллахыг онцгойлон анхаарууллаа.  

Түүнчлэн авто замын төлбөр хураах цэгийг цахимжуулж байгаатай холбогдуулан зарим цэгт хяналтын хүмүүсийг давхар ажиллуулж, төлбөр хураамж авах явцыг хянуулахыг үүрэг болголоо.   

Төмөр замын салбарт, Монгол Улсын Засгийн газраас төрийн өмчит компаниудын тоог бууруулах, нэгтгэх, татан буулгах ажлын хүрээнд  “Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам”-ын өдөр тутмын бусад үйл ажиллагаа, салбарын аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг анхааруулаад, ЗТЯ-ны холбогдох албанаас бүтэц орон тоог жигдлэх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.  

Аялал жуулчлалын үе идэвхжиж байгаатай холбогдуулан агаарын тээврийн салбарт “Монголд зочлох жил”-ийн ажлын хүрээнд үйлчилгээний чанар, хүртээмжийг улам сайжруулж ажиллахыг үүрэг болгоод, МИАТ ТӨХК-д үйлчлүүлэгчийн ая тухтай байдлыг хангаж ажиллахыг дахин санууллаа.  

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа

Огноо:

,

Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын Монгол, Энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.

Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.

Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхагийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Огноо:

,

Швейцарийн Бургенстокт АНУ-ын талтай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн мэдэгдлийг эсэргүүцэн хэлэлцээг түр зогсоожээ.

Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираныг Ливан дахь “төлөөлөгчдийн” үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулсан байна. Тэрбээр эс тэгвээс АНУ Ираны эсрэг дахин, илүү хүчтэй цохилт өгч болзошгүй гэж мэдэгджээ.

Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, уулзалтын танхимыг орхисон байна. Улмаар 80 орчим минут үргэлжилж байсан хэлэлцээг түр завсарлуулж, Ираны тал дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ.

Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн сүлжээнд “Тэд үгээ анхааралтай сонгох хэрэгтэй. Манай зэвсэгт хүчин янз бүрийн хэлбэрээр хариу өгөхөд бэлэн байна” гэж бичсэн байна.

Одоогоор талуудын хэлэлцээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ16 цаг 11 минут

Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролц...

Улстөр нийгэм16 цаг 15 минут

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Цаг үе17 цаг 21 минут

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал ...

Цаг үе17 цаг 36 минут

Авлигын эсрэг НҮБ-ын тогтоолыг хэрэгжүүлэх олон улсын арга хэмжээг М...

Цаг үе17 цаг 43 минут

“Дүүжин замын тээвэр” төслийн хоёрдугаар шугамыг хэрэгжүүлэх асу...

Улстөр нийгэм17 цаг 50 минут

БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлд...

Урлаг спорт17 цаг 55 минут

Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" э...

Цаг үе18 цаг 4 минут

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Цаг үе18 цаг 9 минут

БНТУ-тай “Эдийн засгийн тусгай бүс”-ийн хамтын ажиллагааг эрчимж...

Улстөр нийгэм2026/06/22

Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов

Санал болгох