Улстөр нийгэм
2028 он хүртэл орон нутагт 24, нийслэлд 84 сургууль барих шаардлагатай...
УИХ-ын даргын 2024 оны 114 дүгээр захирамжаар байгуулагдсан Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцах, бүх шатны сургуулийн багшийн хомсдолыг бууруулах, үнэлэмжийг дээшлүүлэх болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн менежментийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хуралдлаа.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Галбадрах Боловсролын салбарт хийх шинэчлэлтэй холбоотой асуудлаар хийлгэсэн судалгааны дүнг танилцуулав. Тэрбээр хэлэхдээ, Монголын ерөнхий боловсролын сургуулиудын анхдагч суурь хэрэгцээ болох сургуулийн барилгын норм, стандарт зөрчигдсөнөөс олон сургуульд сургалтын чанар алдагдаад байна. Стандарт мөрдөгдөөгүй, даац хэтэрсэн зэргээс болж багш, хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байгаа тул нэн яаралтай засч залруулах шаардлагатай. Боловсролыг тэргүүлэх салбар болгож, сургалтын чанарыг сайжруулахын тулд сургууль, цэцэрлэгийн барилгын норм, стандартыг мөрдүүлж, сургалт хэвийн явах наад захын нөхцлийг бүрдүүлэх, багшийн хомсдолыг арилгаж, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог болох тогтолцоог нэвтрүүлэх нь зүйтэй. Мөн эдийн засгийн болон оюун санааны хөшүүргийг бий болгох, сургуулиудын бие даасан байдлыг хангах, менежментийг сайжруулж, технологийн коллежийг олноор байгуулах, мега төслүүдийг гардан хийх үндэсний инженерүүдийг бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай хэмээлээ.
Тухайлбал, шилдэг төгсөгчид багш мэргэжил сонгодог нөхцөлийг бүрдүүлэхийн тулд амьжиргааны тэтгэлэг олгох, нийгмийн баталгааг хангах, ажиллах нөхцөлийг сайжруулах нь үр дүнтэй хэмээн судлаачид үзжээ. Сургалтын хүртээмжийг сайжруулах, анги дүүргэлтийг 40-өөс доош болгохын тулд сургуулиуд нэмж барих шаардлагатай гэж үзжээ. 2028 он хүртэл улсын хэмжээнд нийт 108 сургууль барих бөгөөд үүний 24 нь орон нутагт, 84 нь Улаанбаатарт барих хэрэгцээ бий юм байна. Үүнд 1.6 их наяд төгрөг шаардагдах судалгаа гарчээ. Харин багшийн хомсдолыг бууруулахын тулд жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгийн төсвөөр Багшийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 2028 он хүртэл 2000 багштай боломж бий гэж тооцоолсон байна. Үүнд “Шилдэг төгсөгч төрөлх сургуульдаа” "Нөөц багш бүрдүүлэх", "Ипотекийн зээл", "Багшийн карьерыг дэмжих" хөтөлбөрүүд хэрэгжүүлж, багшийн мэргэжлийг сонгон суралцсан төгсөгч болон багшийн мэргэжилтэй ч өөр чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүдээс нөөц бүрдүүлж хомсдолыг бууруулах боломжтой гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Р.Батболд, бага сургуулийн цогцолборын хэрэгцээ шаардлагыг тодорхой болгох, УИХ-ын гишүүн О.Саранчулуун хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар, ойрын жилүүдэд тэтгэвэрт гарах багшийн тоо, багшийн туслах, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах боломжтой багшийн тоог нарийвчлан тооцохыг, УИХ-ын гишүүн Б.Хэрлэн багш мэргэжлээр төгсөгчдийн орон нутагт нь ажиллах хугацааг сунгах, багшийн хомсдолыг мэргэжил тус бүрээр нь гаргах, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар тус тус санал хэлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн даргыг албан ёсоор угтаж авлаа
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
-
Цаг үе2021/03/24
Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/01/11
Иргэн, ААН-ийн авсан зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төсл...
-
Цаг үе2023/03/29
Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт, шалгалт явуулж ...
-
Улстөр нийгэм2020/12/07
Шинжилгээ өгсөн 63 орчим мянган хүний 21 мянга гаруй нь нутаг буцаад байна
