Цаг үе
Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна
Өнөөдөр 08:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний урд замд ачааны тээврийн хэрэгсэл авто замын барилга байгууламж буюу хашлага мөргөн, эвдрэл учруулж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан.
Тээврийн цагдаагийн албанаас шалгалтын ажиллагаа явуулж, тээврийн хэрэгслийн улсын дугаар болон жолоочийг олж тогтоосон. Ослын газарт нөхөн үзлэг хийж, хариуцлагын арга хэмжээг тогтоох шалгалт хийж байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлж байна. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн гомдол мэдээллийн дагуу тавдугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу нэвтэрч буй том оврын тээврийн хэрэгслийг шалган зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолооч нарт Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ авч ажилласан.
Шалгалтын явцад том оврын тээврийн хэрэгсэлтэй жолооч нар замын хөдөлгөөнд оролцох үедээ тээврийн хэрэгслийн жин тонн хэтрүүлсэн, зам, замын байгууламжид эвдрэл үүсгэсэн, хучлагагүй ачаа тээвэрлэж, замын зорчих хэсэг бохирдуулсан, замын зорчих хэсгээр шороо болон зуурмаг асгасан зэрэг зөрчил илэрснийг арилгуулсан байна.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын авто замуудын хайс, тоноглол, тэмдэг, хурд сааруулагчийг тээврийн хэрэгсэл мөргөж эвдэх тохиолдол нэмэгдэж байна. Гэтэл засвар арчлалтын хөрөнгийг нийслэлийн Замын сангаас гаргадаг. Тодруулбал, 2024 онд 903 авто замын тэмдэг, 2176 тэмдэг арчлалт, 380 ам.метр хурд сааруулагч, 380 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ эвдэрснийг зассан. Эвдрэл гэмтлийн тоо өсөж, улмаар 2025 онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр хотын гол болон туслах гудамж замуудад 2550 авто замын тэмдэг, 2620 тэмдэг арчлалт, 1000 ам.метр хурд сааруулагч, 1000 ам.метр хурд сааруулагчийн тэмдэглэгээ, 3000 метр хайс, тоноглолыг засахаар төлөвлөсөн.
Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгсэл, ялангуяа том оврын тээврийн хэрэгсэл авто замын эд ангиудыг эвдэх зөрчил нэмэгдэж байгаа учраас жолооч та бүхэн авто замын эд ангид гамтай хандаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Цаг үе2019/09/24
Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан
-
Урлаг спорт2024/07/31
“Даншиг наадам - Хүрээ цам” шашин соёлын наадмын хөтөлбөрийг танилцу...
-
Цаг үе2025/03/19
Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт бол...
-
Цаг үе2022/11/08
С.Энхболд: ЭХЭМҮТ нь олон улсын жишигт нийцсэн төрөх тасагтай боллоо
