Улстөр нийгэм
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Огцрох амархан” жагсаалын жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 29-ний өдөр “Огцрох амархан” жагсаалын жагсагчдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Б.Жаргалан, Г.Уянгахишиг, П.Сайнзориг, Д.Пүрэвдаваа, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар оролцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан жагсагчдын шаардлагад хүндэтгэлтэй хандаж буйгаа илэрхийлээд, 126 гишүүнтэй, олон намын төлөөлөл бүхий шинэ парламент олон нийтийн дуу хоолой, эрх чөлөөг хангахад чиглэн ажиллаж буйгаа онцоллоо. Энэ удаагийн парламент нь анх удаа сонгогдсон олон гишүүдтэй, таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн тул аливаа асуудалд нээлттэй хандаж, олон ургальч байдлаар, хуульд заасан процессын дагуу хэлэлцэнэ гэдгийг тодотгов.
Жагсагчдын төлөөллийн зүгээс шударга ёс ярьж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдын асуудал бухимдал үүсгэсэн учраас залуучууд жагсаал хийж эхэлсэн бөгөөд бидний төлөөлөл УИХ-д хандах нь зүйтэй гэсэн байр сууриар уулзах хүсэлтээ илэрхийлсэн. Уг хүсэлтийг хүлээн авч уулзаж буйд талархалтай байгаагаа илэрхийллээ.
Бидний хувьд 3 шаардлагыг тавьж байна. Нэгдүгээрт, Ерөнхий сайд хариуцлага хүлээж ажлаа өгөх, хоёрдугаарт, эвслийн Засгийн газрыг дэмжихгүй бөгөөд парламент сөрөг хүчинтэй байх, гуравдугаарт, Үндсэн хуулийн аливаа өөрчлөлтийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл парламент хяналтын чиг үүргээ сайжруулж, хүчний тэнцвэрээ хадгалах, сөрөг хүчинтэйгээр ажиллах ёстой гэлээ.
УИХ-ын даргын зүгээс жагсагчдын УИХ-ын хяналтын тогтолцоог сайжруулах гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Ерөнхий сайдын өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх хуулийн цаг эхэлснийг онцлов. Уг тогтоолын төслийг Байнгын хороо гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэх бөгөөд арав хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гарагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж, үргэлжлүүлэн Пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байна гэлээ. УИХ-ын гишүүдийн зүгээс жагсагчдын тавьж буй шаардлага, асуултуудыг УИХ-ын 126 гишүүн бүгд чуулганы нэгдсэн хуралдаанаар асууж, хариулт авна гэдгийг тодотголоо. Жагсагчдын хувьд бидний сонгосон парламентын төлөөлөл хүлээн авч уулзаж, хуулийн процессын талаар мэдээлэл өгч буй нь парламентад итгэх итгэл үнэмшил нэмэгдэж байна гэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
