Улстөр нийгэм
Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын чуулганы 2025 оны тавдугаар сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.
Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал хийлээ. Тус Байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дэх нэр томьёог Эрүүгийн хуулийн бусад зүйл, хэсэг дэх нэр, томьёотой жигдлэх, төслийн нэгдүгээр зүйл буюу 20.18, 20.19 дүгээр зүйлтэй холбогдуулан зарим найруулгын саналаар дахин санал хураах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 2/3 нь дэмжсэн байна. Улмаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед санал хурааж олонхын дэмжлэг авсан саналуудыг нэмж тусган, хуулийн төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дарааллын жигдлэн, хууль зүйн техникийн засваруудыг хийж эцсийн хувилбарыг бэлтгэжээ.
Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, О.Номинчимэг нар цахим мөрийтэй тоглоомын хохирлын хэмжээ, олон нийтэд ил болгосон баримтууд, мөн цахим мөрийтэй тоглоомыг хориглох техникийн боломж, хууль бус гүйлгээг эргүүлэн татах бололцоо, хуулийг бүрэн хэрэгжүүлэх боломж нөхцөл бий эсэх талаар асууж, хууль боловсруулах техник шаардлагыг хангаж ажиллахыг зөвлөв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явууллаа. Зарчмын зөрүүтэй саналуудыг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Улстөр нийгэм
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа
Гадаад харилцааны сайдын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Др. С.Жайшанкар, сайд Б.Батцэцэг, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын Монгол, Энэтхэгийн албаны хүмүүс энэ сарын 23-нд Энэтхэг Улсын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Газрын тосны үйлдвэрийн явцтай танилцлаа.

Төлөөлөгчдийг Сайншанд хотын удирдлага, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, компанийн инженер техникийн ажилтан, хамт олон найрсгаар угтан авав.
Захирал Д.Алтанцэцэг төслийн явц байдал, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав. Тэрээр үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд ангиуд, ган хийцүүд үйлдвэрийн талбайд бууж, угсралтууд хийгдэж байгаа гэж ярив. Мөн үйлвэрийн гол байгууламж болох нэрэх цамхагийн хэсгүүд өнгөрсөн сарын сүүлчээр үйлдвэрийн талбайд бууж, одоо угсарч эхэлсэн байна. Сонирхуулахад цамхагийн өндөр нь 58,4 метр, диаметр нь 3,2 м, жин нь 245 тонн гэжээ. Мөн 520 гаруй км урт түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт 90 шахам хувьтай яваа аж.

Гадаад хэргийн сайд С.Жайшанкар төслийн явцын талаар мэдээлэлтэй байсан ч өөрөө газар дээр нь ирж танилцсандаа сэтгэл хангалуун байна гээд Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн бодит илэрхийлэл болсон уг төслийг төлөвлөсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлэхэд Энэтхэгийн Засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Улстөр нийгэм
Трампын мэдэгдлийн дараа Ираны төлөөлөгчид хэлэлцээг түр зогсоов
Швейцарийн Бургенстокт АНУ-ын талтай хэлэлцээ хийж байсан Ираны төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Ираны эсрэг хийсэн заналхийлсэн мэдэгдлийг эсэргүүцэн хэлэлцээг түр зогсоожээ.
Трамп олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ираныг Ливан дахь “төлөөлөгчдийн” үйл ажиллагаагаа нэн даруй зогсоох ёстой гэж анхааруулсан байна. Тэрбээр эс тэгвээс АНУ Ираны эсрэг дахин, илүү хүчтэй цохилт өгч болзошгүй гэж мэдэгджээ.
Ираны хэвлэлүүдийн мэдээлснээр, тус улсын төлөөлөгчид АНУ-ын талд эсэргүүцлээ илэрхийлж, уулзалтын танхимыг орхисон байна. Улмаар 80 орчим минут үргэлжилж байсан хэлэлцээг түр завсарлуулж, Ираны тал дотоод зөвлөлдөх уулзалт хийжээ.
Ираны төлөөлөгчдийн тэргүүн, Парламентын дарга Мохаммед Багер Галибаф олон нийтийн сүлжээнд “Тэд үгээ анхааралтай сонгох хэрэгтэй. Манай зэвсэгт хүчин янз бүрийн хэлбэрээр хариу өгөхөд бэлэн байна” гэж бичсэн байна.
Одоогоор талуудын хэлэлцээ цааш үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо “Зуны Давос” чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор /2026. 06.22/ мордлоо.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж, дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж ирсэн.
Дэлхийн эдийн засаг, инновац, дэвшилтэт технологи, тогтвортой хөгжлийн асуудлаарх Азийн бүс нутгийн нэр хүндтэй олон улсын платформ болон хөгжиж байна.
-
Цаг үе2021/03/25
Эх орондоо буцах хүсэлтэй иргэдийн анхааралд
-
Цаг үе2019/09/04
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
-
Урлаг спорт2023/02/10
“Өвлийн Алтаргана-2023” наадам Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд бол...
-
Цаг үе2024/09/30
Хасах 40 хэмд ч тэсвэртэй газрын лед гэрлэн дохиог гурван байршилд суурилууллаа
