Урлаг спорт
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
Улаанбаатар хотноо болсон Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид мөнгөн медаль хүртлээ. Энэхүү баярт мэдээг хүлээн авсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэлээ.
Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Дэлхийн аваргад багийн спортоор түүхэн дээд амжилт гаргаж, төрийн алтан соёмбот далбаагаа мандуулж, Монгол эмэгтэйчүүд ямар байдгийг дэлхийд зарлан тунхагласан Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багтаа төр, түмнийхээ өмнөөс халуун баяр хүргэе!
Монголын төр, ард түмэн Монгол эх орон монгол охид Та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэн минь уйгагүй хөдөлмөр, эвийн хүчээрээ дэлхийн дэвжээнд Монголоо гоёлоо. Хоёрхон жилийн өмнөх ДАШТ-д 20 багаас 18-р байранд орж байсан манай охид олимп, дэлхийн аваргуудыг дараалан ялсаар, дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ.
Монголчууд атгасан гар шиг эв эетэй байхдаа бахдам түүх бүтээж чаддагийг энэ торгон мөчүүд яруу тодоор батлан харуулж байна. Аугаа амжилт ялалтыг бүтээсэн баг, хамт олон Та бүхнийг монгол төр үнэлэх болно.
Амжилтаа улам ахиулж Олимп, дэлхийн аварга болж алтан соёмбот төрийн далбаагаа тун удахгүй дахин улам өндөрт мандуулахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье." гэжээ.
Урлаг спорт
Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан "Цайны замын авто ралли" эхэллээ
Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, соёлын солилцоог бэхжүүлэх, "Цайны зам" олон улсын брэндийн нөлөөг нэмэгдүүлэх, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг аялал жуулчлалд түшиглэн идэвхжүүлэх зорилготой "Цайны замын нэрэмжит авто ралли-2026" албан ёсоор эхэллээ.

Дорноговь, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар болон "Марко Поло" ХХК-ийн хамтран зохион байгуулж буй тус ралли 2026 оны 06 дугаар сарын 20-ноос 30-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аяллын цуваа БНХАУ-ын Эрээн хотоос гарч, манай улсын "Цайны зам" дагуух зургаан аймгийн нутгаар дамжин ОХУ-ын Улаан-Үд хотноо барианд орох маршруттай бөгөөд улс тус бүрээс авто спорт сонирхогч тамирчдын 10 автомашин, нийт 75 гаруй хүн бүхий аяллын баг, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож байна.

Тус автомашинтай брэнд аяллыг зохион байгуулах шийдвэрийг гурван орны Аялал жуулчлалын сайд нарын 2025 онд Дархан-Уул аймагт хийсэн IX уулзалтын үеэр гаргасан бөгөөд энэхүү санаачилгыг Монголын улсын талаас ийнхүү ажил хэрэг болгож байна.

Агуу их Цайны зам" (The Great Tea Road) нь 17-19 дүгээр зууны үед Ази, Европыг холбосон худалдааны гол замуудын нэг байсан бөгөөд Хятадаас эхлэн Монголын тал нутгаар дайрч Орос руу хүрдэг байв. Энэхүү авто ралли нь уг түүхэн замыг орчин үед сэргээн сануулах зорилготой бөгөөд анх 2016 оны зун БНХАУ-ын Эрээн хотоос ОХУ-ын Улаан-Үд хот хүртэл амжилттай зохион байгуулагдаж байв.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсыг олон улсад сурталчлах, хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Урлаг спорт
МҮОНТ "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" киног үзэгчдэд хүргэнэ
МҮОНТ-ийн уран бүтээлчид Польшийн үндэсний TVP телевизийн урилгаар Польш улсад ажиллаж байна.
Энэ үеэр Польш улсад суугаа Элчин сайд Н.Оюундарь болон Польшийн Үндэсний телевизийн захирал Павел Яблоньскитай уулзав.

Уулзалтаар Польш болон Монголын өв соёл, ахуй амьдрал, үндэстний онцлогийг харуулсан бүтээлүүдийг солилцохоор боллоо.
МҮОНТ, "Дэлхийн морьтнууд" төслийн хамтран бүтээсэн "Зөн дагасан монгол адуу" баримтат киног долоодугаар сарын 13-нд Дэлхийн адууны өдрөөр Польш улсын үзэгчдийн хүртээл болгоно.

Харин МҮОНТ Монголын үзэгчдийн сэтгэлд хоногшсон Польшийн уран сайхны "Нохойтой дөрвөн танкчин", "Яношик", "Аминаас чухал үйлс" зэрэг кинонуудыг албан ёсны эрхтэй, дуу, дүрсний өндөр чанартайгаар үзэгчдэд хүргэхээр боллоо.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
-
Цаг үе2021/11/09
Машин ачилтын журамд оруулах өөрчлөлтийн саналыг танилцуулав
-
Улстөр нийгэм2020/12/11
ТББХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцү...
-
Цаг үе2025/06/16
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
-
Цаг үе2022/08/30
“Нэгдсэн хотууд болон орон нутгийн удирдлагын Дэлхийн конгресс” арав...
