Цаг үе
"Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025" нэгдсэн арга хэмжээ даваа гарагт эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын ХХААБ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд болно. Энэ арга хэмжээ 20 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Эх орны хөрсөнд ургасан эрүүл, баталгаатай, шинэхэн хүнсний ногоо, дотоодын хүнсний үйлдвэрүүдийн мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчид хэрэглэгчдийн гарт хүргэнэ. “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2025” нэгдсэн арга хэмжээн долоон хоног үргэлжилнэ.
Цаг үе
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хуралд дэлхийн 100 гаруй орны төлөөлөгч оролцоно
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны есдүгээр сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болсон.
Дэлхийн 100 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорил, тэдгээрийг шийдвэрлэх, арга зам, шийдлүүдийг хэлэлцэх юм.
Уг хуралдаан манай улсад ямар хамааралтай болоод ач холбогдол, боломжийг бий болгох вэ?
- Монгол Улс цөлжилттэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож буйгаа харуулах, таниулах боломжийг олгоно. Энэ нь аялал жуулчлал, гадаад хамтын ажиллагаанд эерэг нөлөөтэй.
- Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлийн бодлого, үйл ажиллагааны менежмент арга барилуудыг таниулах болон бусад улсын туршлагаас суралцах боломжтой.
- Газар, бэлчээрийн зохистой ашиглалт болон цөлжилттэй тэмцэх арга барил зэрэг байгаль орчны төсөл, хөтөлбөрүүдэд шинэ хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
- Байгаль орчны салбарт олон улсын хамтын ажиллагаа өргөжнө. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан, инновац, техник технологийн сайн туршлагыг судлах, мэдлэг солилцох, туршлага хуваалцах, эх орондоо нэвтрүүлэх боломж бүрдэнэ.
- Олон улсын зочид, төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэнд монголын түүх, соёл уламжлалыг сурталчлах таниулах боломжтой.
- Аялал жуулчлал, үзвэр үйлчилгээ, тээврийн салбарын эдийн засгийг өсгөнө.
- Олон улсын хурлын хүрээнд өрнөх сайн дурын ажил, соёлын үйл ажиллагаа, нийгмийн кампанит ажилд иргэд оролцох буюу түр ажлын байр нэмэгдэнэ.
Тиймээс СОР17 нь зөвхөн төрийн оролцоотой олон улсын байгууллагын хурал бус зохион байгуулагч Монгол Улс, монголчуудад олон боломж олгох томоохон үйл явдал юм.
Цаг үе
Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил үргэлжилж байна.
Энэ хүрээнд Наадамчдын авто замыг Эрчим хүчний гудамжтай холбосон авто замын уулзвараас Хөсөг трейдийн баруун урд талын уулзвар хүртэлх 1.3 км авто замыг хааж, энэ амралтын өдрүүдэд шинэчилнэ.
- Зам хаах: 9 дүгээр сарын 19-ний 23:00 цагт
- Зам нээх: 9 дүгээр сарын 21-ний 06:00 цаг
Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
Цаг үе
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа
НИТХ-ын дарга А.Баяраар ахлуулсан авто замын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийнхэн Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын газар, ЗХУТ, Тээврийн цагдаагийн алба, дүүргийн холбогдох хэлтсийн ажилчид уулзалтад оролцлоо. Тэд нийслэлд болон дүүргийнхээ хэмжээнд хийж хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ, бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй танилцаж, өөрсдийн саналаа дэвшүүлж, шаардлагатай төсвийг нь ирэх оны төсөвт суулгахад анхаарна уу гэлээ. Тус дүүрэг 19 хороотой, үүнээс 6 хороо нь байшин, 13 хороо нь гэр хороолол юм.
НИТХ-ын дарга А.Баяр нийслэлд хийж хэрэгжүүлэх онцлох бүтээн байгуулалт, дэд бүтэц, авто замын трассыг танилцуулж, тус дүүргийн тухайд хаана, ямар бүтээн байгуулалт хийх боломжтой вэ, ирэх жилүүдэд зураг төсөв нь бэлэн ямар ажил байна, ирэх онд хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэх, газар чөлөөлж хийх шаардлагатай трасс, төсөл хөтөлбөр бий эсэхтэй танилцлаа. НИТХ-ын дарга А.Баяр “Улаанбаатар хот агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтэц гэсэн гурван тулгамдсан асуудал руугаа төвлөрч ажиллана. Энэ гурван том бэрхшээлээ даван туулахын тулд 24 мега төслийг хэрэгжүүлнэ. Авто замын түгжрэлийн эсрэг 10, агаарын бохирдлыг бууруулахын тулд 6 ажил хийнэ. Үүнээс түгжрэлийг бууруулах чиглэлд хийхээр төлөвлөсөн 10 ажлыг онцгойлон танилцуулъя” гэлээ.
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр “Манай дүүрэг нэлээд уулархаг учраас, холбоос замуудтай. Тиймээс одоо байгаа зам болон туслах замаа өргөсгөх, гол замуудаа холбох, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах хэрэгцээ бий. Нийслэлээс хийж хэрэгжүүлэх тойрог хурдын замтай энэхүү ажлаа уялдуулах гэж хичээсэн.
Шинэчлэл хорооллын авто замаас дүүргийн нэгдсэн эмнэлэг хүртэл
149 дүгээр сургуулиас тойрог авто зам хүртэл
49 дүгээр сургуулийн авто замаас XV хороо, Жаргалантын 48 дугаар гудамж хүртэл
“Хүчит шонхрын уулзвараас АШУИС-ийн гүүр хүртэл
Дэнжийн мянга-Хайлаастыг холбосон шинэ зам,
XVIII хороо(Яргайт-16)-XV хороо (Жаргалант-32) гэсэн 6 хэсэгт авто замын холбоос хийх шаардлагатай гэдгийг танилцууллаа. Мөн зраг төсөв батлагдсан 4 төсөл бий гэдгээ танилцууллаа. Үүнд,
Баянбүрдийн тойргоос Дэнжийн 24 дүгээр сургууль хүртэл
Самбалхүндэвийн эргэмжийн газрын авто замтай нийлэх чулуун болон хатуу хучилттай авто зам
103 дугаар цэцэрлэгээс Чингэлтэйн гудамж хүртэлх авто зам
Дамбын гүүрнээс 117 дугаар сургууль хүртэлх далан дагуух авто зам гэнэ. Эдгээр зам болон холбоос замуудаа хийчихвэл түгжрэлийг сааруулахад хэрэгтэй ажил болно гэж үзэж буй аж.
НИТХ-ын дарга А.Баяр “Re-Engineering, BRT, Олон түвшний уулзвар, Явган хүний гүүрэн болон нүхэн гарц, камержуулалт, явган болон дугуйн зам, авто зогсоол, бусад, захиргааны арга хэмжээ, боловсролын байгууллага зэрэг 10 чиглэлд анхаарч ажиллаж чадвал Нийслэл түгжрэл болон утааг бууруулах чиглэлд үсрэнгүй амжилт олно” гэдгийг тодотголоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА