Цаг үе
Ч.Төгсдэлгэр: Гандан орчмын 1.7 га газарт жишиг гудамж байгуулна
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн аялал жуулчлалын томоохон бүс болох Гандантэгчэнлин хийд орчимд энэ жил дэд бүтцийн хэд хэдэн ажлыг эрчимтэй хийсэн. Мөн Гандан орчмын жишиг гудамжны тохижилт, бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хийж, газрыг чөлөөлж байна. Гандан орчмын 55 га нутаг дэвсгэрт 5700 орчим өрх амьдарч байна. Мөн 170 ААН үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь Гандан орчмыг жишиг гудамж болгон хөгжүүлэх талаар хэд хэдэн төлөвлөгөө гарсан байдаг ч харамсалтай нь хэрэгжээгүй. Бид Гандангийн зүүн төв хаалгаас чанх урагшаа 1.7 га орчим газрыг чөлөөлж, жишиг гудамж хийхээр төлөвлөөд байна. Үүнд нийт 55 нэгж талбар өртөж байгаа юм.

Газар чөлөөлөлтийн явц маш сайн байна. Одоо гурван нэгж талбар чөлөөлөгдөөгүй байна. Өмнө хийгдэж байсан төлөвлөлтүүд хэрэгжээгүй шалтгаан нь газар чөлөөлөлтийн асуудал байсан. Ингээд газар чөлөөлөлтийн асуудлаар иргэдтэй зөвшилцөлд хүрч байгаа учир ирэх хавар тохижилтын ажлыг эхлүүлнэ. Тус тохижилтод иргэд, ААН-үүдийн оролцоо чухал. Энд олон жил оршин суусан, үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, ААН-үүдийнхээ саналыг сонсож, мөн төлөвлөлтийн талаар нэгдсэн ойлголттой байвал энэ төсөл амжилттай хэрэгжинэ. Гандан орчим нь худалдаа үйлчилгээ, аялал жуулчлалын бүс болон хөгжих бүрэн боломжтой гэж харж, төлөвлөлтүүдийг хийсэн. Энэ бол маш том аялал жуулчлалын бүс. Үүнийг улам бүр хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхдээ байшин, гудамжууд нь төв Гандангийнхаа архитектурын ерөнхий шийдлийг барьсан, орчин үеийн хэв загвартай, жигд байх ёстой гэж төлөвлөсөн. Мөн түүхэн дурсгалт газар учир түүхэн дурсгалт барилгуудын сүр барааг дарахгүйгээр хэвээр нь хадгалж авч үлдэх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа юм. Гандан, Тасганы овоо орчим нь аялал жуулчлал талаасаа түүхэн чухал ач холбогдолтой байршил юм” гэлээ.
Хот төлөвлөлт Судалгааны институтын архитектор С.Ууганбаяр “Гандангийн зүүн өргөн чөлөө эрт үеэсээ их өргөн гудамж байсан. Сүүлийн жилүүдэд айлууд түрээд нарийссан. Жишиг гудамж болгохдоо хуучин төрхийг нь хадгалж, сэргээн иргэд чөлөөт цагаа өнгөрөөхөд тухтай болгохоор төлөвлөсөн. Энэ гудамж байгуулагдсанаар түүх соёлын өндөр ач холбогдолтой бөгөөд ААН-ийн бизнесийг дэмжиж, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилготой. Энэ өргөн чөлөө нь Урт цагааны гудамж замтай холбогдох юм” гэв.






Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




-
Цаг үе2022/02/14
Өнөөдөр ихэнх нутгаар салхитай, хүйтэн байна
-
Цаг үе2025/02/05
Монгол, Азербайжан улсын зам тээврийн салбарын харилцаа хамтын ажиллагааг бүх са...
-
Шударга мэдээ2023/10/03
ШӨХТГ-аас торгосон 20 сая төгрөгийг “Хасбанк” төлжээ
-
Улстөр нийгэм2021/03/26
Төрийн банкны бүх гүйлгээ 03-р сарын 27-ны 00:00 цагаас 28-ны 12:00 цаг хүртэл т...
