Улстөр нийгэм
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ дэмжлээ
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсаас гадаадын зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ.
Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд танилцуулав.
Зөвшилцөх саналд:
- Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдинсүрэнгийн Даваасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигзэвэгийн Тэнгэрийг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мижиддоржийн Цэнгэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доржраагийн Мөнхтөрийг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүхийн Баярсайханыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лхагвасүрэнгийн Саянааг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Авирмидын Баттөрийг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганбаатарын Хуланг;
- Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бирваагийн Мандахбилэгийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жагдагийн Оюунбаатарыг;
- Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Энхтүвшингийн Булганыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Доньжчимбуугийн Бямбадоржийг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэрэндоржийн Нарантунгалагийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дансрангийн Булганыг;
- Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баттөмөрийн Энхсүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Доржийн Баярхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Батжаргалыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Содномын Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дэмчигийн Тэгшжаргалыг;
- Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшинг эгүүлэн татаж, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дуламсүрэнгийн Давааг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сосорбарамын Энхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ганболдын Уянгыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Гомбосүрэнгийн Мөнхбаярыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Очирын Лхагвасүрэнг;
- Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сайннямбуугийн Баатаржавыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямцэрэнгийн Энхтайваныг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Уламбаярын Нямхүүг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэндийн Мөнх-Оргилыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүхийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батсайханы Болормааг;
- Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шижээхүүгийн Одонбаатарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Амгалангийн Анандыг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамбажавын Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанжавын Өлзийтийг;
- Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Амарсанаагийн Төмөрийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Вашагийн Оюуг;
- Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жамсрангийн Бямбасүрэнг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөр нарыг тус тус томилохоор тусгасан юм.
Улстөр нийгэм
COP-17 хурлыг өндөр түвшинд зохион байгуулахыг Ерөнхий сайд үүрэг болгов
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион байгуулах чиг үүрэгтэй 12 дэд хорооны дарга болон холбогдох албан тушаалтнуудтай Ерөнхий сайд Н.Учрал уулзаж, бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл авлаа.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлыг Монгол Улсад зохион байгуулж буй нь гадаадын хөрөнгө оруулалт татах боломж гэдгийг онцолж, ялангуяа ногоон дэд бүтцийг дэмжих хөрөнгө оруулагчдыг урьж буйгаа илэрхийлэх чухал индэр болох ёстойг тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлд анхаарал хандуулж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд ач холбогдол өгч буйгаа харуулах учраас хурлыг өндөр түвшинд, алдаа зөрчилгүй зохион байгуулахыг анхаарууллаа.
Мөн хурлын санхүүжилтийг олон нийтэд ил тод байлгаж, зохион байгуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирыг Засгийн газрын хуралдаан бүрд бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийхийг үүрэг болголоо. Засгийн газрын гишүүдийг уялдаа холбоотой хамтран ажиллах шаардлагатайг онцолсон байна.
Одоогийн байдлаар хурлын бэлтгэл ажил 43 хувьтай бөгөөд төлөвлөлтийн шатнаас хэрэгжилтийн шатанд шилжсэн гэж мэдээлэв.
Хурлын үеэр гадаад, дотоодын нийт 10 мянга орчим зочин оролцохоор төлөвлөж байна. Хичээлийн шинэ жилийн өмнөх өдрүүдтэй давхцаж байгаа тул ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг эхний өдрүүдэд цахим хэлбэрт шилжүүлэх, их, дээд сургуулийн хичээл эхлэх хугацааг нэгээс хоёр долоо хоногоор хойшлуулах асуудлыг судалж байна.
Улстөр нийгэм
Монгол Улс, НҮБ хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ногоон хөгжлийг дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиерден болон НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын удирдлагын багийг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны явц, ололт амжилт, цаашдын чиглэлийн талаар санал солилцлоо. Тэрбээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, нийгэм, эдийн засагт бодит үр дүн гаргахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон түүний баг хамт олон чухал хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв. Геополитикийн зөрчил, улс орнуудын мөргөлдөөн олон улсын харилцаанд тодорхойгүй, тогтворгүй байдал үүсгэж буй энэ үед дэлхий нийтийн үйл хэрэгт НҮБ-ын үүрэг, оролцоо улам бүр чухал болж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Мөн энэ онд Монгол Улс НҮБ-д элссэний 65 жилийн ой тохиож байгааг дурдаж, ойн хүрээнд хамтран зохион байгуулах арга хэмжээнүүдэд онцгой ач холбогдол өгч буйгаа тэмдэглэв.
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж байгааг онцолж, хүний хөгжлийг бодлогын цөм болгон, цахим шилжилтийг хурдасгах, ногоон хөгжилд инновац, хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчны доройтлыг сааруулж, нөхөн сэргээх чиглэлд тууштай ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, сэргээгдэх эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжих ач холбогдол бүхий тогтоол баталсныг онцлов.
“Монгол Улс–НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023–2027” хөтөлбөрийн хэрэгжилтийг талууд сайшаан үнэлж, цаашид илүү үр дүнтэй, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхэд санал нэгдсэн байна. НҮБ-аас Монгол Улсад 2028–2032 онд хэрэгжүүлэх таван жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулна гэдгийг Суурин зохицуулагч Яап ван Хиерден илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар ногоон хөгжлийг бодлогын тэргүүлэх чиглэл болгож байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлд гаргаж буй шийдвэрүүд нь НҮБ-ын бодлого, зорилттой нийцэж байгааг тэмдэглэв.
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл хангахад НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар болон төрөлжсөн байгууллагууд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлж, бэлтгэл ажлыг эрчимжүүлж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллана гэлээ.
Улстөр нийгэм
Эмийн чанарын хяналтыг бүрэн хангах Үндэсний лавлагаа лабораторитой болно
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ч.Энхболд, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте нар Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн хэрэгжилттэй танилцлаа.
Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд 2025 оны аравдугаар сараас эхэлсэн барилга угсралт, засвар шинэчлэл, тавилга угсралтын ажил төлөвлөсөн хугацаандаа бүрэн дуусч, одоогоор батлагдсан хуваарийн дагуу тоног төхөөрөмжийн суурилуулалт, нүүлгэлтийн ажил үргэлжилж байна.
Одоогийн байдлаар эм шинжлэх лаборатори жилд 2000-2500 дээжид шинжилгээ хийж, шинжилгээний хүлээгдлийн хугацаа 90-100 хоног байна.
Харин Үндэсний лавлагаа лаборатори ашиглалтад орсноор хүчин чадал 2 дахин нэмэгдэж, шинжилгээний хүлээгдэл мэдэгдэхүйц буурах юм. Ингэснээр Монгол Улс эмийн чанар, аюулгүй байдлын хяналтыг илүү бүрэн хангах боломж бүрдэнэ.
Төслийн хүрээнд нийт 884 м.кв талбай бүхий лабораторийн барилгыг батлагдсан зураг төслийн дагуу барьж байгуулсан бөгөөд оффис, микробиологийн лаборатори, химийн лаборатори гэсэн гурван хэсгээс бүрдэж байна. Лабораторид дөрвөн төрлийн хий, галын дохиоллын систем, галыг хийгээр унтраах систем, агааржуулалт, хөргөлтийн систем, нэрмэл усны систем, холбоо дохиолол, камерын хяналт, зарлан мэдээлэх систем зэрэг орчин үеийн инженерийн шийдлүүдийг бүрэн суурилуулсан байна. Барилга угсралтын ажлыг М-Си-Эс Проперти ХХК гүйцэтгэсэн.
Энэхүү лабораторийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 1.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар шинэчилж байгаа бөгөөд барилгын зураг төсөл, барилга угсралтын ажил, тавилга болон багаж, тоног төхөөрөмж нийлүүлэх бүх ажлыг тус байгууллага хариуцан зохион байгуулж байна.
Тодруулбал, олон улсын стандартад нийцсэн Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторид шаардлагатай 45 нэр төрлийн 78 төрлийн багаж, тоног төхөөрөмж болон туслах хэрэгслийг нийлүүлж, ажилтнууд, шинжээчдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Төсөл бүрэн хэрэгжиж дууссанаар:
- Жилд шинжилгээ хийх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ
- Шинжилгээний нэр төрөл нэмэгдэнэ
- Эмийн чанар, аюулгүй байдлын үнэлгээг илүү хурдан, үр дүнтэй хийх боломж бүрдэнэ
- Шинжилгээний хүлээгдлийн хугацаа богиносно
- Шинжилгээний илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна
- Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага-ын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдана
- Дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэнэ
Ийнхүү Үндэсний лавлагаа лабораторийг байгуулснаар Монгол Улс эмийн чанарын хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, иргэдийг аюулгүй, чанартай эмээр хангах чухал нөхцөл бүрдэж байна.
-
Цаг үе2020/07/31
УОК: Иргэд, олон нийтийн зүгээс ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье
-
Цаг үе2026/01/14
Иран улсад зорчихоор төлөвлөж байгаа болон оршин суугч иргэдийн анхааралд...
-
Улстөр нийгэм2019/08/09
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт ...
-
Шударга мэдээ2020/05/22
БНСУ-д суралцах оюутнуудын анхааралд
