Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хүн худалдаалах хэргийг шүүхэд шилжүүлжээ

Огноо:

,

Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 47,803 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ.  Дээрх хугацаанд 1,184 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн 750 хэрэг шинээр нээж, 206 хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдсэн байна.

Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 32, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 73, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг тус бүр 5, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг, Авлигын гэмт хэрэг тус бүр 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг болон Эдийн засгийн гэмт хэрэг тус бүр 2, Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 1 байна.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал

-Б.Г нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын байдлаар урвуулан ашиглаж, Иргэний болон харуул, хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан иргэдийн төлбөрийг өөрийн хувийн дансаараа авсан, итгэмжлэн хариуцуулсан 1 ширхэг галт зэвсгийг гэртээ хадгалж, хувьдаа завшсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 /Хөрөнгө завших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дүүргийн Эрүү Иргэний хялбар ажаиллагааны анхан шатны тойргийн шүүхэд,

-Г.Г нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж орон нутгийн удирдлагын тогтоол, шийдвэрээр нэр бүхий компанийн нэр дээр олгогдсон газрын зориулалтыг болон байршлыг хууль бусаар өөрчлөн газрыг хэсэгчлэн бусдад шилжүүлэн, давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,

-С.З нь фэйсбүүк цахим хаягаараа насанд хүрээгүй хүнтэй харилцаж, “нүцгэн видео дуудлага хийвэл мөнгө өгнө” хэмээн, харилцах явцдаа зургийг нь авч, мөнгө өгөхгүй бол нууцыг нь чинь дэлгэнэ хэмээн сүрдүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 12.3 дугаар зүйлийн 2.1 /Бэлгийн мөлжлөг/, Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, Эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Х.Н нь нэр бүхий охидын биеийг нь үнэлүүлэх зорилгоор “Малайз улсад өндөр цалинтай ажил байна, би замын зардлыг нь даана, цалин дээрээсээ суутгуулж болно” гэж хууран мэхэлж, эдийн засгийн эмзэг байдлыг нь далимдуулан хил нэвтрүүлж, эрхшээлдээ оруулан, бусдад дамжуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3 /Хүн худалдаалах/, Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.3 /Хүн хулгайлах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,

-Нэр бүхий компаний захирал Д.Д нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө жоншны агууламжийг тодорхойлох зорилгоор холбогдох газраас Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ад багтсан цууны хүчил, каолийн гидроксид, этилийн спирт, хүхрийн хүчил зэрэг бодисуудыг гадаад улсаас захиалан хууль бусаар авч, хадгалсан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1,3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

-Гадаад улсын иргэн В.Л нь хилийн боомт бус газраас явганаар Монгол Улсад хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 19.14 дүгээр зүйлийн 1 /Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд,

-Г.М нар нь НҮБ-ын 1971 оны конвенцын II жагсаалтад багтсан шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан, Б.З, З.О нар нь 18.7 грамм хэмжээтэй шингэн төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан хэрэгт, Г.Н нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтсан метамфетаминийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдсан хэргүүдэд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ

Огноо:

,

Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.

Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.

Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.

Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.

Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.

Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ

Огноо:

,

Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.

Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.

Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.

Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.

Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.

Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өчигдөр 102 тусгай дугаарт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ

Огноо:

,

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны долоодугаар сарын 30-ны өдөр нийт 2136 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 777, гэмт хэргийн шинжтэй 105 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 12, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 60, хулгайн 21 дуудлага бүртгэгдсэн байна.

Тухайн өдөр 86 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид дөрвөн хэргийг шуурхай илрүүлж, 13 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох