Цаг үе
Х.Нямбаатар: “Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд ирэх жил 450 мянга орчим хүүхдэд сүү өгөхийг зорьж байна
Хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах зорилготой “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт энэ хичээлийн жилээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 189 мянга гаруй хүүхдийг долоо хоногт гурван удаа хамруулж байна. Ирэх жил нийслэлийн ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчийг хамруулахыг зорьж байгаа. Энэхүү “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаны хүмүүс “АПУ дэйри” ХХК-д ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ирэх жил нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн бүх сурагч буюу 450 мянган хүүхдэд сүү өгөхийг зорьж байна. Дөрвөн улирлын туршид сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй сүүний фермерүүдэд сүүний үнээ худалдаж авахад зориулсан нэн хөнгөлөлттэй зээлийг олгохоор бэлтгэл ажил хангаж байна. Сүүний үйлдвэрүүдэд сүү нийлүүлдэг фермерүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр нийлүүлэлт өснө. Мөн ирэх жилээс сүүний автоматуудыг сургууль дээр нь байршуулаад тогтсон цагаар сүүгээ гаргаж өгдөг зохион байгуулалтад орохыг зорьж байна” хэмээн онцоллоо.

“АПУ дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай ““АПУ дэйри” ХХК хотоос 300 орчим км зайнаас зун 1800, өвөл 700 фермерээс жилдээ 22 сая литр сүү татан авч байна. Үйлдвэртээ дэлхийд тэргүүлэгч Европ стандартын Герман, Итали, Шведийн тоног төхөөрөмж ашигладаг. D витаминаар баяжуулсан “Сайн” сүүг 2022 оноос сурагчдад өгч байгаа. “Сайн” сүүг монгол хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж, шимт бодисын дутагдлаас сэргийлэх зорилгоор үнээний цэвэр сүүгээр хийдэг. Монгол Улсад бэлчээрийн мал аж ахуй голлодог учраас зундаа сүүний нийлүүлэлт сайн. Харин өвлийн улиралд нийлүүлэлт багасдаг. Тиймээс сүүний тасралтгүй нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд сүүний үнээ худалдаж авахад фермерүүдэд дэмжлэг үзүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Бид мөн тараг, сүү хийх процессыг хүүхдүүд, хүмүүст нээлттэй үзүүлдэг үйлдвэр барьж байгаа. Сүү хөтөлбөртэй холбоотой таны санаачилгуудыг дэмжиж хамтарч ажиллана” гэв.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Хамас Газын зурваст зэвсгээ хураалгах тохиролцоонд хүрчээ
Хамас болон Палестины бусад бүлэг Газын зурваст зэвсгээ хураалгах төлөвлөгөөний талаар Энхийн зөвлөлтэй тохиролцоонд хүрсэн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Тэрбээр үүнийг Газын зурваст энх тайван, аюулгүй байдлыг тогтооход чиглэсэн чухал алхам хэмээн тодорхойлжээ.
Аль Жазирагийн олж авсан баримт бичигт зэвсэг хураах нарийвчилсан төлөвлөгөөг 14 хоногийн дотор боловсруулах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын хяналтын байгууллага болон талуудын зөвшөөрлөөр хугацааг сунгахаар тусгасан байна.
Хамасын хэлэлцээний төлөөлөгч Газий Хамад хэлэлцээ хүнд нөхцөлд өрнөснийг тэмдэглээд, Израил үүргээ биелүүлээгүй тохиолдолд тохиролцооны аль нэг хэсгийг хэрэгжүүлэхгүй гэж мэдэгджээ. Түүний хэлснээр зэвсэг хураах үйл явц нь Израилын цэрэг Газын зурвасаас гарах болон сэргээн босголтын ажлын ахицтай холбоотой аж. Израилын талаас одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Тохиролцооны дагуу Үндэсний хороо болон Олон улсын тогтворжуулах хүчин Газын зурваст орсны дараа зэвсгийг бүртгэж, хадгалалтад шилжүүлэх ажиллагаа эхлэхээр болжээ. Энэ ажиллагааг Үндэсний хороо удирдаж, олон улсын хяналтын хороо ажиглах бөгөөд Палестины бүлгүүд оролцох юм.
Зэвсгийг Израил болон Палестины бус байгууллагад шилжүүлэхгүй, зөвхөн Газын зурвасыг удирдах Үндэсний хорооны хяналтад төвлөрүүлэхээр тусгасан байна. Эхний ээлжид цагдаагийн зэвсгийг шилжүүлж, дараа нь хүнд зэвсгийг ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ.
Үүний зэрэгцээ Израилын цэргийг Газын зурвасаас үе шаттай гаргаж, оронд нь Олон улсын тогтворжуулах хүчин болон Палестины шинэ цагдаагийн байгууллага ажиллахаар тохиролцсон гэж Доналд Трамп мэдэгдсэн байна.
Харин Палестины Исламын Жихад бүлэг уг тохиролцооны талаарх мэдээлэл бүрэн зөв биш бөгөөд нийтэд тархсан баримт бичгийн зарим заалтад санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Египетийн Каир хотод Египет, АНУ, Катар, Туркийн зуучлагчдын оролцоотой дараагийн шатны хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Цаг үе
Балбад шашин хоорондын мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алджээ
Балбын Ерөнхий сайд Балендра Шах Хиндү болон Исламын шашинт иргэдийн хооронд үүссэн мөргөлдөөний улмаас гурван хүн амиа алдсаны дараа иргэдийг тайван байж, эв нэгдлээ хадгалахыг уриаллаа.
Эмх замбараагүй байдал өнгөрсөн ням гарагт Энэтхэгийн хилтэй залгаа Сунсари дүүргийн Деванганж тосгонд эхэлжээ. Хиндү шашинтнуудын жагсаалын үеэр чанга хөгжим эгшиглүүлсэнтэй холбоотой маргаан хурцдаж, цахилгааны шон дээр байрлуулсан Исламын шашны тугийг буулган, оронд нь Хиндү шашны туг байрлуулсан нь зөрчлийг улам даамжруулсан байна.
Улмаар хоёр тал чулуу шидэлцэн мөргөлдөж, цагдаа нар эхлээд анхааруулах буудлага хийсний дараа гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, олон хүн шархадсан байна.
Уг явдлын дараа хөрш Сираха дүүрэгт эсэргүүцлийн жагсаал өрнөж, лхагва гарагт дахин хоёр хүн амиа алдсанаар нийт хохирогчийн тоо гурав болжээ. Эсэргүүцэгчид зарим барилга, худалдааны төвийг галдан шатаасан тул эрх баригчид хэд хэдэн дүүрэгт хөл хорио тогтоож, олон нийтийн цуглааныг хязгаарласан байна.
Ерөнхий сайд Балендра Шах амь үрэгдсэн иргэдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд, хэргийг ил тод, шударгаар шалгаж, буруутай этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг онцолжээ. Мөн улс төрийн нам, шашны байгууллага, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нөхцөл байдлыг хурцатгахгүй байж, нийгмийн эв нэгдлийг хамгаалахад хамтран ажиллахыг уриалсан байна.
Балбын хүн амын дийлэнх нь Хиндү шашин шүтдэг. Энэтхэгтэй хил залгаа өмнөд бүс нутагт сүүлийн жилүүдэд шашин хоорондын хурцадмал байдал үе үе гарч байгаа бөгөөд энэ удаагийн хэрэг нь хамгийн ноцтой мөргөлдөөний нэг болжээ.

