Цаг үе
“Ногоон автобусны” гэх хэрэг Улсын дээд шүүхэд хянагдаж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “Ногоон автобус”-ны гэх тодотголтой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, нийт 55 хавтас материалыг 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Уг хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татсанаас УИХ-ын гишүүн нэг, нийтийн албан тушаалтан 18, гадаад улсын иргэн дөрөв, хувийн хэвшлийн дөрвөн албан тушаалтан холбогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 134.5 тэрбум төгрөгийн хохирол тогтоогдож, үүнээс 58.0 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлжээ. Мөн 71.7 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх 59 үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн байна. Шүүхийн шатанд иргэний хариуцагч “Тэнүүн огоо” ХХК гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн барагдуулсан талаар мэдээлжээ.
Шалгалтаар “Тэнүүн огоо” ХХК нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу “Евро-5” хөдөлгүүртэй автобус нийлүүлэх ёстой байсан ч “Евро-2” хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобус нийлүүлсэн нь тогтоогдсон байна.
Мөн автобуснууд гэрээнд тусгасан техникийн шаардлагыг хангаагүй нь мөрдөн шалгах ажиллагаагаар илэрчээ. Үүнд:
- Хийн нум амортизаторын оронд хавтсан нумтай нийлүүлсэн
- Халаалтын төхөөрөмж шаардлагаас бага
- Давхар вакум шилний оронд дан шилтэй
- Дулаан тусгаарлалт шаардлага хангаагүй
- Галын аюулгүй байдлын стандарт хангаагүй
Түүнчлэн хорт утаа бууруулах “AdBlue” төхөөрөмжийг бүрэн суурилуулаагүй, зөвхөн савыг байрлуулсан бөгөөд “Евро-2” хөдөлгүүрт ажиллах боломжгүй байсан нь тогтоогдсон байна. Мөн автобуснуудыг үйлдвэрийн стандарт бус аргаар, олон төрлийн эд анги ашиглан угсарсан болохыг шинжээчид тогтоожээ.
Уг хэрэг шүүхийн шат дамжлагаар үргэлжилж байгаа бөгөөд холбогдох талуудын маргаан Улсын дээд шүүхийн түвшинд хянан хэлэлцэгдэх шатанд байна.
Цаг үе
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2026 оны дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар:
- Нэн их хуурайшилттай: Ховд, Говь-Алтай, Дорноговийн зарим газар, Увс, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн ихэнх нутгаар хуурайшилт нэн их байна.
- Их хуурайшилттай: Баян-Өлгий, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговийн хойд, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим хэсгээр хуурайшилт их байна.
- Дунд зэргийн хуурайшилттай: Завхан, Баян-Өлгийн хойд, Увс, Төв аймгийн нутгийн зарим газраар хуурайшилтийн зэрэг дунд түвшинд байна.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
Мөсний зузаан 5-20 см нимгэрчээ
Дөрөвдүгээр сарын 9-ний байдлаар манай орны гол мөрөн, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй хэвээр байгаа ч ихэнх гол мөрөн, нуурт хаврын мөсний үзэгдэл идэвхижсэний улмаас мөсний зузаан өмнөх өдрийнхөөс 5-20 см нимгэрсэн байна.
Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдан гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нимгэрч хэврэгших тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Цаг үе
ХАСУМ-ийг бүрэн цахим хэлбэрт шилжүүлснээр жил бүр 100 гаруй сая төгрөгийн урсгал зардлыг хэмнэнэ
Авлигатай тэмцэх газраас “Ухаалаг засаг-2” төслийн хүрээнд 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хүлээн авах, хянах, шийдвэрлэх, хариу хүргүүлэх үе шатыг бүрэн цахимжуулна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн ХАСУМ-ийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт ирүүлдэг, тус газраас хянаад хүргүүлсэн хариуг үндэслэн томилох эсэхээ шийдвэрлэдэг.
ХАСУМ нь төрийн албанд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн, эсхүл нэр дэвшиж байгаа албан тушаалын чиг үүрэг, эрхлэх асуудал, салбар нэгжийн үйл ажиллагаанд шууд холбогдох аж ахуйн нэгжтэй, эсхүл өөрийн хамаарал бүхий болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй албан үүргийн хувьд нэг нь нөгөөдөө шууд захирагдах буюу шууд хяналт тавих нэгжид хамт ажиллах, эсхүл тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангахгүй этгээд нийтийн албанд томилогдох, эсхүл уг томилгоо нь тухайн салбарын болон бусад хууль тогтоомж зөрчих эсэхийг хянах анхан шатны эх сурвалж болдог. Түүнчлэн ХАСУМ нь төрийн албанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх томоохон механизмын нэг бөгөөд мэдүүлгийг хянах үе шатанд тухайн байгууллагаас албан бичиг, албан тушаалын тодорхойлолтыг цаасаар ирүүлж, мөн Авлигатай тэмцэх газраас хариуг цаасан суурьтай албан бичгээр өгч байна.
ХАСУМ-ийг хүлээн авах, хянах, шийдвэрлэх, хариу хүргүүлэх бүхий л үе шатыг бүрэн цахимжуулснаар цаасан суурьтай албан бичгийг бүрэн зогсоож, байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим системээр дамжуулна. Энэ шилжилт хийгдсэнээр ХАСУМ-ийн хяналт дахь ил тод байдал нэмэгдэж, төрийн үйл ажиллагаа шуурхай болохын зэрэгцээ урьдчилсан тооцооллоор томилгоо хийхтэй холбоотой бүх төрийн байгууллагад цаас, хэвлэлийн зардал, шуудан, тээврийн зэрэг жил бүр дунджаар 100 гаруй сая төгрөгийн шууд зардлыг хэмнэх боломжтой болж байна.
-
Цаг үе2020/11/30
Үйлдвэрийн ажилтнуудын дархлааг дэмжихэд анхаарч, хоолны цэсийг шинэчиллээ
-
Шударга мэдээ2021/09/27
Нийслэлийн ой түймэрт өртөх аюултай ангилалд ордог
-
Улстөр нийгэм2025/10/09
Г.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байгаа
-
Цаг үе2024/11/19
Ихэнх нутгаар тогтуун, өдөртөө дулаан байна
