Цаг үе
Хогоо ил задгай шатаах болон хогоо зориулалтын цэгт хаяхгүй байх нь хууль зөрчсөн үйлдэл юм

Сүүлийн үед айл өрх хог хаягдлаа ил задгай хаях, шатаах нь ихсэх хандлагатай байна. Хогоо ил задгай шатаасны улмаас гал алдаж өөрийн болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд нэлээдгүй хохирол учруулах өндөр эрсдэлтэй гэдгийг сайтар санаж байх хэрэгтэй.
Зарим албан байгууллага аж ахуйн нэгжүүд болон гэр хорооллын иргэд хашаандаа хогоо ил задгай шатааж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн үү? Хуулийн ямар зохицуулалт бий вэ?
Шинээр батлагдсан Зөрчлийн хуулийн 6.1 дүгээр зүйлд:" Хог хаягдлыг ил задгай шатаасан бол учруулсан хохирол,нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг 50.0 төгрөгөөр,хуулийн этгээдийг 500.0 төгрөгөөр торгохоор хуульд зааж өгсөн байдаг . Түүнчлэн хогоо зориулалтын цэгт хаядаггүй, орцондоо хаядаг,суваг шуудуунд хийж орхидог зэрэг зөрчлүүд байдаг.
Хог хаягдлыг зориулалтын цэгээс өөр газарт хаясан бол иргэнийг 30.0 төгрөгөөр,хуулийн этгээдийг 300.0 төгрөгөөр торгохоор хуульчилсныг анхаарч,хуулиа мөрдөхийг зөвлөж байна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж хуурайшилтын үед асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой хээр, хашаандаа ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна.
ЦЕГ Экологийн цагдаагийн албаны УСХАХ-ийн мэргэжилтэн Б.Анура
Цаг үе
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.