Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.
- Ердийн хэв шинжтэй цэцэрлэг, ЕБС-д хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид хүүхдийн хөгжил ахиц, багшийн ачааллыг харгалзан түүний үндсэн цалингийн 10 хувиар нэмэгдэл хөлс олгохоор журамлав
- “Эрхэм чанар” протезийн үйлдвэрлэлийг дэмжих талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай төлөвлөгөөтэй танилцаж, цаашид үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхэд шаардагдах 1,5 тэрбум төгрөгийн өр, зээлийн төлбөрийг татаас хэлбэрээр 2021 оны улсын төсөвт тусган шийдвэрлэхийг ХНХ-ын сайдад даалгаж, Засгийн газрын тэмдэглэл гаргав. Тус үйлдвэр жилд 1500 хиймэл гар хөл, нүд, гажиг засах гутал 500 гаруй, 120 мянган ширхэг таяг, хөтөвч үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Эмнэлэг, сувилал ажиллуулдаг бөгөөд 18 хүнийг ажлын байраар хангадаг бөгөөд 25 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй аж. Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаа доголдвол хиймэл эрхтэн, тусгай хэрэгсэл шаардлагатай нийт иргэдийн 50–ээс дээш хувийн эрх ашиг хохирох аж. Иймд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ.
- УОК-ын шийдвэрийн дагуу тусгай дэглэмд шилжиж үндсэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосноос болж БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг 1.2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалд оржээ. Иймд тус хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж, санхүүгийн алдагдлыг нөхөж олгохыг Сангийн сайдад зөвшөөрөв.
- АНУ-д коронавируст халдварын цар тахлын улмаас нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх болон хүмүүнлэгийн тусламж хүргэхэд зориулж, нэг сая ам. доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв
- Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт бизнес эрхлэгч залуусын төлөөллийг хүлээн авч уулзан технологийн дэвшил, инновацийг ашиглан гарааны бизнес эрхэлж буй иргэдээ дэмжихээ илэрхийлж, ГХ-ны сайдад зарим үүрэг даалгаврыг өгсөн. Энэ хүрээнд ГХ-ны сайд Д.Цогтбаатар Монгол Улсаас зарим гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтанд мэдээллийн технологи, инновацийн асуудал хариуцуулахаар төсөл боловсруулж, танилцуулсныг дэмжин зөвшөөрөв.
Улстөр нийгэм
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Улстөр нийгэм
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгоно
Сэлбэ ухаалаг хотыг эдийн засгийн тусгай бүс болгох шийдвэр гарлаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ бол чөлөөт бүсээс тусдаа зүйл. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 18 дугаар хороодын нутаг дэвсгэрт 2206 нэгж талбарыг чөлөөлөн 158 га талбайд хэрэгжүүлж буй Сэлбэ орон сууцжуулах төслийн хүрээнд нийт 113 блок бүхий 8575 айлын орон сууц барьж буй. Нийт 158 га газрын 40 га-д нь нийгмийн байгууламжууд байх юм. Энэ бүсийг эдийн засгийн тусгай бүс болгосноор 420 бизнест татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, бойжуулах, ажлын байр бэлтгэх, иргэдийнхээ орлогыг сайжруулах юм. Мөн технологийн шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд туршилт хийх, үйлчилгээ явуулах сэндбокс орчныг энэ бүсэд бий болгоно.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Энэ орчинд технологийн компаниуд үйл ажиллагаагаа нэвтрүүлэхийг урьж байна. Эдийн засгийн тусгай бүс болсноор шинээр эхэлж байгаа болон, үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесүүд үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, газрын төлбөр зэргээс тодорхой хугацаанд чөлөөлөх зохицуулалттай. Мөн дулаан, болон цахилгааны хөнгөлөлтүүдийг эдлэх, гэх мэт боломжууд бий болно. Түүнчлэн бизнесийн зээл, ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай” гэлээ.
Улстөр нийгэм
Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг түр хаана
-
Үзэл бодол2022/04/04
“Бид киокушинкай карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зү...
-
Цаг үе2024/05/22
"Багшийн туслах AI", “И-хүртээмж” системийн нээлт болж бай...
-
Улстөр нийгэм2022/05/16
Монголын маркетингийн холбооноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй ...
-
Цаг үе2021/08/13
Бамбай хоншоорт могойноос болгоомжил!
