Улстөр нийгэм
“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа
Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.
Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.
Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Тус төлөвлөгөө нь:
-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх
-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах
-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих
-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх
-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх
эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.
Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хууль зүй, дотоод хэргийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзэж, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Засгийн газрын албан ёсны мэдээлэлд уг шийдвэрийг есдүгээр сарын 16-ны хуралдаанаар танилцуулсан байна.
Мөн яригдаж буй асуудалд нэр дурдагдсан тус салбарын харьяа байгууллагуудын дээд, дунд шатны удирдлагуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн хугацаанд гарсан асуудлуудын үнэн зөвийг тогтоох шаардлагатайг Засгийн газрын хуралдааны үеэр мэдэгдэж, холбогдох асуудлыг шалгаж тодруулах байр суурь илэрхийлжээ.
Улстөр нийгэм
Хаягийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн Солонгосын сайн туршлагыг Монголд нэвтрүүлнэ
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Б.Энхбаяр сайд хэлэхдээ Монгол Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин тэлж буйг онцлоод үүний нэг илрэл нь хоёр орны хамтран хэрэгжүүлж буй “Хаягийн мэдээллийн системийг шинэчлэх замаар Монгол Улсын цахим төрийн удирдлагыг бэхжүүлэх” төсөл гэдгийг онцлон тэмдэглэв.
Монгол Улсын Засгийн газраас төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын мэдээллийн уялдаа холбоог сайжруулах цахим шилжилтийн бодлогод онцгой анхаарал хандуулж буйг танилцуулаад хаягийн системийг боловсронгуй болгоход чиглэсэн дээрх төслийг амжилттай хэрэгжүүлэхэд бүх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
БНСУ-ын Дотоод хэрэг, Аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэ энэ үеэр Солонгос Улс хаягийн нэгдсэн систем, тогтолцоог бүрдүүлэх шинэчлэлийн хүрээнд бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ чиглэлд олон улсад тэргүүлэх сайн туршлага нэвтрүүлсэн орны нэг. Хаягжилт бол эдийн засгийг тэлэх амин “судас” хэмээгээд өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцаж, төслийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана гэлээ.
Монгол Солонгосын хамтран хэрэгжүүлж буй дээрх төслийн хүрээнд улсын хэмжээнд хаягийн мэдээллийг нэгдсэн стандартад оруулж, үнэн зөв, давхардалгүй болгож бусад төрийн үйлчилгээтэй уялдуулж, хүртээмж, бүтээмжийг нэмэгдүүлэх юм.
Хаягийн систем сайжирснаар цахим худалдаа, хөрөнгө оруулалт, хүргэлт болон эрүүл мэнд, шуудан, такси үйлчилгээ зэрэг иргэдийн өдөр тутмын үйлчилгээний чанар, хүртээмж эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
УИХ-ын гишүүд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв
Хөшөөнд цэцэг өргөх үеэр хүндэт харуул жагсаж, үлээвэр хөгжимчид гашуудлын ая эгшиглүүлэв. Цэцэг өргөсний дараа Монгол Улсын Төрийн дуулалыг эгшиглүүллээ.
Улсын Их Хурал 1996 оны 33 дугаар тогтоолоороо жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон шийдвэрлэсэн хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
-
Шударга мэдээ2024/03/14
Шар усны үер болон халиа тошингийн эрсдэлээс сэргийлэх хүрээнд 11 тэрбум төгрөги...
-
Цаг үе2025/07/02
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Урлаг спорт2021/01/09
“Gobi challenge-2020” тэмээн аялал үзэгчдийн хүртээл болно
-
Үзэл бодол2023/03/09
Г.Занданшатар: D-Parliament цахим системийн хэрэглээг түгээхэд оюутан, залуусын ...
