Цаг үе
Улаанбатарт өдөртөө 31 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 9-нд ихэнх нутгаар усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2020 оны 07 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар их төлөв баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.
2020 оны 7 дугаар сарын 08-наас 7 дугаар сарын 12-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
8-нд нутгийн хойд хагаст дуу цахилгаантай аадар бороо, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө халж 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Цаг үе
Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавина
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяраар ахлуулсан ажлын хэсгээс өнгөрсөн онд скүүтер, мопедын замбараагүй хэрэглээнээс үүдсэн осол эндэгдлийг бууруулах хүрээнд шат дараатай ажлуудыг хийж байна. Скүүтер, мопедыг явган хүний замаар явуулахгүй байх, авто замын баруун талын хөвөөгөөр явуулах шийдвэр гарсан билээ. Тэгвэл өнөөдрийн хурлаар хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар Нийслэлийн авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв зэрэг холбогдох албаныхан хэлэлцлээ.
Улмаар Бага тойруу дотор 86 байршилд нийт 186 албан хаагч хяналт тавихаар боллоо. Ингэхдээ нэг цагдаагийн албан хаагч, нэг олон нийтийн цагдаа гэсэн зохион байгуулалтаар хяналт тавих бөгөөд олон нийтийн цагдаа нарыг өнөөдөр тусгайлан сургалтад хамруулах байна.
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр “Скүүтер, мопедыг явган хүний замаас буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлье. Эхний ээлжинд Бага тойруу дотор явган хүний замаар явуулахгүй байхад хяналт тавих шаардлагатай байна. Өнгөрсөн намраас л хавар 16 нас хүрээгүй тохиолдолд скүүтер, мопед унах боломжгүй байх тохиргоог хийхийг аж ахуй нэгжүүдэд уриалсан, анхааруулсан. Гэтэл одоо ч зарим газруудын мопедыг 11 настай хүүхэд унаад осол гаргаж байна. Азаар хүүхэд өөрөө бэртэж гэмтээгүй байна. Хүний амь наснаас илүү бизнес байх ёсгүй. Хаа хаанаа анхаарч хамтарч ажилламаар байна” гэв.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм, Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн “Мопед (скүүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-ыг нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах тухай” А/387 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах зохицуулалтыг хэрэгжүүлэхээр боллоо.
Тодруулбал:
-Бага тойруу дотор явган хүний зам дээр дугуйн тэмдэглэгээ байхгүй тохиолдолд скүүтер, мопедтой зорчихгүйгээр авто замаар зорчих. Жолооч нар баруун хөвөөгөө чөлөөлж өгөх. Хөвөөгүй тохиолдолд баруун талаар зорчих боломжийг олгож бусдад хүндэтгэлтэй хандах.
-Дугуйн тэмдэглэгээтэй замаар явж байгаа тохиолдолд явган зорчигч зам тавьж өгөх. Дугуйн тэмдэглэгээтэй замаар явган хүн зорчихгүй байх
-Эхний ээлжинд Бага тойруу доторх 86 байршилд 185 алба хаагч хяналт тавьж ажиллах
-Нийслэлийн авто замын хөгжлийн газраас авто замаар скүүтер, мопед зорчих тэмдэг, тэмдэглэгээг байршуулах
-Скүүтер, мопедын зогсоолыг нэмэгдүүлэх. Аж ахуй нэгжүүд тодорхой зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ бүхий зогсоол гаргах.
-Шат дараатай ажлуудыг хийж скүүтер, мопедыг явган хүний замаас бүрэн гаргаж авто зам руу оруулах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар үүрэг өглөө.
Иймд иргэд болон жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ чанд мөрдөж, бусдын аюулгүй байдлыг хүндэтгэн, хариуцлагатай хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Цаг үе
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшөөрөл шаардахгүй
Засгийн газрын тэргүүн Н.Учрал эдийн засгийн сорилттой цаг үед хянан шалгах гэхээс илүү эдийн засгаа идэвхжүүлэх, төрийн оролцоог багасгах, эдийн засгийн эрх чөлөөг тэлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлээд байна. Энэ хүрээнд хоол үйлдвэрлэл, гутал засвар, үсчин, оёдол, кофе шоп, фитнес зэрэг 146 бизнесийг зөвшөөрлөөс чөлөөллөө. Нийслэл 2026 оныг бизнес эрхлэгчдийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд нийслэлээс Ерөнхий сайдын дээрх санаачилгыг бүрэн дэмжиж, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 бизнесийг зөвшөөрөл, бүртгэл зэргээс чөлөөллөө. Ингэснээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид цахим системд мэдэгдэл илгээн үйл ажиллагаагаа шууд эхлүүлэх боломжтой боллоо.
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
Түүх, соёлын дурсгалт эд зүйлсийг улсын хамгаалалтад шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 онд Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн 33 хүнд холбогдох 14 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 2026 оны I улирлын байдлаар 7 хүнд холбогдох 5 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд зааснаар Соёлын өвийн эсрэг 7 төрлийн гэмт хэрэг байгаагаас Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэрэг зонхилон үйлдэгдэж байна.
Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргээс I улирлын байдлаар анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн соёлын өвийн эсрэг хэргүүдийн шийдвэрлэлтийг тоймлон хүргэж байна.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас:
- Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, бурхны толгой, очир зэрэг соёлын биет өвд хамаарах эд зүйлсийг олж авч, завшсан Н, М, С нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх), 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг (Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н, М, С нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрд нь 5,4 сая төгрөгийн торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
- Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, соёлын биет өв болох Сандуйжүд, Тарвачэнбу зэрэг судрыг хууль бусаар олж авч, бусдад худалдсан Ш-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Ш-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон дээрх судруудыг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлж, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.
- Түрэгийн үед хамаарах дөрөө, амгаа, зуузай, төмөр цагариг зэрэг эд зүйлсийг хууль бусаар олж авч хувьдаа завшсан, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулсан иргэн Н-д Эрүүгийн хуулийн 25.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Соёлын биет өвийг завших, үрэгдүүлэх)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс Н-г гэмт хэрэг хийсэн гэм буруутайд тооцож, 8,1 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон соёлын биет өвийн эд зүйлсийг Соёлын өвийн үндэсний төвд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.
Дундговь аймгийн прокурорын газраас:
- БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нар нь бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг дэвсгэрт байдаг “Хүрэн хайрханы хадны бичээс” буюу орон нутгийн хамгаалалтад авсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг санаатай эвдсэн, гэмтээсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 25.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс БНХАУ-ын иргэн Z.Y, Z.Ch нарыг гэм буруутайд тооцож тус бүрд нь 5,6 сая төгрөгийн торгох ял оногдуулж, байгаль орчинд учруулсан хохиролд 9 сая төгрөгийг төлүүлсэн байна.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын биет өвийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь соёлын өвийн гарал үүслийн байдлыг тодорхойлох, харьяалах аймаг, нийслэлийн Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх, худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, алдагдаж, үрэгдсэн тохиолдолд мэдэгдэх, хилээр гаргахад зөвшөөрөл авах, гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд бэлэглэх, өвлүүлэх зэргээр шилжүүлэхгүй байх үүрэгтэй.
Гэвч иргэд өөрийн эзэмшил, өмчлөлд байгаа соёлын биет өвийг төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэлгүйгээр хууль бусаар бусдад шилжүүлж, худалдан борлуулах зэргээр гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч байгаа тул соёлын биет өвтэй холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан судлахыг та бүхэнд анхааруулж байна.
-
Цаг үе2026/03/19
Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
-
Цаг үе2025/10/06
Хууль бус ан агнууртай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийж...
-
Үзэл бодол2022/05/24
Д.Сумъяабазар: Нийслэлд спорт цогцолбор байгуулах ажлыг үе шаттайгаар хийж байна...
-
Цаг үе2023/08/14
Өнөөдөр Улаанбаатар хотод дуу цахилгаантай аадар бороо орно
