Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эвдэрсэн замуудын шалтгаан нөхцөлийг тогтоож, зөрчил гаргагчдад хариуцлага тооцохыг үүрэг болголоо

Огноо:

,

Нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсэг энэ сарын 07-ны өдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд сүүлийн өдрүүдэд орсон усархаг борооны улмаас ус зайлуулах байгууламжид үүссэн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Геодизи усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хот орчимд усны түвшин  10 см нэмэгдэж, олон жилийн дунджаас давсан байдалтай байна. 2020 оны долоодугаар сарын 3-6-ны өдрүүдэд орсон борооны үеэр 143 км урттай үерийн хамгаалалтын далан суваг, 187 км урттай ус зайлуулах шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж үерийн усыг зайлуулсан. Шуурхай удирдлагын төвд 28 дуудлага ирсэн. Манай байгууллагын зургаан шуурхай бригад, 40 инженер техникийн ажилтны бүрэлдэхүүнтэй 18 машин, зөөврийн ус зайлуулах таван төхөөрөмжтэй газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажилласан” гэв. Мөн усархаг борооны улмаас нийт 6 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжид нуралт эвдрэл үүсч засварлаж байгаа талаар  дуулгалаа.

Үерийн усны улмаас автозам, гудамж талбайд учирсан хохирлын хэмжээг тооцож, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра мэдээлэл өгсөн юм. Төвийн гол замууд үерийн усанд автаж буй асуудалд  ажлын хэсэг гарч ажиллахад үерийн далан суваг дагаж буусан айл өрхүүд зөвшөөрөлгүйгээр хашаагаа сунгаж, хүнсний дэлгүүр,  дугуй засвар гэх мэт үйлдвэр үйлчилгээ эрхэлж үерийн жалгыг хаасан зөрчлүүд илэрсэн байна. Өнгөрсөн хугацаанд орсон борооны улмаас зургаан дүүргийн зорчих хэсэг үерт автаж, нийт 14 мянган метр квадрат талбайд эвдрэл гэмтэл гарч, 7 300 метр кв явган зам, 13100 мянган метр автозамын хашлага эвдэрсэн талаар дуулгаад,  нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Геодези усны барилга байгууламжийн газрууд хамтран засвар үйлчилгээг гүйцэтгэжээ.

Баянгол дүүрэгт байрлах Чингүнжавын гудамжинд асфальтан зам хууларсан асуудалд нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Б.Индра тайлбар өглөө. Тус автозамыг  2008 онд асфалтан хучилтаар JGC компани хийж гүйцэтгэжээ. Бүтцийн эвдрэлд орсон 0,9 км тус автозамыг нөхөөс тавьж засварлахаас илүүтэй шүүрт худгуудыг нэмж шинээр барьж байгуулах шаардлагатай гэсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Төсвийн мөнгөөр хийгдсэн бүтээн байгуулалт бүрийг хайрлаж хамгаалж ажиллах ёстой. Үүний тулд татварын хөрөнгөөр та бид цалин аваад сууж байгаа гэдгийг маш сайн ойлго. Автозамын газар эвдэрсэн замуудыг нэг бүрчлэн гаргаж, шалтгаан нөхцөлийг тодорхойлон хуулийн хэлтэст өгөх ёстой. Хуулийн хэлтсээс хаана, ямар хууль зөрчигдөж, далан суваг бөглөсөн байгааг ол. Хууль зөрчиж, далан суваг бөглөсөн аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооц. Далан суваг хааж буугаад байгаа, инженерийн байгууламжийг битүүлж буугаад байгаа хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэх үүргийг дүүргийн удирдлагуудад өгч байна. 1970 1980 онд хийгдсэн инженерийн байгууламжийг шинэчлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар яагаад ийм зургийг батлаад явуулаад байдаг юм бэ. Газар хэлтсүүд харилцан уялдаатай ажилла.  Улаанбаатар хотод өчигдөр бороо ороход Гэсэр сүм рүү Тасганы овоон дээрээс ус буусан, далан нь хаачив. Нийслэлийн Авто замын газар нэг бүрчлэн явж ажилла” хэмээлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод байгаа үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ

Огноо:

,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.

Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.

Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.

Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.

Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.

ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.

Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ

Огноо:

,

Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гаргалаа. 

Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална. Дэд даргаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Моод оф Монголиа” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Болд нар ажиллах юм. 

Зөвлөлийн гишүүдээр Сан, Боловсрол, Хуульзүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга,  МҮОНТ-ийн захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал зэрэг 10 гаруй албан тушаалтан ажиллана. 

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Нэг ч удаа хуралдаагүй. Энэхүү зөвлөлийг дахин ажиллуулна. Сүүлийн 5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Жилд дунджаар 835 хүүхэд ослын хохирогч болж байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж байгаа ч осол, эндэгдэл буурсангүй. Иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, илүү үр дүн гаргадаг тогтолцоонд шилжихийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл” ажиллана. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хамтраад цаасан дээр хуралддаг бус зам дээр үр дүн гаргая. Соёлын зөв хандлага гаргаж буй иргэний нийгмийн төлөөллийг зөвлөлд урьж ажиллуулж байна” хэмээлээ. 

Сүүлийн 5 жилд Монгол Улсад 127,389 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 2,738 хүн нас барсны 312 нь хүүхэд байсан. 5.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэв. Монгол Улсын 100,000 хүнд ноогдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2021 онд 12.4% байсан бол 2025 онд 21-д хүрч, дэлхийн дунджаас өндөр байгааг бууруулах чиглэлд орон тооны зөвлөл ажиллана гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлнэ

Огноо:

,

Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Дархан-Уул аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.

Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр гарын үсэг зуржээ.

Төслийн хүрээнд сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.

Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээний цогц загвар бий болгож, төслийн үр дүнд тулгуурлан цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх зорилготой.

Төслийн хэрэгжилт Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас эхэлж, 2029 оныг дуустал үргэлжилнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох