Улстөр нийгэм
Инфографик: ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын танилцуулга
Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын танилцуулга, инфографикийн хамт хүргэж байна.
““АЛСЫН ХАРАА 2050” МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ” УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтад “…Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.” гэж заасан бөгөөд гадаад, дотоод нөхцөл байдал, түүнчлэн Үндсэн хуулийн үзэл баримтлал, шинэ зохицуулалтын хүрээнд өнгөрсөн 30 жилийг бүхэлд нь дүгнэж, ирэх 30 жилийг урт хугацаагаар төсөөлөх хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болсон.

Түүнчлэн Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтвортой, залгамж чанарыг хангах, үндэсний хэмжээнд хөгжлийн бодлого, төлөвлөлтөд баримтлах зарчмыг тодорхойлж, Монгол Улс 30 жилийн хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн нэг бодлоготой байхаар тусгасан.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурал 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн баталлаа. Тогтоолын хавсралтад Монгол Улс 2050 он хүртэл хугацаанд хэрэгжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт, хүрэх үр дүн, зорилтын хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хяналт шинжилгээ-үнэлгээний шалгуур үзүүлэлтийг тодорхойлж өгсөн.

Тогтоолын төсөл батлагдсанаар Монгол Улс ирэх 30 жилийн хугацаанд 3 үе шаттайгаар Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилтыг дэвшүүлж, үе шат бүрд хүрэх үр дүнг тодорхойлон, хэрэгжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын гол цөм нь монгол хүн байж, урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэж байгаа ба Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болох алсын хараанд төвлөрсөн үндэс язгуур, төрт ёс, өв соёлоо дээдэлж, үндэсний нэгдмэл үнэт зүйлээ эрхэмлэж, хүн төрөлхтний дэвшилтэт ололтыг дэмжиж, хөрст дэлхий, унаган байгалиа хайрлан хамгаалж, амар тайван, хүмүүнлэг нийгмийг цогцлоож, ардчилал, шударга ёсны засаглалыг бэхжүүлж, өөрийгөө тэтгэсэн эдийн засаг нь өрх, иргэн бүрд тэгш, хүртээмжтэй хүрсэн, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч, хөрвөх чадвар бүхий оюунлаг, бүтээлч иргэдтэй улс болж хөгжих эрхэм зорилгыг агуулсан цогц бодлогын баримт бичиг батлагдсан.

Тус урт хугацааны хөгжлийн бодлогыг батлахдаа Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт тусгагдсан зорилтуудыг агуулгаар нь “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын 1 дүгээр үе шат буюу 2030 он хүртэлх хугацааны хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд бүрэн тусгасан ба зарим үр дүнг илэрхийлэх үзүүлэлтийг дахин тооцоолж шинэчлэн тусгасан.
Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод таван жил тутамд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнд нь үндэслэн дараагийн үе шатанд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тухайн үе шатны хүрэх үр дүнтэй нь нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулах юм.

Энэ тогтоолд тусгагдсан урт хугацааны хөгжлийн бодлогыг үндэсний, салбарын, салбар хоорондын болон бүс нутаг, аймаг, нийслэлийн түвшний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгаж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлэх үүргийг Засгийн газарт өгсөн.
Улсын Их Хурлаас Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан ба энэ хуульд урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгохоор тусгасан. ““Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолд мөн энэ бодлогыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох үүргийг Засгийн газарт өгсөн заалт тусгасан нь уг баримт бичгийн хэрэгжилтэд үр дүнтэй зохицуулалт болсон.Улстөр нийгэм
“Шинэ цагийн малчин" аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа
“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталлаа. Хөдөлмөрийн бүтээмж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын орлого, амьдралын чанарыг сайжруулах бодлого баримтлан тус аяныг хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Нэгдүгээр шатанд буюу 2026-2027 онд өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулахад чиглэсэн тэжээлийн дэмжлэг үзүүлэх, малын тэжээлийн зохистой хэрэглээний талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, сайн туршлагыг дэлгэрүүлэх, эрсдэлийн үед шуурхай мэдээлэл солилцох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор интернэтийн сүлжээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Хоёрдугаар шатанд мал аж ахуйн салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, малчдын орлогыг тогтвортой өсгөх, нийгмийн үйлчилгээний хүртээмж, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Улстөр нийгэм
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан /2026.11.11/ болж, иргэдийн хувийн хэрэгцээний авто зогсоол, гараашийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх асуудлаар УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ.
100 гаруй мянган иргэний дэмжсэн “Гараашны татвар цуцлуулах” төслийг УИХ-ын гишүүн А.Ганбаатарын санаачилсан Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгахаар боллоо. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг төслийг энэ оны тавдугаар сараас боловсруулж, есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлээд байсан юм.
Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системээр “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргаж 20 хоногт 100 гаруй мянган иргэн дэмжсэн юм.
Шинэчлэгдсэн төслөөр Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, иргэдийн өмчилж буй хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөхийн татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгаж байна.
Цаг агаарын онцлог, эрс тэс уур амьсгалтай манай улсад гарааш нь тансаг хэрэглээ биш, өрхийн ахуйн хэрэгцээ тул татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.
Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
