Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Хэвлэлийн төлөөлөгч нар шинээр томилогдлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга захирамж гаргаж, Самбуугийн Ламбааг Соёл, нийгмийн хөгжлийн бодлого (Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Биеийн тамир спорт)-ын асуудал хариуцсан зөвлөхөөр, Ядамсүрэнгийн Санжмятавыг Байгаль орчин, хөдөө аж ахуйн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Лувсанвандангийн Болдыг Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр, Осормаагийн Батхандыг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгчөөр тус тус томиллоо.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ САМБУУГИЙН ЛАМБАА:
Боловсрол, Эрдмийн зэрэг, цол:
- 1968 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 10 жилийн дунд сургууль төгссөн.
- 1969-1972 онд 030-р ангид цэргийн алба хаасан.
- 1972-1976 онд Монгол Улсын их сургуулийг Авто тээврийн инженер эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 1983-1987 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд эдийн засгийн ухааны дэд докторын зэрэг хамгаалсан.
- Профессор, Боловсролын шинжлэх ухааны академийн гишүүн, Академич, Монгол Улсын гавьяат багш
Ажлын туршлага:
- 1976 -1980 онд МУИС-ийн Улс төрийн эдийн засгийн ухааны тэнхимд багш,
- 1980 -1984 онд Дээд, Тусгай дунд, Техник мэргэжлийн боловсролын Улсын Хороо, Дээд боловсролын Хороо, Ардын боловсролын яаманд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
- 1984 – 1988 онд ЗХУ-ын /хуучнаар/ Эрхүү хотын их сургуулийн дэргэдэх монгол оюутны бэлтгэл факультетэд декан,
- 1988-1990 онд Дээд боловсролын Улсын хороо, Шинжлэх Ухаан, Дээд Боловсролын Улсын Хороонд мэргэжилтэн, хэлтсийн дарга,
- 1990-1996 онд Ардын Боловсролын Яамны дэргэдэх худалдаа, үйлдвэрлэлийн “Сургалт импекс” компани, Сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн “Эрдэм” цогцолборт ерөнхий захирал,
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 1998-1999 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
- 2000-2004 онд Ардчилсан намын нарийн бичгийн дарга, “Орон нутгийн удирдлагын хөгжил” сангийн гүйцэтгэх захирал,
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2004-2006 онд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга,
- 2006-2008 онд УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн дэд дарга,
- 2007-2008 онд УИХ дахь Мянганы хөгжлийн зорилт, ядуурлыг бууруулах дэд хорооны дарга,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд,
- 2012-2015 онд УИХ-ын даргын Ахлах зөвлөх, Ажлын албаны дарга,
- 2015-2016 онд Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайдаар ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЯДАМСҮРЭНГИЙН САНЖМЯТАВ:
Боловсрол, Цол:
- 1981 онд Дархан хотын Политехникумийг төгссөн.
- 1989 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийг Мал зүйч мэргэжлээр төгссөн.
- 1997 онд Санхүү, Эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.
- 1990 онд ОХУ-ын Комосмолын дээд сургуулийн Дээд курсийг төгссөн.
- 1998 онд БНЭУ-ын Хайдрабадын их сургуульд англи хэлний курсийг дүүргэсэн.
- Монгол Улсын гавьяат эдийн засагч
Ажлын туршлага:
- 1981-1984 онд Эрдэнэт үйлдвэрт тээрмийн машинч, баяжуулагч, бригадын дарга,
- 1989-1991 онд МХЗЭ-ийн төв хороонд зааварлагч, аймаг хариуцсан зохион байгуулагч,
- 1991-1993 онд МЗХ-ны Гүйцэтгэх хорооны Нарийн бичгийн дарга, “Интер-М” нэгдлийн захирал,
- 1993-1997 онд МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 1997-1998 онд Монгол Улсын Засгийн Газар, Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх,
- 1998-1999 онд АН-ын санхүүгийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга,
- 1999-2000 онд Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын Нөөцийн газрын дарга,
- 2003-2004 онд Алтангадас ассоциацийн Захирал,
- 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2007-2008 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга,
- 2008-2012 онд Завхан аймгийн Засаг дарга,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, дэд дарга,
- 2017 оноос Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга,
- 2019 оноос Монголын Шатрын холбооны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ ЛУВСАНВАНДАНГИЙН БОЛД:

Боловсрол:
- 1979 онд нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг төгссөн.
- 1982 онд ХБНГУ-ын Бернаугийн үйлдвэрчний эвлэлийн Хөдөлмөрийн дээд сургуулийг Улс төр, нийгэм судлаач мэргэжлээр төгссөн.
- Батлан хамгаалахын их сургуулийн Хүндэт доктор
Ажлын туршлага:
- 1983-1984 онд Багануурын Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн зааварлагч,
- 1984-1989 онд Монголын Үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлд зааварлагч,
- 1989-1991 онд Монголын оюутны холбооны орлогч дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 1990-1992 онд Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн,
- 1992-1993 онд Дэлхийн Монгол туургатан оюутан, залуучуудын төвийн тэргүүн,
- 1993-1996 онд “Бодь интернэшнл” группийн ерөнхийлөгч,
- 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 1996-2000 онд УИХ-ын Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих түр хорооны дарга,
- 1999-2000 онд Олон улсын Парламентын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн, Олон улсын Парламентын холбооны Ази-Номхон далайн бүсийн дарга,
- 2000-2004 онд Голомт банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2000-2005 онд Монголын банкны холбооны ерөнхийлөгч,
- 2004-2008 онд Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын дарга,
- 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд,
- 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд,
- 2016 онд УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга,
- 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажилласан.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ОСОРМААГИЙН БАТХАНД:

Боловсрол:
- 1990-1999 онд Москвагийн нэрэмжит 33 дугаар дунд сургуулийг төгссөн.
- 1999-2004 онд Үндэсний Тагнуулын Академийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- 2001-2004 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Олон улсын сэтгүүлч мэргэжлээр төгссөн.
- 2004-2005 онд АНУ-ын Калифорнийн Их сургуулийн Америк судлалын курст суралцсан.
- 2013-2014 онд АНУ-ын Харвардын Их Сургуулийн сэтгүүлзүй, англи хэлний мэргэжил дээшлүүлэх курст суралцсан.
Ажлын туршлага:
- 2004-2011 онд ТВ-9 телевизийн гадаад мэдээний редактор, сэтгүүлч ,ТВ-9 телевизийн Гадаад харилцааны албаны дарга,
- 2011-2012 онд УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст сэтгүүлч, редактор,
- 2012-2013 онд ETV HD телевизийн захирал,
- 2013-2014 онд “NTV Медиа групп”-ын Медиа хариуцсан захирал,
- 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, УИХ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч,
- 2016 оноос “НТС” ХХК-ийн захирал,
- 2020 оноос Ардчилсан намын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргааар тус тус ажиллаж байна.
Улстөр нийгэм
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Улстөр нийгэм
Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон 2026 оны 07 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Ерөнхийлөгч Эмомали Рахмоныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Тажикистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал, Бүгд Найрамдах Тажикистан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хайрулло Ибодзода нар угтаж авлаа.


Энэ төрийн айлчлал нь Бүгд Найрамдах Тажикистан Улсын төрийн тэргүүний 2009 онд манай улсад хийсэн төрийн айлчлалаас хойш 17 жилийн дараа болж байна. Хоёр улсын Ерөнхийлөгч албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, боловсрол, спорт, геологи, ашигт малтмал, байгаль орчин, аж үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Төрийн тэргүүн нар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Тажикистаны “Үндэсний ногоон хөгжлийн хөтөлбөр-2040” хөтөлбөрийг уялдуулан хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

Улстөр нийгэм
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт эхэллээ
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд баталсан, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, тэгш байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 17 зорилгыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм.
Өмнөх хоёр жилд энэхүү яриа хэлэлцээгээр Жендэрийн тэгш байдал ба тогтвортой хөгжил, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институци гэсэн тогтвортой хөгжлийн 5, 16 дахь зорилгуудын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох Хөгжлийн төлөөх улс, орнуудын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тийм ч учраас Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Тогтвортой хөгжлийн зорилгуудын 35 хувь нь төлөвлөсөн түвшнээс доогуур хэрэгжилттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтууд улам бүр нарийн түвэгтэй болж байгааг дурдан, улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү үр дүнтэй түншлэл бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Тэрбээр, өнөөгийн нөхцөл байдалд 17 дугаар зорилгын хэрэгжилт чухлаар тавигдаж байгааг онцлоод, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай олон сорилтыг нэг улс дангаараа даван туулах боломжгүй гэлээ.
"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үр нөлөөтэй хамтын ажиллагааны чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд талархан дурдаад, Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион зохион байгуулахаар эрчимтэй ажиллаж байгааг мэдээлэв.
Тогтвортой байдлын яриа хэлэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамтаар санаачилсан НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, "Сайхан ирээдүйн төлөө" сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг мөнхүү онцоллоо. Дэлхий дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулж, тулгаран буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг тэрбээр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриалсан юм.
Түншлэл, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, санаачилгыг гаргаж, шинэлэг хандлага, хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чухал үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар технологи, инновацийн ололт амжилт, тэр дундаа хиймэл оюун ухааныг нийгмийн моралийг сэргээх, засаглалыг эрүүлжүүлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болгон ашиглах боломжтойг тэмдэглэж, авлигыг засах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, геополитикийн сорилтуудыг даван туулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхий дахины ардчиллын ухралтыг эерүүлж, түүнийг сэргээн батжуулах гарц шийдлийг олоход технологийн ололт, хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой саналыг дэвшүүлсэн тавив.
Тэрбээр хүн болгон AI-г эзэмшье гэсэн уриалгыг чуулга уулзалтын индрээс дэвшүүлж, гарц шийдэл бидний гарт байна, технологийн хүчээр дэлхийн ардчиллыг сэргээгч бүс нутгийн түүчээ болж, шинжлэх ухааны үндэслэлтэй улс төр, ухаалаг эдийн засаг, эв дүйтэй дипломат ажиллагааг нэгтгэн, хиймэл оюуныг хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө хөтөлж, ирээдүйгээ ухаалгаар, аюулгүйгээр, зоригтойгоор хамтдаа бүтээцгээе гэлээ.
Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төв (APARC) юм. Тус төвийн захирал, Япон судлал, социологийн профессор, ноён Киёотэрү Цуцуи чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны чухал механизмыг тогтвортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн “өөр” нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, тогтвортой хөгжлийн зорилгууд бол бидний хүсэн хүлээж буй ирээдүй учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй гэсэн юм.
Чуулга уулзалт хэсгийн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна
