Шударга мэдээ
Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Эмч нарын цалинг ирэх онд 75 хувиар нэмэгдүүлэхээр болж, нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Засгийн газрын тогтоолын дагуу ТҮЭМ, ТҮМ, ТҮ-ийн ангиллаар цалинждаг эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын үндсэн цалинг 2026 онд багтаан 3,000,000 (гурван сая) төгрөгт хүргэхээр дараах үе шаттайгаар нэмэгдүүлнэ:
- 2026 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс – 30 хувиар,
- 2026 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
- 2026 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
- 2026 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
- 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс - 9 хувиар,
- 2026 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс- 9 хувиар тус тус нэмэгдүүлж,
2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эмч, ажилтнуудын үндсэн цалинг 3,500,000 (гурван сая таван зуун мянга) төгрөгт хүргэнэ.
Нэг жилийн дотор 75 хувиар үндсэн цалинг нэмэгдүүлэхээр болсон нь эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал гэдгийг Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл онцлов.
Шударга мэдээ
Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлнэ
Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Дархан-Уул аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.
Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр гарын үсэг зуржээ.
Төслийн хүрээнд сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээний цогц загвар бий болгож, төслийн үр дүнд тулгуурлан цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх зорилготой.
Төслийн хэрэгжилт Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас эхэлж, 2029 оныг дуустал үргэлжилнэ.
Шударга мэдээ
Туул гол дээгүүр 476 метр урт гүүр барьж байна
Туул гол дээгүүр барих төмөр замын гүүрийн урт 476 метр бөгөөд барилгын ажил ид өрнөж байна.
Энэ хэсэгт баригдах бетонон гүүр нь төмөр замын хөдөлгөөнийг найдвартай, тасралтгүй нэвтрүүлэх чухал байгууламж бөгөөд уг ажлыг "Очирням" ХХК, "Тэргүүн саруул зам" ХХК, "Хотгорзам" ХХК зэрэг таван компани гүйцэтгэж байна.
Туул голын орчим нь газарзүйн хувьд нам дор, хотгор байрлалтай бөгөөд бороо ихтэй үед ус ихээр хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй. Энэ нь гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажлыг гүйцэтгэхэд хүндрэл учруулж байгаа ч инженер, техникийн ажилтнууд тухайн газрын хөрс, усны орчин нөхцөлд тохируулан шахуу графиктай ажиллаж байна.
Гүүрийн голын хойд талын хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж байгаа бөгөөд энд нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар дөрвөн дам нурууг байрлуулаад байна.
Уг ажлыг авто замын салбарт зам, талбайн тохижилт, засвар арчлалт, хатуу болон хайрган хучилттай авто зам, гүүр, туннель, үерийн хамгаалалтын далан зэрэг замын байгууламжийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай “Очирням” ХХК, “Хотгорзам” ХХК-ууд гардан гүйцэтгэж байна.
Компанийн удирдлагуудын мэдээлснээр газарзүйн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байгаа ч шаардлагатай инженерийн шийдлийг хэрэгжүүлж, дам нуруу угсралтын ажлыг төлөвлөсөн хугацаанд дуусгахаар хичээн ажиллаж байна гэв гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ.
Шударга мэдээ
Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч байна
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдээллийн эхэнд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб нь богино хугацаанд нөөцийг нэмэгдүүлэх, доголдлыг арилгахад анхаарч ажиллаж байгааг онцоллоо.
Тэрбээр "Өнгөрсөн хоногт Улаанбаатар хотод 155 ШТС, орон нутгийн 80 ШТС-д түгээлт хийсэн байна. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт хэрэгжиж байгаа бөгөөд зөөврийн саванд олгохгүй. Энэ нь аюулгүй байдлыг хангах үүднээс болон дамлан худалдахаас сэргийлж буй юм. Орон нутгийн иргэд намрын ургац хураалт, хадлантай холбоотой ШТС-уудаар зөөврийн саваар автобензин авч болно. Улаанбаатар хотод автомашины тэгш, сондгой дугаараар хэрэглэгчдэд нэг удаа 50,000 төгрөг хүртэл автобензин олгох зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ үед нөөцийг хэвийн болгох, хэвийн горимоор ажлаа үргэлжүүлнэ гэж найдаж байна. Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийг тогтворжуулах хүрээнд бусад эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч байна. Замын-Үүд боомтоор 2000 тонн дизель түлш орж ирсэн бөгөөд шилжүүлэн ачих ажиллагаа хийгдэж байна" гэлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/09/17
Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзав
-
Цаг үе2023/08/03
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Цаг үе2020/12/15
Зорчих хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг заавал уншуулна уу
-
Шударга мэдээ2024/12/27
Бодибилдингийн гавьяат тамирчин Б.Сугарсүрэн түүхэн амжилт үзүүллээ
