Улстөр нийгэм
Ковид-19 цар тахлын халдварын хорио цээрийн дэглэмийн үед ХЭҮК-оос хийж хэрэгжүүлж буй ажлууд
Дэлхий нийтэд Ковид-19 буюу цар тахлын халдвар, түүнээс урьдчилан сэргийлэхтэй холбоотойгоор нэн түрүүнд амьд явах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхийг хөндсөн юм. Үүний зэрэгцээ хүний бусад эрх, эрх чөлөөгөө хамгаалуулах, гадны улс оронд байгаа иргэд тухайн улсын иргэдийн адил эрх үүрэг эдэлнэ гэдэг хүний эрхийн олон төрөл хэлбэрийг хөндөж, хөдөлмөрлөх, сурч боловсрох, шилжин суурьших, аж ахуй эрхлэх зэрэг эрх зөрчигдсөн асуудал гарсаар байна.
2020 оны 04 дүгээр сард УИХ-аас баталсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 11.5-д “Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд энэ хуульд заасан арга хэмжээнд хяналт тавина” гэсний дагуу дараах ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна. Тухайлбал,
- Тус хуулийг батлан гаргах хэрэгцээ, шаардлага, түүнд хамаарах бусад хуулийн төсөлд хүний эрхийн зарчмууд, хэм хэмжээг тусгахыг санал болгож байв. Улмаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөлд болон түүнийг дагалдан гарсан хуулиудын төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, саналаа хүргүүлэв.
- ХЭҮК-ын удирдлагууд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөлд, хөл хорио, тусгаарлалтын явцад хүний эрхийн олон улсын эрх зүй, хэм хэмжээнд нийцүүлж, эрсдэлт болон туслалцаа шаардлагатай бүлгийнхний онцгой хэрэгцээг анхаарах, хариу арга хэмжээний үеэрх хүний эрхийн болзошгүй зөрчлийн эрсдлийг бууруулж шийдвэрлэх шаардлагатайг Улсын Онцгой Комисст сануулж, уулзаж, зөвлөмж өгч байсан болно.
- УИХ-ын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан нийслэлийн 6 дүүргийн 59 санал авах байр, 16 цэцэрлэг, 54 сургууль, 32 хорооны байр болон их, дээд сургуулиудын байр, дэлгүүр, номын сан, зэвсэгт хүчний анги зэрэг 50 байр, 19 аймгийн 93 санал авах байр, нийт 152 хэсгийн хороонд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нөхцөл байдалд үнэлгээ хийж, нэгдсэн дүнг үндэслэн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаж ажиллах талаар Сонгуулийн Ерөнхий Хороонд албан саналыг хүргүүллээ. Гадаад улс орноос ирсэн, түр тусгаарлагдаж байгаа иргэдийг УИХ-ын 2020 оны сонгуулийн санал өгөх боломжоор хангаж, сонгох эрхийг хангах талаар Улсын Онцгой Комисст санал хүргүүлсэн.
- Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2020 оны 05, 06, 07 дугаар сард НҮБ-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирустай холбоотойгоор оролцогч улсуудад ирүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилт болон хорио цээрийн дэглэмийг хэрхэн хэрэгжүүлж байгаа нөхцөл байдлыг тандаж, дараах байгууллагад хяналт шалгалт, үнэлгээ хийж ажиллалаа. Үүнд:
ü Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмадын асрамж, хөгжлийн төв
ü Хүүхдийн асрамжийн төв
ü Түр хамгаалах байр
ü Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
ü Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд
ü Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн анги, отрядууд
ü ШШГЕГ-ын харьяа Улаанбаатар хот, орон нутаг дахь 11 хорих ангид
ü ЦЕГ-ын харъяа баривчлах, түр саатуулах, эрүүлжүүлэх байрууд зэрэг 7 объектод байгаа хүмүүсийн нөхцөл байдалтай танилцаж, мэдээлэл цуглуулж, дүн мэдээллийг нэгтгэж, холбогдох газруудад ХЭҮК-ын гишүүний Шаардлага, зөвлөмж хүргүүлж, зөрчил, дутагдлыг арилгуулахад хяналт тавьж ажиллахыг зэрэгцээ НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг дэд хороонд мэдээлэл хүргүүлэхээр ажиллаж байна.

- БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, тус улсад оршин сууж байгаа Монгол иргэдийн гомдол, мэдээллийг хүлээн авч, шуурхай шалгаж шийдвэрлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийг нь хангахад хамтран ажиллах хүсэлтийг 2020 оны 03 дугаар сард хүргүүлснээр тус байгууллага өөрийн орны Эдийн засаг, сангийн яам, Эрүүл мэнд, нийгмийн халамжийн яам, Хүнсний болон эмийн аюулгүй байдлын яам мөн Хууль зүйн яам зэрэг төрийн байгууллагууддаа иргэний харьяаллаас үл хамааран үйлчилгээ үзүүлэх асуудлыг нийгмийн эрүүл мэндийн бодлогодоо тусгах, амны хаалт худалдан авах боломжгүй гадаад иргэдэд анхаарал хандуулж халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар саналыг илгээсэн билээ.
- Ковид-19-ийн үед хорио цээр тогтоосонтой холбоотойгоор гадаадаас эх орондоо ирж чадахгүй байгаа болон эх орондоо ирээд тусгаарлагдсан иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шийдвэрлүүлэхээр тухай бүрт Улсын онцгой Комисст шилжүүлж шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС
Улстөр нийгэм
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт эхэллээ
Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагааг дэмжих “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсын чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү чуулга уулзалтад олон улсын болон дипломат байгууллага, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчдын төлөөлөл, төрийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн нийт 600 орчим төлөөлөгч оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-аас 2015 онд баталсан, 2030 он хүртэл хэрэгжүүлэх ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалах, тэгш байдал, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах 17 зорилгыг хэрэгжүүлэх талаар бодлогын түвшинд санал солилцдог хамтын ажиллагааны платформ юм.
Өмнөх хоёр жилд энэхүү яриа хэлэлцээгээр Жендэрийн тэгш байдал ба тогтвортой хөгжил, Энх тайван, шударга ёс, хүчирхэг институци гэсэн тогтвортой хөгжлийн 5, 16 дахь зорилгуудын талаар ярилцсан бол энэ удаа 17 дахь зорилго болох Хөгжлийн төлөөх улс, орнуудын түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.
Тийм ч учраас Чуулга уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Тогтвортой хөгжлийн зорилгуудын 35 хувь нь төлөвлөсөн түвшнээс доогуур хэрэгжилттэй, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдсан сорилтууд улам бүр нарийн түвэгтэй болж байгааг дурдан, улс орнууд хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, илүү үр дүнтэй түншлэл бий болгох шаардлагатайг тэмдэглэсэн юм.
Тэрбээр, өнөөгийн нөхцөл байдалд 17 дугаар зорилгын хэрэгжилт чухлаар тавигдаж байгааг онцлоод, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал, өсөн нэмэгдэж буй сөргөлдөөн, үл итгэлцэл, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилт, усны нөөцийн хомсдол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг харилцан уялдаатай олон сорилтыг нэг улс дангаараа даван туулах боломжгүй гэлээ.
"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалт бүс нутгийн улс орнуудын харилцан итгэлцлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тогтвортой хөгжлийн нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үр нөлөөтэй хамтын ажиллагааны чухал индэр болж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд талархан дурдаад, Монгол Улс Риогийн гурван конвенцын нэг болох Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион зохион байгуулахаар эрчимтэй ажиллаж байгааг мэдээлэв.
Тогтвортой байдлын яриа хэлэлцээний энэхүү чухал платформыг Монгол Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан Г.Занданшатарын хамтаар санаачилсан НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга, "Сайхан ирээдүйн төлөө" сангийн тэргүүн Бан Ги Мүн олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага улам бүр чухлаар тавигдаж байгааг мөнхүү онцоллоо. Дэлхий дахины амар амгалан байдлын тогтолцоог сайжруулж, тулгаран буй хүндрэл, сорилтыг шийдвэрлэхийн төлөө тууштай хамтран ажиллахыг тэрбээр чуулга уулзалтын нээлтийн үеэр уриалсан юм.
Түншлэл, хамтын ажиллагааны шинэ арга хэлбэр, санаачилгыг гаргаж, шинэлэг хандлага, хүчин чармайлтаа эрчимжүүлэхэд "Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чухал үр дүн гаргана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа тэрбээр илэрхийлэв.
Чуулга уулзалтыг санаачлагч Монгол Улсын Ерөнхий сайд асан Г.Занданшатар технологи, инновацийн ололт амжилт, тэр дундаа хиймэл оюун ухааныг нийгмийн моралийг сэргээх, засаглалыг эрүүлжүүлэхэд хамгийн хүчтэй зэвсэг болгон ашиглах боломжтойг тэмдэглэж, авлигыг засах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, геополитикийн сорилтуудыг даван туулж, аюулгүй байдлыг хангах төдийгүй дэлхий дахины ардчиллын ухралтыг эерүүлж, түүнийг сэргээн батжуулах гарц шийдлийг олоход технологийн ололт, хиймэл оюун ухааныг ашиглах тодорхой саналыг дэвшүүлсэн тавив.
Тэрбээр хүн болгон AI-г эзэмшье гэсэн уриалгыг чуулга уулзалтын индрээс дэвшүүлж, гарц шийдэл бидний гарт байна, технологийн хүчээр дэлхийн ардчиллыг сэргээгч бүс нутгийн түүчээ болж, шинжлэх ухааны үндэслэлтэй улс төр, ухаалаг эдийн засаг, эв дүйтэй дипломат ажиллагааг нэгтгэн, хиймэл оюуныг хүний эрх чөлөө, сайн сайхны төлөө хөтөлж, ирээдүйгээ ухаалгаар, аюулгүйгээр, зоригтойгоор хамтдаа бүтээцгээе гэлээ.
Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулагчдын нэг нь Стэнфордын их сургуулийн Ази, Номхон далай судлалын төв (APARC) юм. Тус төвийн захирал, Япон судлал, социологийн профессор, ноён Киёотэрү Цуцуи чуулга уулзалтад оролцогчдод амжилт хүсэж хэлсэн үгэндээ хамтын ажиллагааны чухал механизмыг тогтвортой үргэлжлүүлэх нь бүс нутгийн хөгжлийн үйл явцад ач холбогдолтойг онцлов.
Тэрбээр дэлхийн олон нийт өнөөдөр ихээхэн “өөр” нөхцөл байдалтай тулгарч байгааг хэлээд, тогтвортой хөгжлийн зорилгууд бол бидний хүсэн хүлээж буй ирээдүй учир хэрэгжилтийг эрчимжүүлэх үр дүнтэй арга хэрэгслийг бүрэн дүүрэн ашиглах зүйтэй гэсэн юм.
Чуулга уулзалт хэсгийн хэлэлцүүлгүүдээр үргэлжилж байна
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн бэлтгэл ажилтай танилцлаа
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын дарга Б.Батцэцэг 2026 оны 7 дугаар сарын 2-ны өдөр бага хурал зохион байгуулах талбайн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр COP17 бага хурлын Бэлтгэл ажлын албаны дарга Б.Гантуяа болон хурлыг зохион байгуулах байр, барилга байгууламжийн дэд хорооны Нарийн бичгийн дарга Б.Баттулга бага хурлын талбайн бүтээн байгуулалтын явцыг танилцуулж, түүний дотор Цэнхэр бүс (Blue Zone) болон Ногоон бүс (Green Zone)-ийн байгууламж, зохион байгуулалтын бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэв.

Монгол Улс ирэх 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд UNCCD COP17 бага хурлыг эх орондоо зохион байгуулснаар байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээрх олон улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг ахиулах, дэлхий нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бүх нийтийн хүчин чармайлтад бодит хувь нэмэр оруулах юм.

Бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улс зохион байгуулагч орны хувьд UNCCD COP17 бага хурлын НБДГ-тай нягт хамтран ажиллаж, хурлын зохион байгуулалт, дэд бүтэц, логистик, аюулгүй байдал болон бусад бүх талын бэлтгэлийг төлөвлөгөөний дагуу эрчимтэй ханган ажиллаж байна.
Улстөр нийгэм
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
