Цаг үе
Осол гэмтлээс хүүхдүүдээ хамгаалъя!
Зуны амралт, аялал зугаалга эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагч, олон нийтэд зориулан дараах зөвлөмжийг хүргэж байна.
1. ӨНДРӨӨС УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ:
- Цонх, тагтны салхивчинд зориулалтын хамгаалалтыг хийлгэх
- Цонх, тагтны дэргэд хүүхэд авирах боломжтой ор болон бусад эд зүйлсийг байрлуулахгүй байх
- Хүүхдийг цонх, тагтнаас хол тоглуулж байх
- Цонх, салхивчийг бага насны хүүхэд онгойлгож чадахааргүй зориулалтын түгжээгээр түгжих
- Өндрөөс үсэрч буй баатрын тухай адал явдалт болон хүүхэлдэйн киноны талаар хүүхдэд зөв ойлголт өгч, даган дуурайхгүй байхыг анхааруулах
2. ҮЕР УСНЫ АЮУЛААС СЭРГИЙЛЭХ:
- Гол, ус гатлахдаа зориулалтын зам, гүүр гарамаар гарах
- Хүүхдийг гол мөрөн, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй, ганцааранг нь болон бага насны хүүхэдтэй хамт явуулахгүй байх
- Усан орчин, гол горхи, усан сан, бассейнд хүүхдийг хараа хяналтгүй тоглуулахгүй байх
- Голын ойр орчимд тоглуулах үедээ аврах хантааз өмсүүлэх
- Гол мөрөн үертэй үед усанд орох, гол гатлах, зугаалах, загасчлахгүй байх
3. ТҮЛЭГДЭХЭЭС СЭРГИЙЛЭХ:
- Халуун тогоотой хоол, цайг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
- Хүүхдийн хоолыг 50-60 хэм хүртэл хөргөх
- Хооллох ширээнд аль болох урт, унжсан бүтээлэг хэрэглэхгүй байх
- Шүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
- Индүү, үсний хайч зэргийг хэрэглэж дуусаад салгасан даруй хүүхдийн гар хүрэхгүй газарт байршуулах
- Хоолны сав, бариулыг плита, зуухны ар тал руу харуулан байрлуулах
4. ГЭР АХУЙН ОРЧИНД ОСОЛ ГЭМТЭЛД ӨРТӨХӨӨС СЭРГИЙЛЭХ:
- Шатамхай материалыг агааруулагчтай ойр байлгаж болохгүй
- Сэнс болон цахилгааны утсыг ил задгай орхихгүй байх, уртасгагч болон ханын залгуурын нүх, сэнсний ирийг нь хаах
- Ариун цэврийн өрөөний шалан дээр хальтирч унахаас болгоомжилж, хуурай байлгах
- Бүх төрлийн угаалгын нунтаг, хортонтой тэмцэх химийн бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, далд газар хийх
- Хүүхдээ ганцааранг нь үлдээхгүй байх, балконы хаалгаа түгжсэн эсэхийг тогтмол шалгах хэрэгтэй.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
Цаг үе
Хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 40 хувьд хүрлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын санаачилсан “За бол заавал хийе” аяны хүрээнд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй хамруулах ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А/255, А/254 дүгээр хамтарсан тушаалаар цэцэрлэг, сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэж, аравдугаар сарын 1-нээс эхлүүлсэн.Үзлэгийг арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулж, зорилтот насны хүүхдүүдийн эрүүл мэндийн эрсдэлийг эрт илрүүлэх, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох, цаашдын хяналтыг үргэлжлүүлэх зорилготой юм.

2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд үзлэгт хамрагдах 291,998 хүүхдээс 118,090 хүүхэд хамрагдаж, нийт хамрагдалт 40.4 хувьд хүрлээ.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн эрт илрүүлгийн зохион байгуулалт, явцтай танилцлаа.
Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгээр гурав, зургаа, 11, 15 настай хүүхдүүдийг нас, хөгжлийн онцлогт нь тохирсон багц үзлэг, үнэлгээнд хамруулж байна.


Цаг үе
2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлаа
2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан залуус албаа нэр төртэй хааж, өнөөдөр халагдлаа.

Энэ үеэр НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн алба хааж буй залуусын 40 орчим хувь нь алба хаах хугацаандаа мэргэжил эзэмшиж, тэсвэр хатуужил, ёс суртахуун, зарчим, хувийн зохион байгуулалтыг сурч, хөгждөг. Цэргийн албаа нэр төртэй хаасан залуустаа баяр хүргэж, сурсан мэдсэн бүхнээ ашиглан, эх орныхоо өнцөг бүрд ажиллаж, сурч, хөдөлмөрлөн, цэргийн албаны нэр төрийг өндөрт өргөж явахыг уриалж байна” гэлээ.
Цэрэг, дайчдын халагдах үйл ажиллагаа жанжин Д.Сүхбаатарын талбайд болж, гэр бүлийнхэнтэйгээ уулзсан юм. Халагдсан цэргүүдийн сэтгэгдлээс хүргэж байна.
Б.Дөлгөөнмөрөн: Цэрэгт амьдралд хэрэгтэй олон зүйлийг сурдаг

-Зэвсэгт хүчний 032 дугаар ангид алба хаасан. Төрийн хүндэт харуулын анги, төрийн ёслол, хүндэтгэлийн утга агуулга гүнзгий учраас бахархдаг. Өглөө эрт босох, цаг баримтлах гээд амьдралд хэрэгтэй олон зүйлийг цэрэгт явснаар сурдаг.
З.Цэрэндорж: Цэргийн алба хааснаар аливаад буурьтай ханддаг болсон

-Цэргийн албаа нэр төртэй хаагаад ирлээ. Сэтгэгдэл өндөр байна. Найзуудаасаа сална гэхээр уйтгартай боловч цэргийн албанаас их юм сурч, албаа амжилттай хаасандаа баяртай байна. Цэргийн алба хааснаар эр хүн болж төлөвшиж, юманд буурьтай, суурьтай ханддаг болсон. Жолооны үнэмлэхтэй халагддаг. Олон юм сурч, үеийн залуусынхаа хаана яваагаа мэдэрлээ.
Б.Батдэлгэр: Цэрэгт мартагдашгүй дурсамж, олон найзтай боллоо

-Цэрэгт мэргэжил эзэмшиж, жолооны үнэмлэхтэй ч болдог. Хувийн зохион байгуулалт, эх оронч үзэл, сахилга бат, тэсвэр тэвчээртэй байхыг цэргийн албанаас сурсан. Нэг жилийг хамтдаа өнгөрүүлсэн олон найзтай боллоо.



Цаг үе
Б.Пүрэвдавга: “Sky Shuttle” нийтийн тээврийн барилга угсралтын ажлыг гуравдугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна
CОP17 бага хурлын үеэр Улаанбаатар хотын нийтийн тээвэрт “Sky Shuttle” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, BYD группийн удирдлагуудтай санамж бичиг байгуулсан билээ. Энэхүү санамж бичгийн хүрээнд төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өнөөдөр BYD группийн “Sky Shuttle” төслийн захирал Никола Жан тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар “Sky Shuttle” төслийн ТЭЗҮ-ийг CОP17 бага хурлын удирдамжийн дагуу энэ арванхоёрдугаар сард багтаан боловсруулж, ирэх оны гуравдугаар сараас барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр урьдчилсан байдлаар тохиролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид ямар нэгэн эргэлзээгүйгээр 2027 онд BYD группийн “Sky Shuttle” төслийг тэргүүн зэрэгт хэрэгжүүлж эхлүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу BYD групптэй холбоотой гурван үндсэн чиглэлээр ажлын хэсэг байгуулсан” гэв.
Нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Sky Shuttle” нь батарейгаар ажиллаж, тусгай зориулалтын өндөрлөсөн замаар зорчих юм. Ингэснээр авто замын түгжрэлээс үл хамааран нийтийн тээврийн хөдөлгөөнийг зохион байгуулах боломж бүрдэнэ хэмээн албаныхан онцлов.


-
Улстөр нийгэм2023/10/25
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченког хүлээн...
-
Улстөр нийгэм2020/07/02
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Цаг үе2025/03/17
Зайсангийн зүүн гүүр буюу шинэ гүүрний шон суурилуулах ажлын явц 40 хувьтай үргэ...
-
Улстөр нийгэм2021/11/11
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
