Цаг үе
Перугийн алдарт Мачу Пикчу

Та бүхэнд Перу улсад орших Мачу Пикчу гэх эртний инкүүдийн хотын тухай танилцуулж байна. Мачу Пикчу (Англи хэл:Machu Picchu) буюу Кечуа хэлээр "Хуучин оргил" хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.
Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.
Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ.
Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм. Уг хотыг үзэхээр зөвхөн 2003 онд л гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байгаа хэрэг билээ.
Цаг үе
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: 3-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, эрс сэрүүсэж, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 1-6 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 9-11 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 04-нөөс 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 4-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар эрс сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.
-
Улстөр нийгэм2022/08/15
Нийслэлийн 28 байршил 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг дахин төлөвлөж, барил...
-
Шударга мэдээ2022/08/16
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын замд борооны ус зайлуулах шугам угсарч байн...
-
Цаг үе2022/11/10
“Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем”-ийн үйл ажиллагаа ирэх...
-
Цаг үе2021/02/05
Гал түймрийн аюулаас 90 иргэний амь насыг авран хамгааллаа