Урлаг спорт
Н.Байгалмаа: “Gobi challenge” төсөл Монголын гадаад орчин дахь томоохон сурталчилгаа болно
Үзэсгэлэнт байгалиараа гайхагддаг Монголын говь, говийн гайхамшиг хэмээгддэг тэмээн соёлыг сурталчлан таниулах “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоу цуврал нэвтрүүлгийн анхны дугаар ирэх бямба гарагт буюу нэгдүгээр сарын 9-нд “ТВ8” телевизээр үзэгчдийн хүртээл болно. “Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сангаас хамтран зохион байгуулсан “Gobi challenge-2020” төслийн талаар “Тэмээн жинчин” сангийн тэргүүн Н.Байгалмаатай ярилцлаа.
-“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал реалити шоу үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ шоу юуг өгүүлэх вэ?
-“Эрхэт Монгол” медиа групп, “Тэмээн жинчин” сан хамтран Монголд анх удаа нийгмийн салбар бүрийн төлөөллийг оролцуулан өвлийн жавар хайрч эхэлсэн цаг хугацаанд “Gobi challenge-2020” тэмээн аяллын төслийг амжилттай хэрэгжүүллээ. Монголчууд бид нүүдэлчдийн үр сад. Гэтэл өнөөдөр ахуй амьдралдаа малыг гаршуулан хэрэглэдэг нүүдэлчдийн ухааныг мартаж байна. Тэмээ унахыг тамлалт гэж хардаг хүн олон болж. Бүр таван хошуу малыг мэддэггүй залуучуудтай таарч байна. Тиймээс бид уламжлалт мал аж ахуй, нүүдэлчдийн ахуй соёлоо түгээн дэлгэрүүлэх үүднээс “Gobi challenge” төслийг хэрэгжүүлсэн. Монголыг монгол байлгаж ирсэн зүйл нь нүүдэлчдийн ахуй соёл юм. Дээрээс нь малыг ахуй амьдралдаа зөв хэрэглэнэ гэдэг бол монгол ухаан. Асар суу ухаан юм шүү.
Энэ шоунаас мөн хүн гэдэг амьтан сэтгэлзүйн хувьд ямар сонирхолтой судлагдахуун болохыг харж болно. Байгаль ертөнц хүний дотоод дуу хоолойг сэрээж өгдөг. Тэр утгаараа говьд хээр байрлан 650 км тэмээгээр аялахад хүний мөн чанар танигдана. Миний хамгийн их эмзэглэж байгаа зүйл бол орчин цагийн хүмүүс нийтээрээ сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй болсон шиг санагдах болсон. Надад ч энэ эмгэг анзаарагддаг. Би заримдаа бухимдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, бусдад бурууг өгөх гэдэг. Жижигхэн асуудлыг том хэмжээнд дэврүүлдэг. Мэдээж телевизийн шоу гэдэг утгаараа “Gobi challenge-2020” олон өдрийн эксрим аялалд хүн оролцсон болохоор харилцааны олон асуудал аяллын шугам дээр гарна. Магадгүй гуравдагч хүний нүдэнд сүртэй асуудал биш боловч тухайн хоёр хувьд хүнд асуудал байж болох шүү дээ. Аяллын нөхцөл байдал хүний унаган араншинг хурцалдаг. Харин дүгнэлтийг үзэгчид хийх цаг тун ойртож байна.
-Н.Байгалмаа гэдэг нэр “тэмээчин бүсгүй” гэх тодотгол дагуулдаг. Тэр утгаараа тэмээн аялал зохион байгуулсан уу?
-Хүн хажуудаа ямар үнэтэй зүйл оршиж байгааг мэддэггүй. Монголын говь марс гарагтай хөрсний бүтэц, байгалийн тогтоц гээд олон зүйлээрээ адил төстэй. Энэ утгаараа удахгүй Монголын говь дэлхийн марс болно. Марстай төстэй шинж чанараараа Монголын говь шинжлэх ухаан, одон орон судлалын төв болно. Бас тэмээний өлгий нутаг учраас Монголын говь дэлхийн аялал жуулчлалын гол бүс нутаг болно. Үнэндээ говь бидний олж харж байгаагүй үнэт эрдэнэ байсан. Тэр бүхнийг дэлхий дахинд харуулахыг зорьж “Gobi challenge-2020” тэмээн аяллыг зохион байгуулсан юм. Аяллын хүрээнд Толь хад, Сайн сарын хөндий, Ноён уул, Тост, Тосон бумбын нуруу, Хэрмэн цав, Зуунмод, Зулганай, Наран даац, Нэмэгт, Их хонгил, Сэврэй хайрхан, Хонгорын элс зэрэг Өмнөговь аймгийн Ноён, Гурвантэс, Сэврэй сумын нутагт орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар 650 км аялсан.
-Та өмнө нь олон аялал зохион байгуулж байсан. Чухам яагаад “Эрхэт Монгол” медиа групптэй хамтран аялал зохион байгуулах болсон юм бэ?
-“Хүн хурдан явъя гэвэл ганцаар, хол явъя гэвэл багаар яв” гэдэг. Би өнөөдрийг хүртэл буюу долоон улсаар хоёр жилийн хугацаанд үргэлжилсэн аялалдаа ганцаараа явдаг байсан. Санаа нийлсэн баг байхгүй учраас маш олон бэрхшээлтэй тулгарч байлаа. Олон ч удаа бүтэлгүйтсэн. “Gobi challenge 2020” аяллыг зохион байгуулахынхаа өмнө “Монгол давлагаа” төсөл хэрэгжүүлсэн ч санхүүгийн болон багийн хүч дутмаг учраас амжилтгүй болсон. Дээрээс нь хамтын ажиллагааны гэрээ байгуулсан ч биеллээ олж байсан төсөл ховор байв. Энэ бүхнээс би гар нийлсэн сайн багийн хүч хэчнээн хэрэгтэй болохыг ойлгосон. Тиймээс “Эрхэт Монгол” медиа групптэй хамтарч ажилласан. “Эрхэт Монгол” медиа группийн ерөнхий захирал Х.Мандахбаяр ахыг би сэтгүүлзүйн салбар болон контентийн салбарт олон жил манлайлж ажиллаж байгааг мэднэ. Энэ хүнтэй танилцсан цагаасаа эхлэн үнэнхүү ажил хэрэгч болохыг нь мэдэрсэн. Өчигдөр өгсөн амлалт нь өнөөдөр үр дүнгээ өгдөг нь итгэл үнэмшил төрүүлсэн юм. Би энэ хүнийг дайчин гэж хардаг. Аливаа юмны шийдэл, гаргалгаа сайн олдог. Хэлсэндээ эзэн байдаг. Хийх гэж байгаа зүйлээ зөв гэж харж чадсан бол гайхалтай үр дүнд хүргэж чаддаг алсын хараатай хүн болохыг би “Gobi challenge” төслийг хамтран зохион байгуулахдаа олж харлаа. Бидний хамтын ажиллагааны үр дүнд нь “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аялал амжилттай хэрэгжсэн.
-“Gobi challenge” тэмээн аялал цаашид хэрхэн үргэлжлэх бол?
-Цаашид төслөө олон улсын хэмжээнд зохион байгуулна. Бид дэлхий нийтэд монгол өв соёлоороо, өвөрмөц байгалиараа гайхагдах учиртай. Бидний бүтээсэн “Gobi challenge-2020” аялал, контент нь Монголын аялал жуулчлалын урсгалд ихээхэн боломж нээнэ гэж итгэж байгаа. Миний мэдэхийн сүүлийн 20-иод жил Монголын өвлийн аялал жуулчлалын тухай дорвитой хийсэн зүйл байхгүй. Харин бидний хэрэгжүүлсэн төсөл Монголд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой ба бидэнд өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн бааз суурь нь бэлэн байгааг ойлгуулсан гэж бодож байна. Гол нь бид бэлтгэл ажлыг сайн хийж чадвал гаднын аялагчид дуртай хамрагдах болно. Уул уурхайгаа ухахгүйгээр байгальтайгаа зөв зохистойгоор харьцаж болох шилдэг гаргалгааг “Gobi challenge” төслөөрөө танилцуулсан гэж бодож байна.
-“Gobi challenge-2020” төсөл говийн үзэсгэлэнт байгаль, тэмээн соёлоор дамжуулан өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын гадаад сурталчилгаанд үнэтэй хувь нэмэр оруулах эрхэм зорилготой. Зорилгоо биелүүлж чадсан уу?
-Энэ бол “Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын багийн бүх гишүүдийн зорилго байсан. Ер нь нийт монголчуудын хүсдэг зүйл шүү дээ. Манай баг зорилгодоо амжилттай хүрсэн гэж хэлэх байна. Үр дүн нь бидний зохион байгуулсан аяллууд Монголын өвлийн аялал жуучлалд үзүүлэх нөлөөллөөс шалтгаалан яригдах байх.

-Та тэмээг, тэмээн аяллыг мэднэ. “Gobi challenge-2020” төслөөр дамжуулан олон нийтэд хүргэх санаагаа хэр гүйцэтгэсэн гэж үзэж байна вэ?
-Энэ удаагийн аялал миний хувийн хийдэг аяллаас өөр байсан. Маш олон том бүрэлдэхүүнтэй баг ажилласан болохоор баг хоорондын уялдааг хангаж ажиллах учиртай болсон. Би хэзээ ч 100 хувь сайн байна гэж байхгүй. Тэр утгаараа би өөртөө чамлалттай байгаа. Гэхдээ би байж болох хамгийн сайн хувилбараараа ажилласан. Алдаа дутагдал ч гарсан. Магадгүй хүмүүст тавьсан ажлын шаардлага маань хатуудсан байхыг үгүйсгэхгүй. “Gobi challenge-2020” шоу нэвтрүүлгийн зарим дугаарт би бухимдчихсан ташуур эргүүлээд зогсож байгаа /инээв/. Яагаад гэвэл би аяллын бүх бэрх шалгуурыг туулсан. Миний хувьд хүнд санагдахгүй байгаа асуудал багийн маань гишүүдийн хувьд ачаалалтай, бэрхшээлтэй санагдаад байсан. Энэ болгонд тухайн хамтрагчаа доожоогүй, сэтгэлийн тэнхээгүй гэж шүүмжлэн түрэмгий хандсан тал бий.
-Байгаль, хүн, тэмээ хоорондын харьцаа хүний дотоод мөн чанарт хэрхэн нөлөөлдөг нь сонин байна?
-Даяаршлын нийгэмд монгол хүн ямар эмзэг, ахуй соёлоосоо хэчнээн холдсон болохыг тэмээн аялал бидэнд сануулж байна. Ер нь даяаршлын нийгэм гэдэг нь үндэстний онцлог шинжийг устгадаг том дайн гэж үзэж болно. Бүх талбараар бидний нүүдэлчин соёл руу дайрч байна. Монголчууд бидний далд ухамсарт байдаг үндэсний хэв шинжийг үгүй хийгээд байхаар монголчууд унтаа байдалд шилжиж байна. Харин унтаа байдалд байгаа хүмүүсийн дотоод мөн чанарыг сэрээх нэгэн арга нь тэмээн аялал. Монгол хүний уг чанарыг ойлгуулах гэж, нийт олны сэтгэл санааг өргөх гэж хийсэн аялал юм. “Gobi challenge-2020” аялал маань реалити шоу хэлбэрээр үзэгчдэд хүрэх учраас хүний сэтгэлийн олон талын зөрчилдөөнийг харуулах болно.
-Та бид хоёрын ярилцлага анхнаасаа монгол хүний онцлогийн талаар өрнөсөн. Тэгэхээр “Gobi challenge-2020” реалити шоу зөвхөн тэмээний талаар биш байнх нь.
-Монгол хүн бүр энэ шоуг заавал үзээсэй гэж хүсэж байна. Тэгээд үзсэнийхээ дараа нэг зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна. Заавал тэмээ унаад Монголоороо аялж байгаа бидний нөхдийг магтан дуулах албагүй л дээ. Харин өөрийнхөө яах гэж амьдарч байгаагаа ухамсарлаж, үүргээ биелүүлээсэй гэж хүсэж байна. Та нэг удаа л амьдарч байгаа. Дахиж таны амьдран буй энэ цаг үе тохиохгүй. Тэгэхээр амьдралаа хэчнээн үнэ цэнтэй болохыг ухамсарлаж, хувь тавилангаа үнэтэй болгож хувиргах учиртай. Ямар нэгэн байдлаар нийгэм болоод эргэн тойрныхоо хүмүүст зөв нөлөөлөлтэй амьдрахыг гуймаар байна. Би уулзсан хүн болгондоо энэ тухай л хэлэхийг хичээдэг.
-Удахгүй хүн төрөлхтөн цар тахлыг ялна. Тэр цагт Та Лондон хүрэх тэмээн аяллаа үргэлжлүүлэх үү?
-Ажил хийвэл дуустал хийх ёстой. Надад санаснаа гүйцээх хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа. Тиймээс аяллаа амжилттай дуусгахыг тэсэн ядан хүлээж байна. Мэдээж цар тахал мөнх үргэлжлэхгүй. Хүн төрөлхтөн шийдлийг заавал олно. Тэр цагт байж болох бүх сайн хувилбараар зорьсноо биелүүлэх болно. Сайн цаг ирээсэй хэмээн уухайлан, хурайлан, залбиран сууж байна.
-“Наран ургах дорно зүгээс тэмээчин бүсгүй монгол өв соёлыг тээн Лондонг чиглэн явна” гэх уянгын тодорхойлолтууд уншиж байсан юм байна. Та чухам юунд зорьж яваа юм бэ?
-Монгол өв соёлоо сурталчлах асар том үүргийг өөртөө үүрээд явдаг нь худлаа биш шүү дээ /инээв/. Ер нь харь улсад тэмээ унаад явж байхад намайг “Н.Байгалмаа, тэмээчин бүсгүй” гэж ярихгүй. Харин Монгол хүн гэж ярина. “Монгол гэдэг улсын бүсгүй нь ийм жавхаатай байхад ард нь байгаа эрчүүд нь ямар хүчирхэг хүмүүс байдаг бол” гэсэн бодлыг тэр хүмүүс аваад үлддэг гэдэгт би итгэдэг. Тиймээс ч гаднын ихэнх хүн надтай уулга алдаж, гайхаж, биширч уулздаг. Би “Жижигхэн биетэй шавилхан бүсгүй нь ийм эрэмгий байхад өвөг дээдэс нь болох нүүдэлчин монголчууд дэлхийн талыг эзэлж байсан нь гарцаагүй үнэн юм байна” гэдэг ойлголтыг дархалж яваа юм. Нөгөөтээгүүр Дорно, Өрнийг холбосон түүхийн болоод соёлын асар том өгөөжийг өгсөн Торгоны зам бол нүүдэлчдийн бүтээсэн зүйл. Торгоны замд яалт ч үгүй монгол угсаатны оролцоо өндөр байсан гэдгийг харуулах нь миний зорилго. Энэ ойлголтыг дэлхий дахинд сануулахыг, тамгалахыг хүсэж байна. Өнөөдрийн хувьд Торгоны замыг эдийн засгийн чадамжаараа далайлган нэгэн улс эзэмшээд “Нэг зам, нэг бүс” гэдэг төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ нь даамжирсаар Монголын гэх тодотголтой бүхнийг өөртөө агуулах оролдлого болж байна. Цаашлаад энтертэйнмент арга хэлбэрүүдээр дамжуулан Монголын түүхийг гуйвуулах замаар хүн төрөлхтний тархийг угаах боллоо. Энэ гажуудлын эсрэг би тэмээгээ унаад явж байгаа юм. Үүнийгээ би монгол хүн болж төрсний үүрэг гэж ойлгодог. Үүргээ хангалттай сайн биелүүлж байгаа гэж боддог.
-“Gobi challenge-2020” олон өдрийн тэмээн аяллын талаар дэлгэрэнгүй танилцуулсанд баярлалаа. Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Дахин тодотгож хэлэхэд, миний зорьсон үйлийг дэмжиж, хэцүү цаг үед том хамт олноо дайчлан ажилласан “Эрхэт Монгол” медиа групп, захирал Х.Мандахбаярт баярлалаа. Бас бидний аяллын нэг хэсэг болж оролцсон бүх хүнд талархсанаа илэрхийлье. Олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн “Gobi challenge-2020” үндэсний контент нь дэлхийн контентийн зах зээлд түгнэ гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл би аялал жуулчлалын харилцаа холбоондоо тулгуурлан харилцагчиддаа “Gobi challenge-2020” төслийн талаар мэдээлэл өгсөн юм. Тэгсэн бидний аялалд нэгдэх сонирхолтой хүн олон байна. Тэгэхээр ирэх жил нэг биш хэд хэдэн газар “Gobi challenge” олон өдрийн тэмээн аялал өрнөж магадгүй байна. Нэвтрүүлэг цацагдаагүй байхад хүлээлт өндөр байгаа юм. Тэгэхээр “Gobi challenge” төсөл Монголын гадаад орчин дахь томоохон сурталчилгаа болно гэдэгт итгэж байна.

Урлаг спорт
Гучин мянган гүйгч оролцох Бостоны алдарт марафон өнөөдөр болно
АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг Бостоны марафон гүйлтийн энэ жилийн тэмцээн орон нутгийн цагаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өглөө эхэлнэ.
Энэ удаагийн марафонд 30 мянгаас давсан гүйгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд зохион байгуулагчид оролцогчдын урсгалыг илүү оновчтой зохицуулах зорилгоор олон нийтийн хөдөлгөөний судалгааны мэргэжилтэнг татан оролцуулжээ.
Тодруулбал, Их Британийн судлаач марафоны маршрутыг өөрчлөхгүйгээр гарааны зохион байгуулалт, усны цэгүүд болон барианы хэсгийн урсгалыг сайжруулах боломжтойг онцоллоо.
Мөн оролцогчдын бөөгнөрлийг бууруулах зорилгоор гарааг өмнөх жилүүдийн дөрвөн хэсгээс зургаан “долгион” болгон өөрчилсөн нь ачааллыг тараахад чиглэж байна. Зохион байгуулагчид энэхүү зохицуулалт нь марафоны уламжлалт хэлбэрийг хадгалахтай зэрэгцэн оролцогчдын аюулгүй байдал, тав тухыг сайжруулахад чиглэж буйг мэдээллээ.
Сонирхуулахад, Бостоны марафон нь дэлхийн хамгийн эртний марафонуудын нэг бөгөөд анх 1897 онд зохион байгуулагдсан. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн бөгөөд АНУ-ын Эх орончдын өдөрт зориулан дөрөвдүгээр сарын гурав дахь Даваа гаригт уламжлал болгон явуулдаг.
Олон улсын марафоны тэмцээнүүд дундаас нэр хүндээрээ тэргүүлэх энэхүү уралдаанд оролцохын тулд гүйгчид тодорхой босго хугацаа давсан байх шаардлагатай нь онцлог юм.
Урлаг спорт
Морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх сарын 5-наас толилуулна
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Энэхүү жүжгээр өсвөр насны хүүхэд – эцэг эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөндөх болно.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.
-
Улстөр нийгэм2020/03/31
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл"...
-
Улстөр нийгэм2021/10/14
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Урлаг спорт2022/07/22
Сувилагч Б.Алтантуяа хавдрын эсрэг 650 км зам туулах холын зайн гүйлтээ эхлүүллэ...
-
Улстөр нийгэм2023/02/16
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д бараалхав
