Улстөр нийгэм
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 09-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Элчин сайд уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд "Ковид-19" халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв.
Тэрбээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий манай хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна гэв.
Ялангуяа "Ковид-19" халдвартай тэмцэх явцад харилцан туслалцаа дэмжлэг үзүүлж, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллаж байгаагийн үр дүнд манай хоёр улсад харилцан зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлов.
БНХАУ-ын дарга Си Жиньпин 2020 оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд хандаж Хятад Улс "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг бүтээж дэлхий нийтийн хүртээл болгож хамтран ажиллана гэж мэдэгдсэнийг Элчин сайд дурьдаж, дээрх мэдэгдэл бодит ажил хэрэг болж тус улс КОВАКС хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан талаар танилцуулав. Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн улсад үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 улсад тусламжийн хэлбэрээр нийлүүлэх бөгөөд Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа болохыг мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд БНХАУ-ын Засгийн газраас нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр 5 удаа олгож, харилцан мэдлэг туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн явдалд Эрүүл мэндийн сайдын хувиар гүн талархлаа илэрхийллээ.
Тэрбээр Монгол Улсын нийслэлийн хэмжээнд багц халдварын голомтууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар товч танилцуулж, цаашид хоёр улсад харилцан халдвар зөөвөрлөгдөөгүй байгаа амжилтыг хадгалахын төлөө хичээж ажиллахын сацуу цартахлын нөхцөл байдал намжиж, халдварыг хяналтдаа авсан цагт хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бусад олон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Улстөр нийгэм
Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлж, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн дэвшүүлсэн саналыг сонсож зарим асуудлыг шийдвэрлэв.
Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцууллаа.
Хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барих тооцоолол гаргажээ.
COP-17 хурлаас өмнө цэнэглэх 40 станц байгуулна. 2030 он гэхэд Монгол Улсад 50 мянган цахилгаан машины эрэлт бий болно.
Таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг халж, 200 сая ам.доллар хэмнэх тооцоолол гарчээ.

Тиймээс энэ ажлыг ганц компани биш хувийн хэвшлүүд хамтран хэрэгжүүлэх нь чухал. Сонирхсон аж ахуйн нэгж, компаниудад бүрэн нээлттэй. Улаанбаатар хотын худалдааны танхим холбох гүүр, платформ нь болж ажиллана гэж тус танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ хэлэв.
Тус хөтөлбөрийн хүрээнд энэ жил Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөжээ. Нийслэл болон орон нутагт аль байршлуудад цэнэглэх станцаа суурилуулахаа шийдвэрлэх шаардлагатайг хэллээ.
Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар цэнэглэх 500 станц байгуулчихвал шөнийн цагаар цэнэглэхэд хямд үнэтэй байх ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүлэх юм байна. Цахилгаан машинтай жолооч нэг жилд долоон сая орчим төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо хийжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлээ дэмжинэ, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангана гэдгийг онцлоод Сангийн яам татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлаа яаралтай тогтоож өгөхийг тус тус үүрэг болгов.
Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд "Ногоон өртөө" буюу цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, 00 зэрэг цогц байгууламжтай байя. Хувийн хэвшлүүд хэрэгжүүлбэл татварын бодлогоор дэмжинэ. Бид газар олгоход бэлэн гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй, 0.2 хувь нь цахилгаан машин. Бид цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Хувийн хэвшилтэй хамтран ажиллахад баяртай байна, дэмжиж ажиллана. 80 байршлыг Зам, тээврийн яамтай хамтран шуурхай тогтоохоо илэрхийллээ.
Засгийн газраас 2026 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд мөн таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхлоо 100 гаруй аж ахуйн нэгж илэрхийлжээ.




Улстөр нийгэм
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр ашиглалтад орлоо
“Нью прогресс групп”-ын “Эко драйвал” ХХК Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Альфа” эко гипсэн хавтангийн үйлдвэрээ ашиглалтад орууллаа.
Манай улс жил бүр 100 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гипсэн хавтан импортоор оруулж ирдэг. Тэгвэл энэ үйлдвэр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бөгөөд жилд дээрх хэмжээний мөнгийг эх орондоо үлдээх юм.


Үйлдвэрийн нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, групп, компанийн хамт олонд амжилт хүслээ. Мөн барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон иргэд эх оронч худалдан авалт хийж байхыг уриаллаа.
Үйлдвэр ашиглалтад орсноор орон нутгийн 100 гаруй иргэн тогтмол ажлын байртай болсон байна.
Манай улс 2023 онд 8.8 сая м2 хавтан импортолсон бол энэ тоо 2025 онд хоёр дахин өсөж 18.5 саяд хүрсэн юм.
Салбарын яам цаашид дотоодын үйлдвэрлэлийг зөвхөн импортыг орлох бус, экспортын чиг баримжаатай, нэмүү өртөг шингэсэн, олон улсын стандартад нийцсэн үйлдвэрлэл болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.



“Нью прогресс групп” 2000 оноос дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүч, барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж байна. 10 гаруй охин компани, 1,500 гаруй ажилтантай.
Томоохон бүтээн байгуулалт болох “Ховд эко цемент” үйлдвэр нь жилд 250 мянган тн буюу 504 хүүхдийн цэцэрлэг барих хэмжээний цемент үйлдвэрлэж, баруун бүсийн хэрэгцээг хангаж байна.









Улстөр нийгэм
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдагвыг томиллоо
Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Бяруузанын Пүрэвдагвыг батламжилж, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг хотын даргын тамгыг хүлээлгэн өглөө. Энэ өдөр нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XII хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны ерөнхийлөгч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлж, олонхын саналаар дэмжсэн.
Улмаар НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилох тухай тогтоолын төслийг баталж, Ерөнхий сайд Н.Учралд уламжилснаар Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын 37 дахь дарга боллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэл Улаанбаатар хотын эрх зүй, эдийн засгийн чадавхыг сайжруулж, хөгжлийн шинэ боломжуудыг нээхэд манлайлал үзүүлж ажилласан үе үеийн удирдлагуудад талархал илэрхийлж, иргэдэд амласан мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж, томоохон төсөл, хөтөлбөрүүдийг нээлттэй, ил тод байдлаар үргэлжлүүлэхээ мэдэгдлээ.





НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
