Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нэгэн зургийн түүх: Үрс юу хүснэ вэ?

Огноо:

,

Бяцхан жаал өрөвдөлтэй нь аргагүй коридорт хэвтээд уйлж байна. Хүү өвөө, эмээ дээр нь очуулаагүй аав, ээждээ гомдсон. Хурган лоовууз, хүрэм дээл, монгол гутал божгор хөлөндөө жийсэн тэр жаал ердөө ганц л зүйлийг хүссэн нь тэр.

Монгол хувцсаараа гоёсон тэр жаал цэцэрлэгтээ очиж болохгүйг гадарлаж байгаа. тэр хамгийн сүүлд хэзээ цэцэрлэгтээ очсоноо мартсан. Бяцхан гарынх нь арван хуруу, булбарай хөлийнх нь 10 хуруутай нийлээд цаашаа тоогоо алдсан.

Навчис шарлаж байхад тэр хоригдсон. Цонхоор цас орохыг харсан. Гараад гулгаж тогломоор байсан ч түүнийг гаргаагүй. Ёолк болсон. Гэхдээ эмээ, өвөө, аав, ээжийн найзууд ирж мялаагаагүй. Түүнийг очуулаагүй. Үргэлж өмөөрч, эрхлүүлж байдаг өвөө, эмээтэйгээ утсаар л ярьдаг болсон. Багш биш 11.00 цагийн мэдээний эгчийг, Онцгой комиссын ууртай юм шиг хурандааг цэцэрлэгийн багшаасаа илүү тэр мэддэг болсон.

Дахиад цас орсон. Дараа нь цагаан сар болсон. Хоригдож залхсан хүү эмээ, өвөө дээрээ очихоор өөрийнхөө “тэмцлийн” аргыг сонгосон нь тэр...

Аав эсвэл ээжийнх нь өхөөрдөн цахим орчинд оруулсан энэ зураг Монголын бяцхан багачуудын байр байдлыг тайлбаргүйгээр таниулж байна. Тийм ээ, тэд гэртээ удсан. Тэр зураг монголчуудын өнөөдрийг харуулсан бодит байдал.

...Хөл хорионд хүүхдүүд уйдаж, гэртээ гүйлдэн доод айлыг паараа тогшиход  хүргэж байна. Хамгийн гаслантай нь бүхэл бүтэн цонх үе “Ковид-19”-ийн уршгаар гарч ирж байгаа ч түүнээс илүү аймшигтай нь бидний хэнд нь ч бяцхан үрсээ, ахмад буурлуудаа энэ цар тахлаар алдах эрсдэл бодитоор бий болчихлоо.

Нийслэл хот халдварын голомт болж, 2021 оны хоёрдугаар сарын 13-ны байдлаар Монгол Улсад нийт 2293 тохиолдол батлагджээ. Ганцхан хоногийн дотор 46 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь айл өрхөөс авсан шинжилгээгээр илэрснийг албаныхан дуулгалаа.

“Ковид-19” өрх бүрийн хаалгыг тогшиж байна. Байнгын онцгой дэглэмд ажиллаад жил болсон эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчид туйлдаж байна. Цөөхөн эмнэлгийн ажилтнуудаас маань цөөнгүй нь халдвар авч тусгаарлалтад ороод эхэллээ. Хорионд байсан эдийн засаг түүхэнд байгаагүйгээр уналтад оров. Цар тахал, эдийн засгийн уналт, ажилгүйдэл, ядууралд бид давхар нэрвэгджээ. Бүгд бухимдалтай байна. Гэхдээ...

Гэхдээ бидэнд цаашид энэ хэвээрээ уруудах уу эсвэл түүний эсрэг зогсож, сүүлчийн удаа тэсвэр гаргаж, аливааг эрүүлээр харах уу гэдэг хоёрхон сонголт үлджээ.

Засгийн газар бүхий л бололцоогоо ашиглан эцсийн цохилт өгөхөөр тэмцэж байгаагаа Шадар сайд мэдэгдсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч "Энэ удаагийн хөл хорио өмнөхөөс ялгаатай. 410 мянган өрх бүрээс тус бүр нэг хүнийг шинжилгээнд хамруулах, голомтыг хумих, тархалтыг зогсоох, вакцинжуулах сууриа тавих зорилготой" гэв.

Хөл хориог тавихдаа иргэдээ вакцинжуулахын тулд нэн түрүүнд шаардлагатай зүйл нь хүн амын дунд халдвар хэр тархсан, өмнө нь өвчилсөн эсэхийг мэдэх, улмаар хамгийн эрсдэлтэй бүлгийг тодорхойлох зайлшгүй шаардлагатай аж. Энэхүү бааз суурийг бүрдүүлэхийн тулд 410 мянган өрх бүрээс шинжилгээ авах шаардлагатай аж.

Ийм учраас л бүх хүчин чадлаа дайчлан, халдварыг тархаахгүйгээр өрх бүрийг шинжилгээнд хамруулах зорилгоор хатуу хөл хорио тогтоожээ.

Гэтэл... Зарим маань шинэлэх гээд гэр хорооллын гудмаар муур, хулгана болон муйхарлаж байгааг цагдаагийн албан хаагчид хэлж байна. Нөгөө л монгол хүний хэнэггүй зангаар, халдвар авахгүй гэсэн тэнэгдүү төсөөллөөр хандаад, өөрийгөө болоод үр хүүхдээ эрсдэлд оруулсаар буй аж.

Зарим нь “хэнийг нь орцонд нь аваад, хэнийг нь очиж шинжилгээгээ өг гээд байгаа юм бэ?” гэж гомдоллох болов. Албанынхны тайлбарласнаар, халдварын эрсдэлтэй бүс, ногоон бүс гэж ангилсан бөгөөд эрсдэлтэй бүсийнхнийг ногоон бүсийнхэнтэй хавьталд оруулахгүйн үүднээс хоёр өөр зохион байгуулалтаар шинжилгээ авч буй аж.

Өөрсдийнх нь төлөө өдөр шөнөгүй зүтгэж яваа цагдаа, эмч нараа ч бодсон бид “Нэг хаалга-нэг шинжилгээ” аяныг нэг санаагаар дэмжиж гэмээнэ вакцинд хамрагдах боломж бүрдэнэ гэдгийг л нэг мөр ойлгох хэрэгтэйг Ерөнхий сайд онцлоод байгаа. Тиймээс л бид хайртай бүхнийхээ төлөө монгол хүний уужуу ухаанаар хандаж, идэвхитэй шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээс дотны бүхнээ хамгаалах нь чухал аж. Ингэж байж л бид энэ бүхнээс салах нь хэнд ч ойлгомжтой боллоо.

Алийн болгон айж амьдрах вэ? Тиймээс хэн нэгэн албан тушаалтан гэхээсээ илүүтэй хайртай гэр бүлийнхээ сайн сайхны төлөө нэг удаа нэгдэцгээе.

...Бяцхан жаал инээмсэглэн өвөө, эмээгийнхээ өвөрт эрхэлж, цэцэрлэгтээ явахгүй гэж нойроо харамлан хөнжилдөө шургаж, цонхоор цас орохыг хараад үеийн жаалуудтайгаа тоглон наадаж, ёолкноор хөөрч баярлан гүйлдэж, 11.00 цагийн мэдээг биш цэцэрлэгийнхээ багшийн заасан дуу, шүлгийг уншиж, “Айл гэрдэж тоглосон Алимаатай би золгохгүй” гээд шинэлж байхын төлөө одоо л ухамсартай хөдлөх цаг.

Бидний үрс тоглож наадаж, эрхэлж, ээж, аав, эмээ, өвөөтэйгөө л хамтдаа байхыг хүсдэг. Харин бид юу хүснэ вэ?

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 51 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

Огноо:

,

Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд тухайн хөрөнгө нь хууль ёсны орлогоор бий болсон эсэх, эх үүсвэр нь үндэслэлтэй эсэхийг тус газраас нарийвчлан хянан шалгаж байна.

Шалгалтад төрийн захиргааны албан хаагчдаас гадна төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтнууд, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр болон төлөвлөгөөт хяналтын хүрээнд шалгалтыг явуулж байна.

2026 оны эхний 10 сарын байдлаар нийт 140 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаснаас 79 албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, хөрөнгийг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн байх бөгөөд үүнээс 51 албан тушаалтанд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг тооцуулсан байна. Тухайлбал, “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн газрын дарга Н.Д, Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын удирдах албан тушаалтан С.С нарын 9 албан тушаалтыг мөн хуулийн 13.8.4-т заасны дагуу нийтийн албанаас халах хариуцлага тооцуулан шийдвэрлэсэн байна.  

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Ургац хураалтын дүн болон стратегийн нөөц бүрдүүлэлтийн явцын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөнүйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцуулав. Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад батлагдсан 120.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр стратегийн нөөц бүрдүүлэх арга хэмжээг шуурхай зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг сайд Ц.Идэрбатад даалгалаа.

Улсын хэмжээнд ургацын урьдчилсан балансаар 555.3 мянган тонн үр тариа, үүнээс 497.1 мянган тонн улаанбуудай, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо, 50.4 мянган тонн тосны ургамал, 201.8 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах төлөв гарсан.

2026 оны аравдугаар сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд ургац хураалтын ажлын явц 88.1 хувьтай байна. 327.1 мянган га талбайгаас 569.5 мянган тонн үр тариа, үүнээс 288.1 мянган га талбайгаас 507.1 мянган тонн улаанбуудай, 12.8 мянган га талбайгаас 174.8 мянган тонн төмс, 12.8 мянган га талбайгаас 206.4 мянган тонн хүнсний ногоо, 80.3 мянган га талбайгаас 230.6 мянган тонн малын тэжээлийн ургамал, 62.5 мянган га талбайгаас 39.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Улаанбуудайн хуваарилалтыг авч үзвэл “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-д хүнсний улаанбуудайн стратегийн нөөц бүрдүүлэхэд 109.8 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 185.0 мянган тонн, малын тэжээлд 78.1 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6.2 мянган тонн, тариалан бүхий аж ахуйн нэгжүүд дараа жилийн тариалалтад зориулсан үрийн нөөцөд 47.7 мянган тонн улаанбуудайн нөөц бүрдүүлээд байна.

Нийслэлийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0-20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэхээр төлөвлөсөн. 25 аж ахуйн нэгжээс нийт 12.8 мянган тонн нөөцийн мах бэлтгэх хүсэлт ирээд байна. 

Мөн нөөцийн мах бэлтгэх, хадгалах, түгээх, борлуулах үйл ажиллагааг нэгдсэн цахим системээр бүртгэлжүүлж, олон нийтэд ил тод мэдээлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгчдийн мах худалдан авах цэгийн байршлын мэдээллийг dashboard.gov.mn системийн “Махны нөөц” хэсэг болон “E-Barimt” аппликейшнээр дамжуулан хүргэж эхлээд байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ

Огноо:

,

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. 

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэн, 16 насанд хүрсэн одой иргэн, тэжээгч нь нас барсан хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн сарын хэмжээг 600 мянган төгрөгөөр, асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг 524 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоолоо. 

Тогтоолыг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2026/11/05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Улстөр нийгэм2026/11/05

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Улстөр нийгэм2026/11/05

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Улстөр нийгэм2026/11/05

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Улстөр нийгэм2026/11/05

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Улстөр нийгэм2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Санал болгох