Цаг үе
Цэргийн анги дахь хүний эрхийн зөрчлийг арилгах асуудлаар ЗХЖШ-аас ХЭҮК-т тайлбар өгөв
Цэргийн ангид хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох Шаардлагыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Зэвсэгт хүчний жанжин штабт хүргүүлсэн. Гэвч 326 дугаар ангийн цэргийн алба хаагч салаан даргадаа зодуулж, нас барсан эмгэнэлтэй тохиолдол 3 дугаар сарын 31-нд гарсан тул ХЭҮК-ын гишүүний Шаардлагын биелэлтийн талаар ЗХЖШ-аас тайлбарлахыг шаардсан билээ.
2021 оны 4 дүгээр сарын 6-нд Зэвсэгт хүчний жанжин штабын Цэргийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Адъяабазар ХЭҮК-т ирж, тайлбар өглөө. Тэрээр цэргийн амь нас хохирсон явдалд харамсч, шуурхай арга хэмжээ авч, дотоодын хяналт шалгалтуудыг хийсэн. Шалгалтын явцад тухайн ангийн удирдлагыг ажилдаа тэнцэхгүй байгааг тогтоож, шийдвэр гаргах хооронд ийм харамсалтай хэрэг гарлаа. Салбарынхаа зөрчлийг арилгахын тулд цэргүүдээс нэр, хаяггүй нууцлал хангасан байдлаар социологийн судалгаа авч, дүн шинжилгээ хийж байна.
Судалгаа, хяналт шалгалтын мөрөөр цэргийн бодлогыг шинэчлэх, дүрэм журмыг өөрчлөх, хөндлөнгийн хяналтын нэгжийг шинээр бий болгох зэргээр хүний эрхийг хангасан арга барил, дэг жаяг, харилцаа, хандлагыг төлөвшүүлэхээр ажиллаж байна. Энэ чиглэлээр ХЭҮК-той хамтран ажиллахад бэлэн байна. Та бүхний шаардлагын мөрөөр тодорхой ажлуудыг эхлүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд тус тайлбарыг сонсоод цэргийн номлол, үзэл баримтлалыг хүний хөгжилтэй уялдуулан шинэчлэх, цэргийн ангид үйлчилж буй дүрэм журмыг хүний эрхийн зарчимд нийцүүлэх, цэргийн албан дахь дүрмийн бус харьцааны үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, дүрмийн бус харьцааны хэлбэрүүд өөрчлөгдөж байгааг анхааралдаа авч, уг үндсээр нь таслах, цэргийн иргэний хяналтыг сайжруулах шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийллээ гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.
Цаг үе
“Ухаалаг хот”-ыг хөгжүүлэхэд Япон улстай хамтран ажиллана
Монгол Улс Япон улстай хот байгуулалт, дэд бүтэц, тогтвортой хотын хөгжлийн чиглэлээр хамтын ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлж буй.
Энэ хүрээнд НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар Япон Улсын Газрын, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам /ГДБТАЖЯ/-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото болон “Ниппон Коэй” ХХК-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Өнгөрсөн оны есдүгээр сард Япон улсын ГДБТАЖЯ-ны дэд сайд Улаанбаатар хотод айлчилж, хотын удирдлагуудтай уулзан хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр санал солилцож байсан. Харин өнөөдрийн уулзалтаар Япон улсаас хэрэгжүүлж буй “Ухаалаг хот” туршилтын судалгааны үр дүн, Улаанбаатар хотод хэрэгжүүлэх боломж, технологийн шийдлүүдийн талаар санал солилцов.
Тодруулбал, Япон улсын ГДБТАЖЯ нь гадаад улс орнуудад Япон компанийн арга туршлага, технологийг хөшүүрэг болгон ашиглах замаар “Ухаалаг хот”-ыг хөгжүүлэх техник, эдийн засгийн судалгаа, ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, бодитоор хэрэгжүүлэх боломжит байдлын талаар туршилт судалгааны ажлуудыг хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн онд ухаалаг хотыг бодитоор хөгжүүлэх төслийг төлөвлөхөөр Улаанбаатар хотод дроны мэдрэгч технологийг ашиглан хотын 3D загвар бүтээж, нислэгийн хамгийн оновчтой чиглэлийг магадалж, замын хөдөлгөөний урсацтай харьцуулах туршилтыг хийсэн юм.

НЗДТГ-ын Нийслэлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар “Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд ухаалаг технологи, мэдээллийн системд суурилсан шийдлүүд чухал үүрэгтэй. Иймээс “Ухаалаг хот” төслийг нийслэлийн тодорхой дүүрэг, бүсэд туршилтын байдлаар хэрэгжүүлэх, хотын мэдээллийн нэгдсэн дата платформ хөгжүүлэх, тээврийн ухаалаг систем (ITS) нэвтрүүлэх, ногоон дэд бүтэц болон эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүдийг хэрэгжүүлэхэд Япон улсын туршлага, технологийг судлан, хамтран ажиллах хүсэлтэй байна” гэсэн юм.

Япон Улсын ГДБТАЖЯ-ны Бодлогын товчооны Олон улсын бодлогын хэлтсийн Дэд захирал Кожима Хирото “Бид “Ухаалаг хот” төслийн хүрээнд дроноор цусыг яаралтай тээвэрлэх болон маршрут чиглэлийг нээх зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хоорондох маршрутыг 3D скан хийх нислэгийг туршиж, 3D цэгэн үүлэн загварыг боловсруулсан. Ийнхүү илүү өндрийн нарийвчлалтай мэдээлэлд үндэслэн хамгийн зохистой байх маршрутыг судалж, туршсан. Ингэснээр цаг хугацаа, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө хэмнэж буйг нотолсон юм. Уг технологийн шийдлийг зөвхөн тээвэрлэлтэд ашиглаад зогсохгүй хот төлөвлөлтөд ашиглах боломжтой. Цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.


Цаг үе
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эмэгтэйг зодож, дээрэмджээ
"Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдээд байна" гэх мэдээлэл 2026 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр 02:00 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эмэгтэй хүний "Samsung А56" загварын гар утсыг нь дээрэмдэж, зодсон нөхцөл байдлыг шуурхай бүрэлдэхүүн тогтоожээ.
Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шуурхай эрэн сурвалжилж, иргэн А-г тус хэрэгт холбогдуулах баривчилж, шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна.
Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган найдвартай такси үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэхийг ЦЕГ-аас сэрэмжлүүллээ.
Цаг үе
Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл хэрэгжиж эхэллээ
Европын холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо НҮТББ, Дархан-Уул аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо НҮТББ, “Бизнес боломж хөгжлийн гүүр” төв НҮТББ хамтран хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг бэхжүүлэх нь” төсөл Дархан-Уул аймагт эхэлж байна.

Энэхүү төсөл нь 2026- 2029 оны хооронд 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд манай аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл аюулгүй, эрх тэгш ажлын байрны орчныг сайжруулахад чиглэгдэж байгаа юм.
Төслийн хүрээнд өнөөдөр "Хөдөлмөр эрхлэлт ба эмэгтэйчүүд" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өрнөж байна. Уулзалт, хэлэлцүүлгээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн сорилт, боломж, урам зоригийг түгээх, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн орчны талаар мэдлэг мэдээллээр хангах илтгэлүүд тавигдаж байна.
-
Цаг үе2020/06/29
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2024/08/13
Зудын нийгэм, эдийн засгийн нөлөөллийн үнэлгээ хийх ажлын хэсэг орон нутагт ажил...
-
Цаг үе2025/05/22
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр хаах авто замууд
-
Цаг үе2023/01/27
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна
