Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын 2 хоногт ихэнх нутгаар хур тунадас орохгүй цаг агаар тогтуун, дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр байна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 5-10 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 13-15 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 12-14 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 09-нөөс 04 дүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан байна. 11-нээс ихэнх нутгаар хүйтэрнэ.
Цаг үе
Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Монгол-Алтайн уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 1-3 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0 хэм орчим байна.
2024 оны арваннэгдүгээр сарын 23-наас 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд нутгийн зүүн хэсгээр, 26-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 23-нд нутгийн баруун хагаст, 24-26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 23-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
Цаг үе
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулав
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай Бүтээгдэхүүн хуваах гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулах эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон юм.
Энэ хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал “Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли нар Бүтээгдэхүүн хуваах гэрээг өнөөдөр үзэглэлээ.
Ёслолын арга хэмжээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ш.Ганхуяг, Газрын тосны хайгуулын хэлтсийн дарга Э.Мөнх-Ирээдүй, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн бодлогын газрын Газрын тосны бодлого хариуцсан ахлах шинжээч А.Пүрэв болон яам, агентлагийн холбогдох газрын удирдлагуудаас гадна “Фойсон Энержи Холдингс Лимитед” компанийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” компанийн захирал Луй Күн нарын бусад зочид төлөөлөгчид оролцов.
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээгээ дотоодын эх үүсвэрээр хангахыг зорин, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Иймд тус үйлдвэрийг түүхий тосоор хангах, нөөцийг нэмэгдүүлэхэд “Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн Хэрлэнтохой XXVIII талбайн хайгуулын ажил маш чухал үүрэгтэй гэдгийг Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Л.Баярмандал нээлтэд хэлсэн үгэндээ онцоллоо.
Мөн тэрбээр “Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогод газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх зорилтыг тусгаж, эдийн засгийн үр өгөөж өндөртэй төслүүдэд хөрөнгө оруулагчдыг урьж, эрх зүйн таатай, тогтвортой орчин бүрдүүлэхэд онцгой анхаарч, олон шинэчлэл хийсэн энэ цаг үед та бид энэхүү гэрээг үзэглэж байна. Тиймээс газрын тосны салбарын төр засгийн бодлого, хууль тогтоомжтой уялдаж, хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлж, орон нутагтайгаа харилцан ойлголцож, сум, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийг харгалзах, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ сайтар биелүүлж ажиллах”-ыг “Монголиа Фойсон Энержи” компанийн удирдлагуудад сануулж, эрэл хайгуулын ажилд нь амжилт хүссэн юм.
“Монголиа Фойсон Энержи” компанийн гүйцэтгэх захирал Мен Зи Ли хэлсэн үгэндээ “Монгол Улсын холбогдох бүх л хууль тогтоомжийг чанд мөрдөж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллана” гэдгээ илэрхийлэв.
Газрын тосны хайгуулын Хэрлэнтохой XXVIII талбайд “Монголиа Фойсон Энержи” ХХК-тай байгуулсан энэхүү гэрээ нь Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуулын шинэ талбайд 8 жилийн дараа хийж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээ юм.
“Монголиа Фойсон Энержи” ХХК нь хайгуулын 8 жилийн хугацаанд нийт 49,7 сая ам.долларын хөрөнгийг хайгуулын талбайн геологийн мэдээлэл цуглуулах, тайлал хийх, соронзон болон хүндийн хүчний судалгаа 20,000км2, 2 хэмжээст чичирхийллийн судалгаа 2000 тууш/км, 3 хэмжээст чичирхийллийн судалгаа 400 км2 талбайд тус тус хийж, хайгуулын 13 цооног өрөмдөх, дээжлэлт, цооногийн иж бүрэн судалгаа, туршилт, шингэн хагалбар, хайгуул, судалгаа, нөөцийн тайлан боловсруулах зэрэг ажлуудад зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажилд 575,000 ам.долларыг зарцуулахаар төлөвлөсөн байна.
“Монголиа Фойсон Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Бээжин Фуайер хөрөнгө оруулалт” ХХК нь 2007 оноос хойш газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн олон улсын туршлагатай компани бөгөөд тус талбайд өрөмдлөг, шингэн хагалбар болон каротажийн ажлуудыг гүйцэтгэнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ.
Цаг үе
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.