Урлаг спорт
“Цаатны наадам-2000 цааны баяр” боллоо
Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна.
Монгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны наадам - 2000 цааны баяр”-ын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 8 дугаар сарын 16,17 өдрүүдэд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож, үг хэлэв.
“Цаатны наадам-2000 цааны баяр”-ын арга хэмжээнд баруун, зүүн тайгын цаатнууд 1200 гаруй цаатай ирж ёс заншил, соёл уламжлалыг сурталчилан оролцов. Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд хүрэлцэн ирж оролцсон юм.
Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болсон юм. Мөн наадмын үеэр үндэсний урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан худалдаа гарсан байв.
Цаатны наадмын үеэр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар цаа бугад үзлэг, шинжилгээ хийж, нэгдсэн судалгаа гаргахаар ажилласан байна.
Цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газраас үе шаттай тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар 2007 онд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах хөтөлбөр”-ийг 255 дугаар тогтоол батлагдсан. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 42 дугаар зарлиг, Засгийн газар 2013 онд “Цаатан иргэдэд халамжийн тэтгэвэр олгох тухай” 168 дугаар тогтоолыг тус тус гаргасан байна. Дээрх тогтоолууд хэрэгжсэнээр насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхэд 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэвэр олгодог болсон байна.
Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас 12 толгой цаа буга импортолсон, 2014 онд Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж, санхүүжилтийг шийдвэрлэн 19 толгой цаа бугыг худалдан авч Хөвсгөл аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо, толгой нь жилээс жилд өсөж байна.
Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаа бугын тоо толгой өсөж, тэдний амьжиргаа дээшилж байна.
Урлаг спорт
“Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
18 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Хангарди шагнал гардуулах ёслол 2026 оны аравдугаар сарын 22-нд болж, Монгол киноны уралдаант хэсгийн шилдгүүдийг тодрууллаа. “Улаанбаатар” олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн шилдэг бүтээлүүдийг Монголын үзэгчдэд хүргэх, үндэсний кино уран бүтээлчид болон кино салбарын хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотыг урлаг, соёлын бүтээлч орон зай болгон олон улсад таниулах зорилготой юм. Мөн нийгэм, эдийн засаг, урлаг, соёл, боловсролын салбарт кино урлагийн үр нөлөөг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг.


Энэ жилийн Монгол киноны уралдаант хэсэгт нийт 16 бүтээл ирүүлснээс “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Нийгмийн дайсан”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд” зэрэг бүтээлийг “Монгол кино хөтөлбөр”-т шалгаруулан үзэгчдэд толилуулсан юм. Наадмын хүрээнд бүтээлүүдийг зургаан төрлөөр үнэлж, шилдэг кино болон уран бүтээлчдийг тодрууллаа. “Шилдэг кино” төрөлд “Цагаан хадны өнгө”, “Ханын зураач”, “Зуд”, “Задлаагүй захиа”, “Явуулын хүн Говьд”, “Нийгмийн дайсан” зэрэг бүтээл нэр дэвшсэн байна.

ХАНГАРДИ ШАГНАЛЫН ЭЗЭД
Шилдэг кино: Цагаан хадны өнгө
Шилдэг найруулагч: “Ханын зураач” киноны найруулагч Жанчивдоржийн Сэнгэдорж
Шилдэг зохиол: “Нийгмийн дайсан” киноны зохиолч Баянжаргалын Гарамханд
Шилдэг зураглаач: “Цагаан хадны өнгө” киноны зураглаач Чойжоованчигийн Хоролдорж
Шилдэг зураач: “Ханын зураач” киноны зураач Баяраагийн Тэгшсүрэн
Шилдэг хөгжмийн зохиолч: “Цагаан хадны өнгө” киноны хөгжмийн зохиолч Гаэл Ракотондрабе




“Улаанбаатар” олон улсын кино наадам нь Монголын кино уран бүтээлчдийн авьяас, ур чадварыг олон нийтэд таниулах, үндэсний кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулахын зэрэгцээ дэлхийн кино урлагийн чиг хандлага, шинэ бүтээлүүдтэй монгол үзэгчдийг танилцуулах чухал арга хэмжээ юм. Хангарди шагнал нь Монголын кино урлагийн уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлч сэтгэлгээг үнэлж, үндэсний кино үйлдвэрлэлийн чанар, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг байна.



Урлаг спорт
Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ
Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, сумын алдар цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 24-ний Бямба гарагт болж өндөрлөлөө.
Хүчит бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул Монгол Улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Булган аймгийн Орхон сумын уугуул, Монгол Улсын начин Энхбатын Сумъяабат үзүүрлэв.

Ойн барилдааныг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгууллаа.
Бөхийн барилдааны дунд шөвгийн наймд аймгийн арслан Б.Баянсүх, цэргийн арслан Б.Өлзийсайхан, улсын харцага Б.Даш, аймгийн начин М.Баяржавхлан, улсын аварга О.Хангай, улсын начин Э.Сумъяабат, улсын начин Н.Амгаланбаатар, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарсан юм.
Харин их шөвгийн дөрөвт улсын аварга О.Хангай, улсын начин Э.Сумъяабат, аймгийн арслан Г.Мөнхбаяр, улсын начин Н.Амгаланбаатар нар тунан үлдсэнээс ийнхүү улсын аварга О.Хангай найм даван түрүүллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, НИТХ-ын дарга Д.Ихбаяр шөвгийн дөрөвт шалгарсан бөхчүүдэд шагналыг нь гардуулан өгсөн юм.
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт ойн өдөрт зориулан үндэсний бөхийн барилдааныг 1994 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд тухайн оны барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын аварга О.Балжинням үзүүрлэж байсан түүхтэй билээ.



Урлаг спорт
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо
Тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар үзэж сонирхов.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан тоглолтыг нээж хэлсэн үгэндээ, Монгол, Германы соёлын харилцаа 1980-аад оны сүүлээс эрчимжиж, хамтын ажиллагааг бүх түвшинд өргөжсөөр ирснийг тэмдэглэлээ.
Тухайлбал, 1989 онд Мюнхений урлагийн ордонд гаргасан “Монголчууд” үзэсгэлэн, хоёр улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 1998 оноос хэрэгжиж буй “Хархорум” археологийн төсөл, Их Монгол Улсын 800 жилийн ойг тохиолдуулан Бонн хотноо гаргасан “Чингис хаан ба түүнийг залгамжлагчид” тусгай үзэсгэлэн, 2024 онд ХБНГУ-ын хотуудаар аялан тоглосон “Монголын сайхан орон” тоглолт зэрэг соёл, урлагийн олон талт арга хэмжээ, уран бүтээлчдийн хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлон дурдав.
Тоглолтыг хоёр улсын төр, засгийн төлөөлөл, нийгэм, соёлын зүтгэлтнүүд болон Германд суугаа монголчууд, герман иргэд үзэж сонирхлоо.
Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид үндэсний соёл, урлагийн сор болсон бүтээлүүдийг толилуулж, үзэгч олны сонорыг мялаалаа.
Мөн монгол орны үзэсгэлэнт байгаль, уудам тал нутаг, нүүдэлчдийн ахуйг илэрхийлсэн гэрэл зургийн үзэсгэлэн болон морин хуур урлалын бүтээлийн дээжээс бүрдсэн үзэсгэлэнг тоглолтод хүрэлцэн ирсэн зочид, төлөөлөгчдөд танилцуулж, монголын соёлын өвийг сурталчлан таниулав.
-
Улстөр нийгэм2025/04/23
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Цаг үе2023/08/14
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Улстөр нийгэм2020/12/23
Нийтийн тээврийн үйлчилгээнд автотээврийн хяналтын улсын байцаагчид хяналт тавин...
-
Цаг үе2023/10/20
Монгол Улс "Сургуулийн үдийн хоол эвсэл”-д нэгдлээ
