Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталлаа
УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, баталлаа. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын М.Оюунчимэг танилцуулсан.
Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж, 02 дугаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай” 38 дугаар тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн юм.

Иймд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Төсөлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд “нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг ойлгохоор; мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй, Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй байх зохицуулалтыг тусгажээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний хуралдаанаараа хийхээ, төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын Д.Тогтохсүрэн, төслийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.
Анхны хэлэлцүүлгийн үеэр төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг Д.Тогтохсүрэн гишүүн гаргасан болохыг санал, дүгнэлтэд дурджээ. Түүний эл горимын саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Төрийн байгуулалтын байнгын хорооны энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон 69 гишүүний 53.6 хувь нь горимын саналыг дэмжсэн тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулсан.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно”, 44.3-т “Долоо хоногийн Баасан гарагийн 10.00 цагт нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” гэж заасан байдгийг танилцууллаа. Ингээд энэ хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 67 гишүүний 48 нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Иймд Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулснаар тус хуралдаан өндөрлөв.
Улстөр нийгэм
НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна
АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.
Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.
Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.
Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.
Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.
Улстөр нийгэм
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.
Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.
Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн тоглолтоо толилуулна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.
Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.
Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.
Улстөр нийгэм
Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна
2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.
Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.
Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.
Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.
Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.
