Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга зарим анги, байгууллага болон энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

Огноо:

,

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр зарим анги, байгууллагыг төрийн дээд одон, медалиар шагнах тухай зарлиг гаргасан. Мөн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр “Энхийг сахиулагчдыг Төрийн одон, медалиар шагнах тухай” зарлиг гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2021 оны тавдугаар сарын 09-ний өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга гардууллаа.

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Цэргийн тагнуулын газрын түүхт 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг амь биеэ үл хайрлан батлан сахиж, эх орон, төр ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус газрын үе үеийн ажилтан албан хаагч,  цэрэг офицер ахлагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Тагнуулын ерөнхий газрын харьяа Цэргийн тагнуулын газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн  одонгоор шагнасугай” гэжээ.

Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн халдашгүй дархан байдлыг батлан хамгаалж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, зэвсэгт хүчний тасралтгүй үйл ажиллагааг хангах үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж Зэвсэгт хүчний 234, 065, 303, 337 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“…Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан гамшиг ослоос иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах, бүх төрлийн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх үйлсэд онцгой гавьяа байгуулж, эх орон, төр, ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, офицер ахлагчдын гавьяа зүтгэлийг үнэлж Архангай аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.

Энхийг сахиулагчдыг Монгол Улсын төрийн одон, медалиар шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаа, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй Умард Атлантын гэрээний байгууллагын цэргийн хүчний тэргүүлсэн Шийдвэртэй дэмжлэг олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хамгаалалтын ротын цэргийн багийн бие бүрэлдэхүүн, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг төрийн дээд одон, медалиар шагнасугай” гэжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга шагнал гардуулсныхаа дараа:

“Эрхэм генерал, офицер, ахлагч нар аа!

Энхийг сахиулагчид аа!

Мянга мянган жилийн баатарлаг түүхтэй өвөг дээдсийнхээ дайчин уламжлалыг омог төгөлдөр, нэр төртэйгөөр залгамжилж яваа монгол цэргүүд Та бүхэнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. Түүнчлэн Монголын ард түмний үнэтэй хувь нэмэр оруулсан Аугаа эх орны дайны Ялалтын баярын мэндийг давхар хүргэе!

Монгол цэрэг бол бүрэн итгэл даах чадварлаг дайчид гэдгийг үйл хэргээрээ олон улсад нотлон харуулж, зэвсэгт мөргөлдөөн, иргэний дайны хөлд үрэгдэж яваа үндэстнүүдэд энх тайван, аюулгүй байдлыг авчрах, сахин хамгаалах үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулж, төр засаг, цэргийн дээд удирдлагаас даалгасан үүргийг цэргийн ёсоор, тангаргаа сахин биелүүлсэн энхийг сахиулагч дайчид Та бүхэнд иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Дэлхийн зарим бүс нутагт овог аймаг, шашин хоорондын сөргөлдөөн, үймээн самуун гарсаар байгаа нь энэ гараг дээр амьдарч буй хүн бүрийн сэтгэлийг түгшээсэн ээдрээтэй асуудал болсоор байна. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүний хувиар энх тайвныг сахиулах, аюулгүй байдлыг бэхжүүлэх үйлсэд үүрэг хүлээж, хувь нэмрээ оруулах хариуцлагаа Та бүхнээр дамжуулан гүйцэтгэж байгаа юм.

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд, мөн Исламын Бүгд Найрамдах Афганистан Улс дахь “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монголын Энхийг сахиулагчид голлох үүрэгтэй оролцож, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэлт, сахилга зохион байгуулалтаараа ижил түвшний цэргийн багуудад үлгэр дуурайл болж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч болон Цэргийн хүчний командлалаас сайшаагдсан тухай мэдээг удаа дараа хүлээн авахдаа үргэлж Та бүхнээр бахдан омогшиж байснаа энд зориуд онцлон тэмдэглэе.

Монголын ард түмэн 1921 оны Ардын хувьсгалын ялалтаар эрх чөлөө, тусгаар тогтнолоо байлдан олж, энх цагтай учран золгосон түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ цаг үед эх орноо батлан хамгаалах, хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах, гамшиг ослоос иргэдээ авран хамгаалах, урьдчилан сэргийлэх үүргээ нэр төртэй биелүүлж,  амжилт бүтээл, алдар гавьяагаа төр засгаараа үнэлүүлэн шагнагдсан Тагнуулын ерөнхий газрын харьяа Цэргийн тагнуулын газар, Зэвсэгт хүчний 065, 234, 303, 337  дугаар ангиуд, Архангай аймгийн Онцгой байдлын газрын хамт олонд халуун баяр хүргэж, гүн талархал илэрхийлж байна.

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярт жигдрэн жагсаж, цар тахлын хүндрэлтэй нөхцөлд ч эх орныхоо үүрэг даалгаврыг цэргийн ёсоор чанд биелүүлж, төрийн одон, медалиар шагнагдаж байгаа энхийг сахиулагч залуус, анги байгууллагууд, тэдгээрийн албан хаагчдад дахин халуун баяр хүргэе.

Эзэн Богд Чингис хааны туг дор эвлэлдэн нэгдэж, ялан дийлж явсан их өвгөдийн нэр төр, дайчин түүх, ялгуусан уламжлалыг Та бүхэн нэр төртэйгөөр залгамжилж, өндөрт өргөн явааг бахдан тэмдэглэе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол цэргийн хийморь сүлд ямагт бадарч, энхжин мандтугай!” гэлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Огноо:

,

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

хүндэтгэлийн хуралдаан.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Screenshot 2026-11-04 at 14.18.19.jpg

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна. 

2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.

Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Огноо:

,

Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа. 

Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ. 

Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.

2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе19 цаг 6 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” хөтөлбөрөөр ...

Улстөр нийгэм19 цаг 18 минут

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтг...

Улстөр нийгэм19 цаг 46 минут

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

Улстөр нийгэм19 цаг 50 минут

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

Улстөр нийгэм19 цаг 54 минут

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага ...

Улстөр нийгэм2026/11/04

Агаараас эрэн хайх, аврах ангийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр...

Улстөр нийгэм2026/11/04

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох х...

Цаг үе2026/11/04

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршил...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгд...

Цаг үе2026/11/04

Нийслэлийн Улаанбаатар театрын 20 жилийн ойн хүрээнд эрдэм шинжилгээ...

Санал болгох