Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Байнгын хороодын хамтарсан ажлын хэсэг төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцав

Огноо:

,

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон Төсвийн байнгын хорооноос байгуулагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 2021 онд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц байдалтай танилцан, шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хамтарсан ажлын хэсэг өнөөдөр (2021.08.05) Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажиллав. Тус ажлын хэсгийг 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр дээрх хоёр байнгын хорооны хамтарсан тогтоолоор байгуулсан юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин болон ажлын дэд хэсгийн гишүүдэд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван товч танилцуулга хийв. Тус газар 2012 онд байгуулагдсан бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, тайлагнах, төр, хувийн хэвшлийн түншлэл, концессоор хэрэгжих төсөл, арга хэмжээг зохион байгуулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэйгээр ажилладаг байна.

Тус газарт зохион байгуулагдаж буй  хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ нийт  283 байгаа бөгөөд төсөвт өртөг нь 67.4 тэрбум аж. Үүнээс гэрээ хийгдсэн 92, гэрээ байгуулах эрх олгосон 26, тендерийн үнэлгээ хийгдэж байгаа 74, тендерийн материал хүлээн авч байгаа 76 арга хэмжээ байгаа бол тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 6, зураг, төсөв ажлын даалгавар байхгүй 9 ажил байна.



Ажлын хэсгийн зорилго, чиглэлийн дагуу газрын дарга Г.Энхтайван боловсролын салбарын худалдан авах ажиллагааны мэдээг 2021 оны наймдугаар сарын 03-ны өдрийн байдлаар танилцууллаа. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас эрх шилжсэн нийт 31 ажил байгаа бөгөөд төсөв өртөг нь 19.8 тэрбум төгрөг юм байна. Үүнээс 9 ажилд гэрээ байгуулах эрх олгож, 3 ажилд гэрээ хийгдэж, 14 ажилд тендерийн материал хүлээн авч байгаа бол үнэлгээ хийгдэж байгаа 5 ажил байна. Төрлөөр нь авч үзвэл сургууль, цэцэрлэгийн засвар 13, тоног төхөөрөмж худалдан авалт 5, сургуулийн барилга 1, цэцэрлэгийн барилга 4, сургуулийн өргөтгөл 1, сургуулийн автобус 1 буюу дийлэнх нь засварын ажил байгааг танилцууллаа.

Тэрбээр мөн хөрөнгө оруулалтын ажил удаашралтай байгаа талаар онцоллоо. Худалдан авах ажиллагаа удааширч буй шалтгаан нь төсвийн ерөнхийлөн захирагч улсын төсөв батлагдсанаас хойш 10 өдрийн дотор худалдан авах бараа, ажил, үйлчилгээний захиалгыг төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллагад хүргүүлэхээр хуульд заасан ч нийслэлийн хэмжээнд зураг төсөв, ажлын даалгавар хүргүүлж байгаа дундаж хугацаа нь Нийслэлийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарснаас хойш 28.5 хоногт хэрэгждэг байна. Мөн зураг төсөв, техник, эдийн засгийн үндэслэлгүйгээр төсөв баталдаг, байршил тодорхойгүй, газрын асуудал шийдэгдээгүй, мэргэжлийн бус байгууллага хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг (нийт төсөл, арга хэмжээний 60-70 хувийг харъяа бусад байгууллага зохион байгуулдаг), захиалагч байгууллага зураг төсөв, ажлын даалгаврыг хуулийн хугацаанд хүргүүлдэггүй зэрэг шалтгаанаар худалдан авах ажиллагаа удааширдаг талаар танилцуулав. Түүнчлэн, 2021 онд барилгын гол нэрийн материалын үнэ нэмэгдсэн нь барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэгч олдохгүй, хугацаандаа ашиглалтад орохгүй байх эрсдэл үүсгэж буй талаар онцоллоо.  



Дээрх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн П.Анужин нар Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргаас болон ажлын дэд хэсгийн гишүүдээс зарим асуудлыг тодруулж, хариулт авав. Тухайлбал, нийслэлийн хэмжээний сургууль, цэцэрлэгүүдийг хуваарьт засварт оруулах календарьчилсан төлөвлөгөө хэрэгждэг эсэх, цар тахлаас шалтгаалж бараа материалын үнэ хэчнээн хувиар өссөн, сургуулийн үдийн хоолтой холбоотойгоор сургуулийн гал тогооны шинэчлэл хэрхэн хийгдэж буй талаар болон боловсролын салбарын 31 төсөл, арга хэмжээний хэд нь энэ жил бодитоор хэрэгжих боломжгүй болсон зэрэг өргөн хүрээнд асуудлыг тодруулж хариулт авсан.



Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван тулгамдаад байгаа асуудал болох барааны үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас оролцогч байхгүй төсөл, арга хэмжээг явуулах гол гарц, шийдлийн талаар хууль тогтоох байгууллага, Засгийн газрын түвшинд чиглэл өгөх шаардлагатайг хэллээ. Мөн судалгаагүйгээр, эсвэл олон жилийн өмнөх төсвийн тооцооллоор тооцож тавьсан бага үнийн дүнтэй төсөл, арга хэмжээг шийдвэрлэх шаардлагатайг хэлэв. Тухайлбал, сургуулийн барилгын дээвэр, гал тогоо, шалны их засварын төсөвт өртөг 70 сая, сургуулийн автобус худалдан авах төсөвт өртөг 60 саяар тусгасан нь хэт бага үнийн дүнтэйд тооцогдож, оролцогч материал ирүүлэхгүй байгаа талаар ярилаа.  

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт ажилласныхаа дараа УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг юуны өмнө худалдан авалттай холбоотой төрийн бүх байгууллагын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай нь харагдаж байна.  Мөн эхлээд гацаанд орсон концессийн ажлууд байна. Сургууль, цэцэрлэгийн барилгын бараг 20-иод төсөл гацаанд оржээ. Газрын асуудал нь шийдэгдчихсэн, бага хувьтай гэлтгүй гүйцэтгэл хийгдчихсэн хэрнээ гацчихсан төслүүдийг нэн түрүүнд дуусгах нь бидний зорилгын нэг болж харагдлаа.

Түүнчлэн, барилгын материалын үнийн өсөлттэй холбоотойгоор төсөл, арга хэмжээ удааширсан буюу гацсан байна.  Цар тахлаас шалтгаалж үнийн өсөлт аль аль барилгын материалд нөлөөлж байгаа юм, аль нь тээврээс болж саатаж байна гэдгийг судалж, ирэх жилийн төсвүүдэд хэрхэн, яаж төсвөө зоох вэ гэдгийг шийдвэрлэх шаардлагатай нь эндээс харагдлаа. Мөн хэт бага төсөв тавьснаас ажил нь гацсан төсөл, арга хэмжээнүүд нэлээд байна. Эдгээр төсөл, арга хэмжээнээс аль нь хэрэгжих боломжтой, аль нь хэрэгжих боломжгүй гэдгийг захиалагчтай нь ярилцсанаар хасах бол хасаад, ажлыг нь багасгах бол багасгаад яаралтай дуусгах, шийдвэрлэх чиглэлийг Байнгын хорооны тогтоолоор холбогдох байгууллагуудад өгнө гэв.

Ажлын хэсэг үргэлжлүүлэн ирэх долоо хоногт ажил нь эхэлчихсэн хэрнээ гацаанд орсон төслүүдийг газар дээр нь үзэж танилцахаар төлөвлөсөн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

“Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах арга хэмжээний үндэсний төлөвлөгөөг баталж танилцууллаа

Огноо:

,

Төлөвлөгөө танилцуулах арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Ма’у Пиукала, Монгол дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон төрийн байгууллага, эрүүл мэндийн салбар, олон улсын байгууллагын төлөөлөл оролцов.

Монгол Улсад зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин зэрэг халдварт бус өвчин нь нийт нас баралтын тэргүүлэх шалтгаан хэвээр байгаа бөгөөд нийт нас баралтын 81 орчим хувийг эзэлж байна.

Мөн халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтын эрсдэл 29 хувь орчим байгаа нь дэлхийн болон бүс нутгийн дундаж үзүүлэлтээс өндөр байна.

Иймээс Эрүүл мэндийн яамнаас хүн амын эрүүл мэндийг хамгаалах, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2026–2028 оны арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Тус төлөвлөгөө нь:

-халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн орчныг бэхжүүлэх

-тандалт, мэдээллийн тогтолцоог сайжруулах

-нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих

-эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг өргөжүүлэх

-анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх

эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн зургаан стратегийн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Мөн тамхи, архины хэрэглээ, эрүүл бус хооллолт, хөдөлгөөний хомсдол, таргалалт зэрэг халдварт бус өвчний гол эрсдэлт хүчин зүйлсийг бууруулахад чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрүүл орчныг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах юм.

Энэхүү арга хэмжээний төлөвлөгөө нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан бөгөөд 2030 он гэхэд халдварт бус өвчний шалтгаант цаг бусын нас баралтыг гуравны нэгээр бууруулах үндэсний зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.

Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын  төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.

Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.

Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн 9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

Огноо:

,

“Тэрбум” мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүрэгт энэ онд дараах ажлуудыг хийж байна.

Үүнд:
    Нийт 30 хорооны 430 байршилд 9.3 га талбайг зүлэгжүүлэх,
    Нийтийн эзэмшлийн 11 байршилд 44000 ширхэг нэг наст цэцгээр цэцгийн мандал байгуулах,
    Нийтийн эзэмшлийн 10 гудамжинд 5194 ширхэг модыг нөхөн тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж байна.

Мөн "Баянгол хүүхдийн зуслан"-д харьяа хэлтэс албад 1000 ширхэг мод тарьсан. Түүнчлэн 20 дугаар хороо, үйлдвэрийн бүс дэх өндөр хүчдэлийн шугам дагуу 35 га талбайг хашсан ургамлан хашлага байгуулахаар ажиллаж байна. Нийтийн эзэмшлийн гол гудамж дагуух бортоготой модыг шинэчлэх, нийтийн эзэмшилд байгаа мод бутыг хэлбэржүүлэн тайрч байна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох