Урлаг спорт
Монголын хилчдийн сэтгэлийн хойморт сүндэрлэсэн гэрэлт хөшөө
Ахлах дэслэгч Б.АЛТАНЦЭЦЭГ
“НОГООН МАЛГАЙТ ШОНХОРУУД”-ЫН ТҮҮХ
Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Тиймээс 80 жилийн өмнө болсон үйл явдлыг танд нэхэн сануулья. ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын дарга Бериягаас 1939 оны зургадугаар сард Чита, Хиагтын Хилийн цэргийн бригадын захирагч, хурандаа Власов, Зильпер нарт Тусгай шилмэл батальоныг нэн яаралтай зохион байгуулж, Монгол Улсын нутаг дэвсгэр Халхын голд шилжүүлэн байрлуулах үүрэг өгчээ. Тэд дээрх үүргийн дагуу 1939 оны долдугаар сард Хиагт, Мангут, Даурын хилийн отрядуудын бие бүрэлдэхүүнээс 502 хилчнийг сонгон авав. Захирагчаар нь Хиагтын хилийн отрядын штабын дарга, хошууч А.Е.Булыгаг томилсон байна. Тушаал аван маш богино хугацаанд зохион байгуулагдсан батальон Хиагтаас БНМАУ-ын Дорнод аймгийн Халх гол сумын нутаг Хамар даваанд байлдааны үүрэг гүйцэтгэхээр 2000 гаруй км газрыг туулан иржээ. Тэд 1939 оны долдугаар сарын 15-наас аравдугаар сарын 13-ны хооронд фронтын галын шугам дахь армийн бүлэглэлийн командын байрыг хамгаалах, Халхын голын гарамын аюулгүй байдлыг хангах, дайсны гэнэтийн довтолгооноос хамгаалах үүрэг гүйцэтгэв. Тус батальоны хилчид Монгол Ардын Хувьсгалт Цэргийн VI морин дивизийн хориглолтын баруун жигүүрийг халхалж, япончуудад нөөц хүчээ татах бололцоо олгохгүй байх, элсэн манхнуудыг япончуудаас цэвэрлэх, дайсны галын системийг илрүүлэн устгах, хүн хүчний хөдөлгөөнийг тагнан турших, амьд хэл олзлох, дайсны давшилтыг хориглон зогсоох, тэдэнд галын цохилт өгөх зэрэг үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн байна. Фронтын командлалаас тус батальоны I, II, III салааг Халхын голын гарамын хамгаалалтад хуучнаар нь үлдээж, IV, V салааг нэгтгэн 100 хилчин дайчнаар бүрдүүлж, ахлах дэслэгч Михайловоор удирдуулсан буудлагын рот болгон зохион байгуулсан юм. 1939 оны наймдугаар сарын 25-29-ний өдрийн Ремизовын өндөрлөгийн төлөөх тулалдаанд Зөвлөлтийн 100 хилчин оролцож, тэд эрэлхэг баатарлагаар тулалдан улмаар уг өндөрлөгийг бүрэн мэдэлдээ авчээ. Харанхуй шөнө сайн хардаг хилчдийн албаны ур чадварыг Г.К.Жуков жанжин санаж хамгаалалтын энэхүү батальоныг уг өндөрлөгийн төлөөх тулалдаан оролцуулсан нь мэргэн шийдвэр байж өндөрлөгийг эзлэх үндсэн нөхцлийг бүрдүүлж өгчээ. Гэвч энэхүү стратегийн чухал байрлалыг эзлэн авах тулалдаанд Оросын 30 хилчин амь үрэгдсэн байдаг юм. Хилчид дайны үед ч гэлээ тулаанд хилчин ногоон малгайгаа дээдэлж төмөр дуулга өмсөөгүй нь тэдний үхлийн шарх болсон талаар судлаачид ярьж, бичдэг.
ЗҮРХЭНД ДУУРСАГДАХ ОРОСЫН ХИЛЧИД
Дээр өгүүлсэнчлэн Оросын хилчдийн байгуулсан гавьяа, баатарлаг үйл хэргийг мөнхжүүлэх эхлэл суурь одоогоос найман жилийн өмнө тавигдсан байдаг юм. Тухайн үед буюу 2011 оны наймдугаар сард ХХЕГ болон МҮОНТ-ийн хамтарсан “Би, бид байхын учир” төслийн багийнхан хэсэг оросуудтай Дорнод аймагт таарчээ. Ингээд тэд танилцаж. Төслийн багийн гишүүн, хурандаа Д.Баасанжаргалын хувьд энэ бол тэнгэрээс бууж ирсэн олз байсныг хожим дурсан ярьдаг юм. Тэдгээр Орос нөхөд Эрхүү, Чита хотоос ирсэн бөгөөд Халхын голд амь үрэгдсэн эх орон нэгтнүүддээ зориулан хөшөө барихаар зорин явж байгааг олж мэджээ. Тэд тус судалгааны ажлыг хоёр дахь жилдээ явуулан Хамар даваан дахь дурсгалын цогцолборт зарим шарилыг олж хүний ёсоор хөдөөлүүлсэн гэдгээ ярив. Ингэж сайн санааны үзүүрт тос гэдэгчлэн Монгол, Оросын хилчид анх учирсан билээ. “Хилчдийн хороо” олон нийтийн байгууллага, “Дорнод хязгаар” ТББ-ын нөхөд ч үйл хэргээ тасралтгүй үргэлжлүүлсэн юм. Ингэж сайн сайхны төлөөх ариун сэжмээр холбогдсон хоёр орны хилчид Дорнод аймгийн Халх гол суманд Оросын хилчдэд зориулсан хөшөөг 2011 онд босгосон түүхтэй.
ҮЙЛС ҮРГЭЛЖЛЭХ ЦАГААР БУЮУ ХӨШӨӨ ИНГЭЖ БҮТЭВ
Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Оросын хилчдийн баатарлаг гавьяаг алдаршуулах, хойч үед мөнхжүүлэн үлдээх зорилгоор Хил хамгаалах байгууллагын удирдлагаас гэрэлт хөшөө бүтээн босгох санал санаачилгыг гаргав. Ийнхүү тус санаачилгын мөрөөр ХХЕГ-ын даргын дугаар тушаал гарч ажлын хэсэг томилогдлоо. Энэ ажил өнгөрсөн хавраас эхлэн гараанаас гарсан юм. Хөшөөг бүтээлгэхийн тулд мэргэжлийн байгууллагад хандлаа. Хоёр талаас санал бодлоо нийлүүлэн зөвшилцөж хөшөөний зураг төслийг ч төдөлгүй гаргав. Улмаар хөшөөг бүтээх чулууг сонгох, бичих үг, сийлэх дүрсний бэлгэдэл гээд нарийн нандин ажлууд дагалдан өрнөв. Хөшөөг бүтээхэд Сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны хэлтсийн хамт олон цаасан дээрээс бодит бүтээл болох хүртэлх бүхий л үйл явцад нь оролцов. Хөшөө дурсгал гэдэг мөнхийн бүтээл. Хамгийн гол нь хөшөөнд гүн хүндэтгэл шингэх учраас алдах эрх байхгүй. Тиймээс ч нарийн нягт нямбай ажиллагаа шаарддаг юм билээ. Дурсгалын гэрэлт хөшөөг "Алтайн түрүү" ХХК бүтээв. Бүтээсний дараа болгоомжтойгоор тээвэрлэн хүргэх, суурийг цутгах, орчныг тохижуулах гээд дурдвал бэлтгэл ажил олон өрнөсөн. Ийнхүү их ажлын дараа хөшөө сая бэлэн болов. Хөшөөний өндөр таван метр, 17 тонн жинтэй. Тус хөшөө нь тэнгэр өөд цойлсон илдний хэлбэр бүхий. Илд нь Оросын хилчдийн дайчин баатарлаг үйлсийг илэрхийлж байгаа болно. Цайвар өнгийн боржин чулуун хөшөөн дээр дайнд амь үрэгдсэн Оросын 30 хилчний нэрсийг хар ногоон өнгийн гантиг чулуун хавтан дээр алтан шар өнгөөр сийлсан байна. Мөн түүхэн бичвэрийг хойч үедээ таниулан сийлжээ. Хөшөөний дээд хэсэгт тухайн үеийн Оросын цэрэг, дайчдын бэлэг тэмдэг болох улаан таван хошууг, ялалт, энх тайвны бэлэг тэмдэг болсон ялалтын навчийг дүрслэн дээрх үйл явдал 1939 онд болсныг илэрхийлэн гаргасан байв.“Монгол Улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөөх тэмцэлд амь эрсэдсэн Оросын хилчдийн гэгээн дурсгалд зориулан түүхт ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монголын хилчдээс бүтээв” гэжээ.
ЦЭЛМЭГ ТЭНГЭР, АМГАЛАН ХӨРСИЙГ ХОЛБОСОН АЛТАН ГАГНААС
Дорнод аймаг, Халх гол сум, Хамар даваа-“Цагаан алт” хөшөөт цогцолбор. 2019 оны наймдугаар сарын 25-ны өдөр. Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Халх голын байлдаанд Оросын хилчдийн байгуулсан гавьяа, гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Монголын хилчдээс гэрэлт хөшөөг бүтээн босгож, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээний нээлт ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Монгол орны зүүн хязгаарт халдан довтолсон Японы түрэмгийллийн эсрэг Халхын голын байлдаанд амь эрсэдсэн Оросын хилчдийн баатарлаг гавьяаг гэрэлт хөшөө босгон мөнхжүүлэх санал санаачилга үнэхээр нүдээ, цаг үеэ олжээ. Уг гэрэлт хөшөөний нээлтийн ажиллагаанд ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, хурандаа Н.Ганболд, ОХУ-ын талаас Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга М.В.Джеваков, Хилийн аюулгүй байдлын албаны байгууллагуудын Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгч, хурандаа Е.В.Серебренников нарын албаны төлөөлөл оролцлоо. Мөн сум орон нутгийн удирдлага, ард иргэд, Хилийн 0198, 0132 дугаар ангийн удирдлага, ахмад хилчдийн төлөөлөл оролцсон юм. Өнгөрсөн түүхийг залгамжлагчид, ирээдүйг бүтээгч хүүхэд багачууд хүрэлцэн ирсэн байсныг мөн онцольё. Оросын хилчдэд зориулсан гэрэлт хөшөөний нээлтэд зориулж албаны төлөөлөл эхлээд үг хэллээ. Улмаар гэрэлт хөшөөний туузыг хайчлан, цэцэг өргөж, найрал хөгжим ОХУ-ын болон Монгол Улсын төрийн дууллыг Хамар даваанд эгшиглүүлсэн. Халхын голын байлдаанд амь үрэгдсэн Оросын хилчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэн зочид төлөөлөгчид дуугүй зогсон хүндэтгэл илэрхийлсний дараа ёслолын буудлага хийв. Улмаар хөшөөг нар зөв тойрч хүндэтгэл илэрхийлснээр албан ёсны арга хэмжээ өндөрлөлөө. Хөшөөний нээлтийн арга хэмжээ товчхон өгүүлэхэд ийм. Гэхдээ энэ үйл явдлын цаана Монголын хилчдээс Оросын хилчдэд илэрхийлж буй асар том хүндэтгэл оршиж байв. Хилийн 0198 дугаар ангийн болон ХЦДБЧ-ын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолт, Халх голын хөшөө дурсгалт газрын дагуух хээрийн үзүүллэг гээд олон хөтөлбөр нээлтийн арга хэмжээний үеэр өрнөсөн билээ.
ХҮНДЭТГЭЛИЙН ХОЙМОРТ ДАЙХ ҮГ
Мэнэнгийн уудам тал, одоо ч түүх хүүрнэх Баянтүмэнгийн хуучин туурь, Халх голын хөвөө хязгаар нутаг, элсэн манхан толгод, домог түүхт Эрс, Хулд уулс дүнхийн цэнхэртэх дэндүү үзэсгэлэнт эх орны зүүн хязгаар нутаг минь. Одоогоос 80 жилийн өмнө энэ сайхан эх орны минь төлөө алтан амиа өргөсөн Оросын хилчдийн гэгээн дурсгалыг бид нэхэн санаж, ийнхүү гүнээ хүндэтгэж байна. Тиймээс ч хилчдийн тусгай батальоны байгуулсан гавьяаг Монголын хилчид ийнхүү мөнхжүүллээ. Халх гол сумын нутаг дахь Хамар даваанд босгосон энэхүү хөшөө дурсгал нь Монгол, Оросын хилчдийн харилцаа хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн батжуулах түүхэн үйл явдал юм. Тэнгэр, газрын гагнаас болон түүхийн хуудсанд хадгалагдан үлдсэн гэрэлт хөшөө сүр бараатай дүнхийн байна. Энэхүү хөшөөний түүх нь үр хойчдоо үүрд дуурсагдах гэж үүрнээсээ ниссэн шувуудын домог байлаа. Эх орон, элгэн түмнээ сэтгэлдээ тээсэн эр зоригийн дуулал ч гэлтэй. Эргэж ирэх нь тодорхойгүй амь сөрсөн дуудлаганд хүдэр цээжээ дэлгэн дайны тэргүүн эгнээнд Монгол, Зөвлөлтийн хилчид үүрэг гүйцэтгэснийг өнөөдөр Монголын төр засаг, ард түмэн хүндэтгэн дурсаж байна. Тэнгэрт одсон цэрэг эрсийн сүнс хэрвээ амирладаг бол цээжний энгээр, үгийн сайхнаар магтан дуулахсан. Түүхийг бид огоорох эрхгүй, залуу хойч үедээ өвлүүлэх эрхэм үүрэгтэй. Түүхэнд мөнхөрсөн “ногоон малгайтай шонхорууд”-дад, бидний төлөө буцаж нисээгүй шувуудад Монголын хилчид мэхийж байна.
Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Урлаг спорт
Морин уралдааныг нэгдсэн стандарттай болгох асуудлаар уяачдын төлөөлөлтэй уулзлаа
Монголын Морин спорт уяачдын холбоо, Нийслэлийн морин спорт уяачдын холбооны төлөөлөл, уяачидтай НЗД-ын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа болон холбогдох албаныхан уулзлаа. Уулзалтаар уралдаанч хүүхдийг аюулгүй уралдах ур чадварт системтэй бэлтгэх, морин уралдааны зам талбайн нөхцөлийг сайжруулах, хамгаалалтын хувцас, хэрэгслийн чанар стандартыг баталгаажуулах, даатгалд бүрэн хамруулах, аюулгүй байдлын нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай талаар хэлэлцлээ.

Энэ үеэр НЗД-ын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа “Засгийн газрын тогтоолыг зөрчиж, далд хэлбэрээр морин уралдаан олноор зохион байгуулж байна. Сар шинийн баярын өмнө гэхэд л 10 гаруй уралдаан зохион байгуулсан талаар мэдээлэл ирсэн. Ийм нууц хэлбэрийн уралдаан нь учирч болзошгүй олон эрсдэлийг дагуулж байна. Тухайлбал, хүүхдийн эрх ноцтойгоор зөрчигдөж байгаа асуудал бий. Аливаа уралдааныг зохион байгуулахдаа тухайн орон нутгийн удирдлага, цагдаа, хяналтын болон эрүүл мэндийн байгууллагад зайлшгүй мэдэгдэх ёстой. Гэвч энэ шаардлагыг мөрдөхгүй байгаа нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсгэж байна. Иймээс унаач хүүхдийн эрхийг хамгаалах, монгол өв соёлоо харгалзан үзэхийн зэрэгцээ далд хэлбэрийн уралдааныг зогсоож, гаргасан дүрэм журмыг чанд мөрдөх, хариуцлагын тогтолцоог сайжруулж хамтын хариуцлагыг бий болгох шаардлагатай. Мөн морин уралдааны цаг хугацааг сайтар тооцоолж зохион байгуулах, нэгдсэн стандарт бий болгох чиглэлээр бодитой, цогц арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна” гэв.

ММСУХ-ны тэргүүлэгч, хуульч Э.Хашчулуу “Энэхүү уулзалтад ММСУХ-ны төлөөллүүд, Тод манлай, Манлай, Алдарт уяачид болон холбогдох бусад салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн. Монголын Морин спорт уяачдын холбооны саналыг үндэслэн биднийг хүлээн авч уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. ММСУХ үндэсний өв соёл, дархлаа болон хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, морин уралдааны анхны хамгаалалтын төхөөрөмжийг оруулж ирсэн. Унаач хүүхдийг даатгалд хамруулах асуудлаар хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагуудтай хамтран ажилласан. Өнөөдөр морины уралдаан спортын хэмжээнд хөгжиж байна. Гэтэл хэсэг бүлэг хүмүүс хүүхдийг эцэг, эхээс нь булаан авч, эмнэг догшин морь унуулаад, боолын хөдөлмөр эрхлүүлж байгаа мэт ойлголтыг нийгэмд түгээж, талцуулж байгаад харамсаж байна” гэв.

НМСУХ-ны тэргүүлэгч М.Мөнхбаясгалан “11 дүгээр сарын 1-нээс 5 дугаар сарын 1-нийг хүртэл морин уралдааныг хориглох шийдвэр гаргасан. Гэвч уламжлал ёсоор Сар шинийн баярын дараа хаврын улиралд хүүхдүүд морио унаад уралддаг жишиг бий. Угтаа хаврын уралдаан нь нэг талаараа аялал жуулчлалыг дэмжих чухал ач холбогдолтой байсан. Гадаад, дотоодын жуулчид ирэхэд бидний онцлон үзүүлдэг гол өв соёлын нэг нь морин уралдаан юм. Үүнийг дагаад монголчуудын дээл хувцасны соёл, эд хэрэглэл, ахуй зан заншил зэрэг олон соёлыг жуулчид нэг дороос, богино хугацаанд үзэж танилцах боломжтой байсан” гэсэн юм.

Монгол Улсын Тод манлай уяач Н.Даш-Өлзий “Морин уралдааныг бид санаачилж зохиогоогүй. Бидний өвөг дээдэс 2000 гаруй жилийн тэртээгээс зохиож түүнийгээ хөгжүүлж, хойч үедээ өвлүүлж ирсэн түүхэн уламжлал юм. Бид ийм арвин түүхтэй ард түмэн. Монголчууд малчин ард түмэн. Өнөөдөр Монгол улсад малчин, уяач бэлтгэдэг тусгай сургууль байхгүй. Морь унаач хүүхдүүдийн дийлэнх нь малчны амьдралд өсөж, өв соёл, уламжлалаа тээж яваа хүүхдүүд байдаг. Хэрэв энэ заншил тасарвал малчин удам, ахуй соёлын залгамж халаа үгүй болох эрсдэлтэй. Мөн хүүхдээр морь унуулахыг зарим хүн хөдөлмөр эрхлэлт мэтээр ойлгож байна. Харин энэ нь хөдөлмөр бус үндэсний спорт юм. Хүүхдүүд үндэсний спортоороо хичээллэж, соёл уламжлалаа залгамжлан авч явах ёстой. Үндэсний өв соёлоо устгах бус харин хамгаалж, хадгалж үлдэх нь бидний үүрэг” гэдгийг онцолсон юм.


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх сарын 5-наас толилуулна
“Про” театр Оросын театрын холбоотой хамтран, ОХУ-ын шилдэг залуу найруулагч Екатерина Шиховаг урьж, ОХУ-ын орчин үеийн жүжгийн зохиолчдын томоохон төлөөлөл Андрей Ивановын “Это все она” зохиолоос сэдэвлэсэн “Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулахаар ажиллаж байна.
Андрей Ивановын “Это все она” жүжгийн зохиол нь бичигдсэн даруйдаа олны анхааралд өртөн, Орос улсдаа төдийгүй дэлхийн олон улсуудад жүжиг болон тавигдсаар байгаа шилмэл бүтээл юм. Энэхүү жүжгээр өсвөр насны хүүхэд – эцэг эх хоорондын харилцааны хямрал, сошиал орчны нөлөө түүнээс хамаарсан итгэлцэл болон хууралт зэрэг яг одоо бидний дунд байгаа асуудлуудыг хөндөх болно.
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг ирэх гуравдугаар сарын 5-наас РЦНК буюу Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тайзнаа тоглоно.
Урлаг спорт
“Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээн үргэлжилж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын “Улаанбаатар кап” сагсан бөмбөг, волейболын тэмцээнийг нийслэлийн Биеийн тамир, спортын газар “Монголын спортын шийдэл” ХХК-тай хамтран шинэчилсэн системээр 10 насны ангиллаар, 4 үе шаттай зохион байгуулж байна. Анхан шатанд 145,000 сурагч, дүүрэг, бүсийн шатанд 1000 багийн 15,000 сурагч оролцож байна.
“Улаанбаатар кап” дүүргүүдийн болон нийслэлийн аварга шалгаруулах сагсан бөмбөг, волейболын ЕБС-ийн сурагчдын лигийн тэмцээн өнгөрсөн оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхэлж, ирэх тавдугаар сарын 3-ны өдрийг дуустал зургаан сар үргэлжлэх юм. “Улаанбаатар кап” тэмцээнээр шигшээ 32 баг шалгарч, урьдчилсан шат 28 өдрийн турш дөрвөн зааланд зэрэг явагдаж, 1400 гаруй тоглолт зохион байгуулаад байна. Мөн өнгөрөгч сард төвийн зургаан дүүргийн ахлах ангиллын сагсан бөмбөг, волейболын төрлийн аваргуудаа тодруулсан юм.
