Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ

Огноо:

,

“Ийгл” телевизийн “Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо. Хэлэлцүүлэгт Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн, Нийслэлийн Засаг даргын зөвлөх Ч.Батзориг, Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн  газрын дэд дарга Б.Батболд нар оролцсон. Тэд Улаанбаатар хотын замын түгжрэл, түүнийг бий болгож буй хүчин зүйл, тулгамдаж байгаа асуудал, шийдэх гарц, гаргалгааны талаар ярилцсан юм.  Тэдний байр суурийг сийрүүлэн хүргэе.

Б.ОДСҮРЭН: Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол хэт төвлөрөл

-Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийн шалтгааны талаар судалгаа хийжээ. Энэхүү судалгааныхаа дүнгээс танилцуулна уу?

Б.Одсүрэн: -Өнгөрсөн хугацаанд хэд хэдэн судалгаа хийж, түгжрэлийг тал талаас харахыг хичээж байна. Улаанбаатар хотын түгжрэлийн хамгийн том шалтгаан бол хэт төвлөрөл. Их тойрууд төр захиргааны байгууллагууд, худалдааны төвүүд, оффисууд,  дээрээс нь үзвэр, үйлчилгээний төвүүд гэхчлэн ажлын байрны ихэнх нь байрлаж байна. Ажлын байр руугаа хотын захаас ирдэг урсгал, хотын төв дотроо зорчдог хөдөлгөөн ч их. Хоёр дахь томоохон шалтгаан бол хичээл, сургууль эхлэх хугацаа юм. Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хамран тойрох хүрээ, сайн сургууль, цэцэрлэгийн эрэл гэхчлэн сургууль, цэцэрлэгтэй холбоотой асуудал их байна. Нийтдээ 110 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт нь зөөдөг гэсэн судалгаа гарсан. Хамран сургах  тойрог буюу гэрийнх нь ойр орчимд сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйн зэрэгцээ дээр хэлсэнчлэн сайн сургалттайг нь сонгох гэсэн эцэг эхчүүдийн сонирхлоос үүдэлтэйгээр ачаалал үүсэж байна. Үүнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газраас олон ажил хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түгжрэлийн удаах нэгэн том шалтгаан бол хэт машинжилт. Авто замын шинэчлэлт, өргөжүүлэлт нь автомашиныхаа өсөж буй хурдыг гүйцэхгүй байна. Бусад улс оронд машины өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс зам барьж байгуулах хурд өндөр байдаг. Мөн замтай холбоотой норм, дүрэм, стандартыг эргэж харах шаардлагатай. Уулзварын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай нь судалгаанаас харагдаж байгаа. Улаанбаатар хотын замын түгжрэлээс болж 900  сая гаруй ам.долларын шууд болон шууд бус хохирол амсаж буй гэсэн тооцоо гарсан. Шууд өртгөөр 100 сая орчим ам.доллар нь шатахуун болон түгжрэлд шатдаг байх жишээтэй. Шууд бус хохирол 800 сая шахам ам.доллар бөгөөд энэ бүхэн ДНБ-ий найман хувьтай тэнцэж байгаа. Энэ байдлаар үргэлжилбэл ойрын үед ДНБ-ий 18 хувь руу дөхнө. Автомашины дундаж хурд найман  км цаг байна. Цаашид явган хүний хурдтай адил болно гэсэн динамик гарч байгаа.

-Олон улсын хэмжээнд найман км/ц-ийн хурдыг тэг зогсолт гэж үздэг гэсэн үү?

-Олон улсын хэмжээнд оргил ачаалалтай үед 20 км/ц руу ороход түгжрэлтэй байна гэж тооцож байгаа. Манайх найман км/ц. Тиймээс Улаанбаатар түгжрэлтэй хотыг тэргүүлж байгаа гэж хэлж болно.

Ч.БАТЗОРИГ: Нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай

-Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн Засаг дарга түгжрэлийг бууруулах таван цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Яагаад заавал таван цогц арга хэмжээ юм бэ?
 

Ч.Батзориг: -Нийслэлийн Засаг дарга удирдлагын багийнхантайгаа ажиллаад арван сар болж байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод тулгамдсан асуудлыг тодорхойлж, ирэх жилүүдэд хийх ажлуудаа томьёолсон. Энэхүү томьёололд авто замын түгжрэл, төвлөрлийг сааруулах, нийтийн тээврийн чанар, стандарт, хүрэлцээг сайжруулах хэрэгтэй гэсэн судалгаа гарсан юм. Судалгааг Засгийн газарт танилцуулсан. Засгийн газраас энэхүү асуудалд онцгой анхаарч, УИХ дээр хүртэл Түр хороо байгуулсан. Энэ бүхэн дээр үндэслээд таван үндсэн цогц арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Юун түрүүн Улаанбаатар хотын төвлөрлийг багасгах үүднээс 26 дэд төв байгуулна. Үүнээс зургааг нь байгуулаад явж байна. Хоёрдугаарт, авто замд өргөтгөл, шинэчлэл хийнэ. Саяхан баталсан Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд заасанчлан хот дүрэм, стандартаа  өөрөө зохион, дагаж мөрдүүлэх эрх зүйн чадамжтай болсон. Энэ дагуу замаа өргөтгөнө. Улаанбаатар хот одоогийн байдлаар 1156 км замтай. 1.6 сая хүн ам цаашдаа хурдацтай өсөх юм бол бидэнд шаардлагатай зам 3000 км боловч нэн тэргүүнд 443 км зам шаардлагатай. Үүнээс замын түгжрэлийг сааруулахад туслах 223 км зам, зургаан нүхэн гарц, долоон гүүр, гүүрэн байгууламж, 73 км гол ба туслах зам, 71 км тойрог, холбоос буюу хороолол доторх зам 73 км-ыг барьж байгуулах юм. Ингэхдээ гурван үндсэн эх сурвалжаас санхүүжүүлнэ. Мөн 500 гаруй камер, 400 гаруй гэрлэн дохиог шинэчилнэ. Гурав дахь цогц асуудал бол нийтийн тээвэр. 2009 оноос хойш нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээгүй. Тэр үед авсан 400 автобусны хугацаа 12 жил болж байх жишээтэй. Улаанбаатар хотын  нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа автобус компаниудад тогтолцооны шинэчлэл хийх хэрэгтэй байна. Нийтэд үйлчилж буй автобуснуудын 28 чиглэл ямар нэг байдлаар давхацдаг гэсэн судалгаа бий. Энэ мэтийг цогцоор нь шинэчилнэ. Мөн өргөн хүрээний шинэчлэл бол хууль эрх зүйн хүрээний шинэчлэл. Улаанбаатар хот нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний актуудтай болно. Зарим нэг зогсоол, замуудыг эрэмбэтэй, төлбөртэй болгох гэхчлэн төлөвлөсөн зүйл олон байна. Энэ бүгдийг ирэх гурван жилд хэрэгжүүлнэ.

Ё.ЖАРГАЛСАЙХАН: Бүртгэлтэй тээврийн хэрэгслийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна

-Импортоор орж ирж буй автомашинуудын тоо болоод авто замын шинэчлэлийн талаар мэдээлэл өгөхгүй юү?

Ё.Жаргалсайхан: -Улаанбаатар хотын хэт төвлөрөл, замын түгжрэлийн эхлэл 2000 оноос эхтэй. Түүнээс өмнө хүн ам болоод машины тоо харьцангуй цөөн байсан. Өдгөө жил тутамд 60-80 мянган автомашин, зарим жил 100 мянган автомашин импортоор орж ирж байгаа. Ковидтой холбоотойгоор эдийн засгийн эрчим сулрах болов уу гэсэн харин ч бүр эрчимжээд байна. Тяньжин боомтод хүлээгдээд буй нийт чингэлгийн 62 хувь нь зөвхөн хуучин автомашинууд байх жишээтэй. Тэгэхээр машины хэрэгцээ огт буурахгүй байна. 2021 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 1.18 сая тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 56 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна. Үүнээс 741 мянга нь суудлын, 208 мянга нь ачааны машин, 33 мянга нь автобус, 15 мянга нь тусгай зориулалтын, 34 мянга нь зүтгүүр гэсэн тоо гарсан. Сүүлийн жилүүдэд тулгамдаж буй бас нэгэн ээдрээтэй асуудал бол хуучин автомашин. Ашиглалтаас гарч хуучирсан автомашинуудыг бүртгэлээс хасахгүй айлын хашаанд хаячихдаг хүндрэл бий. 1.18 сая автомашины 600  мянга гаруй нь байнга оношилгоонд орж байгаа. Үлдсэн 500 мянга гаруй нь ашиглагдахгүй, ашиглагдлаа гэхэд оношилгоонд орохгүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнийг хяналтад оруулах шаардлагатай. Оношилгоонд ороогүй машинуудын татвар хураагдсаар машины үнээсээ давсан байх нь бий. Тиймээс Сангийн яам, татварын байгууллага үүнд анхаарч, цэгцлэх хэрэгтэй байна.

Б.Одсүрэн: -Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын авто зам ердөө 18 хувиар нэмэгдсэн байдаг. Гэтэл автомашины тоо 2.8 дахин өссөн. Өрхөөр тооцвол нэг өрхөд 1.5 машин ногдож байна. Гэтэл Улаанбаатар хотын замын сүлжээнд  дорвитой шинэчлэл хийгдээгүй. Яармаг, Налайхын зам гэх мэт хуучирсан, эвдэрсэн замаа шинэчилж, засах ажлыг бол хийсэн. Ялангуяа хөдөлгөөний ачаалал ихтэй “артерийн замууд”-д нэмэгдээгүй. Хойшид шинээр зам тавихдаа үр өгөөжийг нь тооцож, шинжлэх ухааны үндэстэй хандах хэрэгтэй байна. Энхтайваны өргөн чөлөө, Долоон буудлаас Яармаг хүрэх босоо тэнхлэг хамгийн их ачаалалтай байгаа. Тиймээс юун түрүүн замын хэвтээ тэнхлэгийг дөрвөн чиглэлээр өргөжүүлэхээр ярьж байна. Ингэснээр нийтийн тээврийн хурдтай, тасралтгүй үйлчлэх боломж нээгдэнэ.

-Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын тоо буурсан гэсэн судалгаа гарчээ. Энэ нь суурьшлын бүс тэлж байгаатай холбоотой юу. Иргэд яагаад нийтийн тээврийг сонгохгүй байна вэ?

-Юун түрүүн нийтийн тээврийн хүртээмж, чанар, стандартын асуудал яригдах байх. Жолооч нарын огцом тоормослодог, зорчигчдоо зогсоол дээр буулгадаггүй байдлаас эхлээд нэг бүрчлэн яривал их зүйл бий. Олон чиглэл давхацдаг, нэг буудал дээр зэрэгцэн зогсдог зэргийг ч мөн бодолцох ёстой. Сүүлийн таван жилийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо буурч байгаа. Стандартын дагуу 12 жилээс дээш насжилттай автобуснууд үйлчилгээнээс хасагдах учиртай. Энэ мэт асуудал их бий.

Б.БАТБОЛД: Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг

-Зам дээр цагдаа зогсохоор зам илүү түгжирдэг гэсэн ойлголт нийтийн дунд бий. Цагдаа нар зохицуулалтыг хэрхэн хийдэг вэ?

Б.Батболд: -Өнөөдөр Улаанбаатар хотын 1000 гаруй км авто замд 500 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа. Энэ нь өндөр ачаалал үүсгэх нь тодорхой. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гэрлэн дохионы удирдлага болон цагдаагийн биет зохицуулга гэсэн хоёр хэлбэрээр зохицуулж байна. Зохицуулалт хяналтыг замын цагдаагийн байгууллага хийсээр ирсэн. 20 хувь нь гэрлэн дохионы, үлдсэн 80 хувь нь цагдаагийн зохицуулалт байдаг. Үндсэндээ 80 байршилд цагдаа ажиллуулж байгаа. Ачаалал үүссэн газарт цагдаа ажиллаж байхад ачаалалгүй замаас ирсэн жолооч энэ ачааллыг цагдаа үүсгээд байна гэж хардаг. Харин ачаалал дунд байгаа жолооч, зорчигч бол ойлгодог. Тэгэхээр цагдаагийн ажилтан замыг түгжрүүлнэ гэж ажил хийхгүй нь ойлгомжтой. Иргэдийн хурдан, шуурхай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх гэж 400 орчим алба хаагч ажилладаг. Тэд зөвхөн замын түгжрэл буруулахаас гадна хориотой эд зүйл тээвэрлэж буй эсэх, хууль дүрэм зөрчсөн эсэх зэрэг 30 орчим төрлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг давхар хянадаг. Бид цаашид хяналтын системийг цахимжуулна. Алба хаагчдыг тос шороотой гудамж, замд хүнд хөдөлмөр эрхлүүлэх нь эрсдэлтэй байна. Бусад орны хувьд ч хяналт шалгалт нь цахимжсан байна. Монголын цагдаа л зам дээр ажиллаж байна. Энэ бүхэнд шаардагдах хөрөнгө мөнгөний асуудал шийдэхэд хотын удирдлагууд анхаарч ажиллахаа илэрхийлсэн. Үүнд бид бүгд баяртай байна. Түүнчлэн иргэдийг хувийн машинаар бус, нийтийн тээврээр зорчдог болгоход анхаарах учиртай. Өнөөгийн Улаанбаатарт автомашины тоо байнга нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Гадаадаас ирж буй иргэд бараг цөмөөрөө машин авч унаж байна. Мөн ид ачааллын үе буюу найм, есдүгээр сард орон нутгийн иргэд хотод ирж, оюутан, сурагчдаа товхинуулах үүднээс ачаалал үүсгэж байна. Яг өдийд 100 мянга орчим машин хөдөөнөөс хотод ирж зорчдог гэсэн тооцоо бий. Энэ хэмжээгээр замын цагдаагийн ачаалал нэмэгддэг.

-Хичээлийн шинэ жил, томоохон баяр ёслолоор авто замд тэг зогсолт бий болдог. Энэ жилийн ид ачаалал эхлэх гэж байна. Яг одоо ямар арга хэмжээ авах вэ?

Б.Одсүрэн: -Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургууль 5:9 гэсэн шинэ системээр хичээллэхээр болсон. Өөрөөр хэлбэл, таван өдөр танхимаар, есөн өдөр гэрээр хичээллэнэ. Нөгөөтээгүүр, БШУЯ-наас зарим сургуулийн хичээл эхлэх, тарах цагийг зөрүүлэхээр судалж байгаа. Судалгаанаас харахад, Улаанбаатар хотын бүх сургууль, албан газар, худалдааны төвүүд, бизнесийн байгууллагууд  нэг цагт нээж, хааж байгаа нь оргил цагийг үүсгэж байгаа. Өглөө 07:00-10:00 цаг, орой 17:00-20:00 цагт  ачаалалт хэт өсөж, тэг зогсолт үүсдэг. Тиймээс уян цагийн зохицуулалт хийнэ. Ер нь цаашид төрийн албан хаагчдыг долоо хоногтоо нэг өдөр онлайн байдлаар ажиллах зохицуулалтыг хийхийг Ерөнхий сайд санал болгосон. Худалдааны төвүүдэд даваа, баасан гаригт ачаалалтай байдаг. Зорчигчдын 50 хувь нь машинаа өглөө унаж очоод, өдөржин зогсоолд тавиад өнждөг. Тиймээс тэднийг нийтийн тээврээр зорчдог болгох урамшууллын хөшүүргийг хэрэглэх юм.

Манай хот явган зорчигч, дугуйгаар зорчигчид, өндөр настнууд, хүүхэдтэй хүмүүст ээлтэй байж чадахгүй байгаа. Тиймээс эдгээр хүмүүст ээлтэй байхаар хөгжүүлэх шаардлагатай. Стандартын зогсоолуудтай болох, зогсоолуудаа төлбөржүүлэх, зарим зам, гудамжийг автомашингүй болгох гэхчлэн хийх ажил их байна.

Ч.Батзориг: -Ирэх жилүүдэд бидний хийж хэрэгжүүлэх ажлууд эргээд хүндрэл учруулж болох юм. Гэвч алсын өгөөж нь их гэдгийг урьдчилан хэлэх хэрэгтэй байх. Замуудаа эрэмбэлээд эхэлнэ, эрэмбийн дагуу төлбөрт системд шилжинэ. Юун түрүүн тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулна. Төлбөр, хураамж, торгууль, хариуцлагын механизмаас гадна урамшууллын механизмыг ч мөн хэрэгжүүлдэг болно. Энэ болгоныг схемчилж байна. Нийтийн тээврийн парк шинэчлэлт хийх хүрээнд энэ онд 100, ирэх онд 300 автобус оруулж ирнэ. Мөн багтаамж ихтэй шинэ тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ. Дан ганц улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бус, хувийн хэвшлийнхэн маань ч нийтийн тээвэрт хөрөнгө оруулдаг байхад анхаарна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Огноо:

,

Улсын хэмжээнд он гарсаар хоёрдугаар сарын байдлаар 774 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 614 хүний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 619  нь гал түймэр, 134 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол /зам тээврийн осол, төөрсөн, сураггүй болсон, өндрөөс унах, мөс цөмрөх/, 14 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл,  6 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 1 нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна

Огноо:

,

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ 2026 онд дараах ажлуудыг хийхээр төлөвлөлөө.

  • Энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 13 байршилд 15.2 км урт автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна. Мөн он дамжин хэрэгжих гурван байршилд 3.9 км шугам сүлжээний угсралтын ажил хийнэ.
  • Улаанбаатар хотын ус тогтдог, нэн шаардлагатай засварлах ажлын хүрээнд Наадамчдын замын борооны ус зайлуулах 1.2 км шугамыг өргөтгөн шинэчилнэ.
  • Хөрсний ус зайлуулах шугам сүлжээний ажлын хүрээнд хоёр байршилд буюу Сэлбэ дэд төв, Шархад дэд төвийн 7.2 км шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • СБД 13, 14 дугаар хорооны нутаг дэвсгэрт Сэлбэ голын үерийн ус хуримтлуулах 21.7 га мандлын талбайг хамарсан 1.3 сая шоо метр ус хуримтлуулах багтаамжтай таван шатлалт усан сангийн ажлын барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.

Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйг тохижуулах ажлын урсгал зардлаар

  • Есөн байршилд халиа тошин багасгах, 28 байршилд 48000 шоо метр лаг, хагшаасыг цэвэрлэж, үерийн сувгийн хэвийн ажиллагааг хангаж ажиллана.
  • Нийслэлийн зургаан дүүргийн автозамын борооны болон хөрсний ус зайлуулах 217км шугам сүлжээний 4034 шүүрт худаг, 4171 үзлэгийн худгийн лаг цэвэрлэгээний ажлыг хийнэ.
  • Үерийн хамгаалалтын сувгийн засвар нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын сувгийг Туул гол руу холбох, ХУД-ийн 12 дугаар хороо Нисэхийн сувгийг автозамын ус гаргуурт холбох, автозамын ус гаргуурыг өргөтгөн шинэчлэх, Жаргалантын амны үерийн сувгийн барилга угсралтын ажлыг бүрэн дуусгах зэрэг нийт гурван байршилд 1.1 км үерийн суваг барихаар төлөвлөсөн байна.
  • СХД 20 дугаар хороо Нарангийн үерийн хамгаалалтын 22 метр өргөн үерийн суваг авто зам өнгөрөөд задгайрч, лаг хагшаасаар дүүрч дарагдсан тул тус байршилд үерийн хамгаалалтын суваг барьж, Туул гол руу холбох ажлыг хийж гүйцэтгэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.

Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо эсэн мэнд авчрах үүрэгтэй. Энэ бол улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл юм гэдгийг Ерөнхий сайд хэлээд, энэхүү нислэг бол зөвхөн тээвэрлэлт бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддаг гэдгийг харуулсан бахархалт үйл явдал гэдгийг онцлов.

Мөн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж, 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар, авхаалж, баг хамт олны хамтын ойлголцол, эв нэгдлийг харууллаа.

2026 онд “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож буй. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. “МИАТ” компани 70 жилийн ойдоо онцгой амжилт гаргаж, нислэгийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байна гэлээ.

Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир улс орнууд боломжит байдлаар иргэдээ татан авч байна. Тус бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг үйлдэгдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн эхний нислэгээ үйлдсэн. Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирээд байна.

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрчээ. Тухай бүрд нь онцгой байдлын горимоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, бүс нутаг дахь Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон United Arab Emirates Air Force, мөн Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллажээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе4 цаг 25 минут

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгий...

Улстөр нийгэм4 цаг 27 минут

COP17 бага хурлын бэлтгэл ажлын явцыг хэлэлцэж, холбогдох дэд хороод...

Улстөр нийгэм4 цаг 47 минут

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлжээ

Улстөр нийгэм4 цаг 50 минут

Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэл, Засгийн газрын үйл аж...

Шударга мэдээ5 цаг 14 минут

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 бүртгэгджээ...

Цаг үе5 цаг 22 минут

Энэ жил 16 байршилд 19 км урт автозамын борооны ус зайлуулах шугам с...

Цаг үе5 цаг 24 минут

Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн ...

Цаг үе9 цаг 4 минут

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний...

Улстөр нийгэм2026/03/12

Иргэдийг шийдвэр гаргахад цахим хэлбэрээр оролцох боломжийг бүрдүүлж...

Цаг үе2026/03/12

Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

Санал болгох