Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Шадар сайд С.Амарсайхан Истанбул дахь Десбаш Чөлөөт бүсийн захиргаатай хамтран ажиллахаар ярилцлаа

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Тажикистан улсын Душанбе хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн болон ажиглагч улс орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцоод буцах замдаа 2021 оны есдүгээр сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Десбаш чөлөөт бүсийн удирдлагуудтай уулзан, хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцов.
Чөлөөт бүсийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба, Туркийн Худалдааны яам хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг 2021 оны  нэгдүгээр сард байгуулсан билээ.
Энэ хүрээнд хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэхэд чөлөөт бүсийн чиглэлээр багагүй туршлага хуримтлуулсан Турк Улсын туршлагаас суралцах, цаашлаад Замын-Үүд, Алтанбулаг зэрэг хил дамнасан чөлөөт бүсийг түшиглэн харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжийг эрэлхийлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх Туркийн жишгээр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан менежментийн загвараас судлах, чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж буй ААН, компаниудад үзүүлж буй татварын хөнгөлөлт, үйлчилгээний үнэ тариф зэрэг асуудлаар Шадар сайд С.Амарсайхан тус чөлөөт бүсийн Ерөнхий захирал Хакан Жейлантай ярилцаж, илэн далангүй санал солилцов.


Мөн Туркийн Худалдааны яамны Чөлөөт бүсийн газрын захирал Али Баярактар уулзалтад оролцож, төрөөс чөлөөт бүсийн чиглэлээр баримталж буй бодлого, ААН-үүдэд олгодог тусгай зөвшөөрлийг хэрхэн олгодог талаар товч мэдээлэл өгөв.
Турк Улсад өдгөө 18 чөлөөт бүс байдгаас Истанбул хотыг түшиглэн байгуулсан 3 чөлөөт бүс үйл ажиллагаа явуулдаг юм.
Десбаш чөлөөт бүсийг 1993-1995 онд байгуулж, улмаар 1995 оноос хойш тогмол үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2008 оноос менежментийн хувьчлалаар хувийн хэвшилд шилжүүлсэн, өдгөө тус бүсэд үйл ажиллагаа явуулж буй 300 орчим компани, аж ахуйн нэгжүүд 6000 орчим ажлын байрыг бий болгож, жилдээ 2-3 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний худалдаа, бараа үйлчилгээ тус чөлөөт бүсэд эргэлддэг байна.
 
Шадар сайдын ажлын алба

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор ашиглалтад орлоо

Огноо:

,

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цогцолбор нь 1109.3 ам метр талбай бүхий зоорьтой гурван давхар.

Тус барилга ашиглалтад орсноор тухайн хорооны 2702 өрхөд буюу 10,453 гаруй иргэдэд эмнэлгийн анхан шатны яаралтай тусламж үйлчилгээ, нийтийн хэв журам болон төрийн анхан шатны үйлчилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдэх төдийгүй иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус цогцолборын барилгыг "Хөх хайрхан трейд" ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

Огноо:

,

Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй.

Яармагаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7.5-46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэнэ.

Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч "Пома групп"-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд ахлан гүйцэтгэж буй. Төслийн бүтээн байгуулалтын үе шатуудад Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Аврах 105 дугаар ангитай тогтмол хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, зөвлөмжийг тогтмол авч хэрэгжүүлж байна. Тулгуур баганын суурь суулгах, ган татлага татах, өргөлт угсралтын ажиллагаа зэрэг өндөр эрсдэлтэй үе шатуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг НОБГ-аас байнгын горимоор хэрэгжүүлж, хамтарсан үнэлгээ хийж байна. "Пома групп", ОБЕГ болон төслийн ашиглалтын байгууллагатай хамтран зорчигчийн аюулгүй ажиллагааны тусгай сургалт, гэнэтийн ослын үед авах арга хэмжээний дадлага сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа гурван сарын хугацаанд системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэх юм. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ. Нэг кабинд 10 зорчигч багтах хүчин чадалтай бөгөөд туршилтын үр дүнгээр системийн найдвартай ажиллагаа, цахилгаан, механик, хяналтын дэд системүүдийн уялдааг бүрэн шалгах юм. Систем нь цахилгаан тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах автомат нөөц генератороор тоноглогдсон. Энэхүү цахилгаан хангамжийн давхар хамгаалалт нь зорчигчдыг буулгах горимыг аюулгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа саатал, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Түүнчлэн "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ байгуулж, дүрэм батлах тухай НИТХ-ын 25/91 дугаартай тогтоол 2025 оны долоодугаар сарын 08-ны өдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр "Улаанбаатар кабель кар" ОНӨТҮГ-ын бүтцийн зохион байгуулалт, орон тоог батлах тухай НЗД-ын А/1490 дугаартай захирамж гарсан. Тус байгууллага дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээ, системийн хяналтыг хариуцан ажиллах юм.

Тус төсөл ашиглалтад орсноор ямар хууль, стандартаар зохицуулах тухайд, Монгол Улсын хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 413 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрддөг. Мөн Нийслэл Улаанбаатар хотод дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг 2023, 2024 онд MNS болгон нутагшуулан батлуулсан. Түүнчлэн Их багтаамжийн нийтийн тээврийн хуулийн төслийн хүрээнд Дүүжин замын тээврийн системийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Европын улс орнуудад дүүжин замын тээврийн системд тусгайлан зориулсан хууль эрхзүйн орчин байдаггүй бөгөөд дээрх "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага"-ын стандартыг мөрддөг аж.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Нэгдүгээр тойрог зам” төслийн олон улсын нээлттэй тендерийг ирэх сарын 1-нд нээнэ

Огноо:

,

Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд “Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхээр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер зарлан, материал хүлээн авч байна. Тендер шалгаруулалтад оролцогчдоос ирүүлсэн хүсэлттэй холбогдуулан тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд нэмэлт өөрчлөлт оруулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг үндэслэн тендер хүлээн авах эцсийн хугацаа болон тендер нээх хугацааг хойшлуулж, 12 дугаар сарын 1-нд нээхээр боллоо. 

Төслийн хүрээнд барилга угсралтын ажлыг 36 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Тодруулбал, 2025-2028 онд хэрэгжүүлэх төслийн эхний жилд буюу 2025 онд ТЭЗҮ-ийг батлуулах, тендерийн бэлтгэл үе шат, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2026-2028 онд газар чөлөөлөлт, нүүлгэн шилжүүлэлт, тоног төхөөрөмж, материал, хангамж зэрэг бэлтгэл ажил болон барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэн төслийг хүлээлгэн өгөх юм. Нэгдүгээр тойрог зам төслийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах ажлыг “Си Эс Си И АйкомКонсалтантс” ХХК болон Шинжлэх Ухааны Академи хотын хүрээлэн буй орчны судалгааны хүрээлэн” боловсруулсан. Тус ТЭЗҮ-д 24.8 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел, ногоон байгууламж, ус зайлуулах хоолой зэрэг дэд бүтцийг төлөвлөсөн иж бүрэн гудамж зам юм. 

Мөн зам дагуу 17 орц, гарцтай байх бөгөөд өдөрт 216 мянган орчим тээврийн хэрэгсэл явах урьдчилсан тооцоолол гарсан бөгөөд төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Түүнчлэн төслийн нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэхээр төлөвлөсөн нь үндэсний үйлдвэрлэл болон ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох