Урлаг спорт
“Урлагийн хот Улаанбаатар” аяныг өрнүүлж эхэллээ

Нийслэлийн Соёл, урлагийн газрaaс “Урлагийн хот Улаанбаатар" аяныг өрнүүлж эхэллээ. Энэ хүрээнд дүрслэх урлагийн бүтээл туурвидаг уран бүтээлчдийг олон нийтэд таниулах, тэднийг дэмжин ажиллах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Энхтайваны өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн (хуучнаар Ахмадын холбооны) талбайд орчин үeийн контемпорари бүтээлүүдийг цувралаар байрлуулах юм.
Монголын Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх “Бий Контемпорари” арт галерейн уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр буюу есдүгээр сарын 22-ноос эхлэн МУЭ-ийн шагналт, МУУГЗ, Олон улсын “Норд арт” фестивалийн Гран при шагналт, уран барималч Аюурзанын Очирболдын “Ухамсар” хэмээх бүтээлээр аяныг эхлүүлж байна.
Уран барималч А.Очирболд нь “Амур”, “Буур Жамьян”, “Дэмүүл Арслан”, “Хотгойдын ван Чингүнжав”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алдартай баримлуудыг бүтээсэн уран бүтээлч. Нарны гэрлийг дагаж хөдөлснөөр цаг хугацааг илэрхийлж буй “Ухамсар” нэртэй уг бүтээлийг дэлхийн 192 орны бүтээлээс сонгон, НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан юм.
Иргэд та бүхнийг халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, тус урлагийн бүтээлийг үзэж, сонирхохыг урьж байна.
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
Урлаг спорт
Монголын бүх ард түмний спортын наадмын галт бамбарыг улсын арслан Э.Батмагнай асаалаа
Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг Монголын бүх ард түмний спортын зуны XVI наадам Улаанбаатар, Баянхонгор аймагт нэгэн зэрэг болж байна. Өчигдөр тус наадмын нээлтийн ёслол Баянхонгор аймагт болж, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан МБАТСН-ыг албан ёсоор нээж, ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Даваацэрэн мэндчилгээ дэвшүүллээ.
Наадмын тамирчдын тангарагийг жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга, Оюутны дэлхийн аварга, армийн дэлхийн аварга, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Л.Сосорбарам, таеквондогийн Азийн АШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын есөн удаагийн аварга, Д.Чинзориг нар өргөв.
XVI наадмын тугийг пара таеквондогийн “Парис-2024” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, боксын Дэлхийн цомын хошой хүрэл медальт, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Т.Энхтөр, пауэрлифтингийн улсын аварга, бодибилдингийн спортын ОУХМ Н.Нэмэхбаяр, чөлөөт бөхийн улсын аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Бямбадорж нар өргөн мандуулав.
Харин тус наадмын галт бамбарыг үндэсний бөхийн улсын арслан, чөлөөт бөхийн Армийн дэлхийн аварга, Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ Э.Батмагнай асаалаа. Тэрбээр хоёр жилийн өмнө Монголын хүүхдийн спортын VII их наадмын галт бамбарыг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэгийн хамтаар асааж байв.
Монголын бүх ард түмний спортын ХVI наадам спортын 28 төрөлд, 163 жин, зайд, 879 багц медалийн төлөө 21 аймаг, 9 дүүргийн 3146 тамирчин өрсөлдөж байна.
Урлаг спорт
ABU GENERAL ASSEMBLY 2025: Спортын салбар хорооны уулзалт, хэлэлцүүлгүүд эхэллээ
Эхний хэлэлцүүлэг “Үндэсний болон соёлын өвийг хамгаалахад спортын хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд боллоо. Тус хэлэлцүүлэгт МҮОНТ-ийн “MNB Спорт” сувгийн захирал О. Ууганбаяр, БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон, Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ахмед Надим нарын олон орны хэвлэл мэдээлэл болон спортын байгууллагуудын удирдлагууд, төлөөлөгчид оролцсон юм.
Хэлэлцүүлгийг Турк улсын үндэсний өргөн нэвтрүүлгийн байгууллагын Спортын газрын захирал (TRT) Эмре Ботан Күмэт удирдан явуулсан байна. Оролцогч орнуудаас БНХАУ, БНСУ, Япон, БНАСАУ, Малайз, Шри Ланк, Индонези, Вьетнам зэрэг орнуудаас тухайн салбарын мэргэжлийн төлөөлөгчид олноор ирж оролцлоо.
Монголын Үндэсний Спортын Хорооны ерөнхийлөгч Ц.Магалжав эхний илтгэлийг тавьж манай улсын үндэсний спортын тухай хууль, өнөөгийн нөхцөл байдал, олон улсад танигдсан байдал, хөгжлийн чиг хандлага зэргийг танилцуулсан юм. Мөн сурын харваа, хурдан морины уралдаан, бөхийн барилдаан эртний уламжлалт спортын төрлүүдийн түүхэн цаг хугацааны өөрчлөлт, өв соёлыг танилцуулсан юм.
Мөн эрийн гурван наадмын спортын төрлүүдээс гадна шагайн харваа, мөсний шагай, мөсний харваа, тэмээн уралдаан, тэмцээн поло, тулам булаалдах тэмцээн гээд бусад олон төрлүүд байдгийг ч онцолсон юм. Түүнчлэн үндэсний бөхийн спорт дээр тулгуурлаж хөгжүүлсэн чөлөөт бөх, жүдо бөхийн спортын төрлүүдээр тив дэлхий, олимпын наадмуудад олон амжилт гаргасаар ирснийг үндэсний спортын түүх уламжлалтайгаа уялдуулан танилцуулав. Мөн дэлхийн монголчуудын наадмыг энэ жил Бельги улсын Брюссель хотноо анх удаа зохион байгуулахын зэрэгцээ дэлхийн олон орон дахь монголчууд үндэсний спортын төрлүүдээр дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлж байдгийг чухалчиллаа. Тэрээр энэ бүх үйл ажиллагаа болон түүнийг таниулан сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллагуудын үүрэг ямар чухал нөлөөтэй тал өөрийн байр сууриа мөн илэрхийлсэн. Ингэхдээ энэхүү үйл ажиллагаануудыг даган тус салбарт орж ирэх реклам, зар сурталчилгаануудын орлого, ивээн тэтгэгч байгууллагуудын оролцоо нэмэгдэж, маш олон боломжууд гарч ирдэг гэдгийг онцоллоо.
БНСУ-ын Үндэсний Олон Нийтийн Телевизийн Спортын төлөвлөлт, продюсерын багийн дэд дарга Нам Сан Вон өөрийн илтгэлдээ үндэсний ширым бөхийн спортоороо дамжуулж орчин үеийн хүүхэд залууст уламжлалт өв соёлоо хэрхэн түгээж байгаа талаараа хуваалцлаа. Мөн уламжлалт хэв маягийг орчин үеийн хэв загварт шилжүүлж телевизийн шоу хэлбэрээр эх орондоо болон олон улсад хэрхэн гаргаж байгаа туршлагаа танилцууллаа. Тэд олны анхаарлыг татах гадаад төрх, бие бялдрын хөгжилтэй залуучуудыг тус шоунд оролцуулж олны анхаарлыг татдаг байна. Үүний нөлөөгөөр тамирчид нь олон байгууллагуудын нүүр царай болж, реклам сурталчилгаа, загварын ертөнцөд орж, тус спортоор таниулан сурталчилж чаддаг байна.
Мөн дотооддоо спортын олон төрлийн тэмцээнүүдийн үеэр бүжигчид, хөгжөөн дэмжигч охид зэргийн нөлөөгөөр үзэгчдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх гээд энтертайнмент олон арга хэлбэрүүдийг ашигладаг байна. Илтгэлийнхээ дүгнэлт хэсэгт тэр уламжлалыг тэр хэвээр нь хадгалах боломж маш бага учраас орчин цагийн хөгжлийн чиг хандлагатай нэгтгэн уялдуулж, цааш хөгжүүлэн авч явах нь чухал юм.
Шри Ланкийн Үндэсний Телевизийн ерөнхий захирал Маножа Надишана Амарасинхэ энэ үеэр тавьсан илтгэлдээ мөн үндэсний спортын төрлүүдийнхээ талаар онцоллоо. Волейболын спортын үндэсний хэлбэр болон үндэсний тулааны спортын төрлүүдээ танилцуулсан юм. Монголын үндэсний бөхтэй адил тус улсын үндэсний спортын төрлүүд ч өв соёлыг нь ихээхэн тээдэг, соёлын чухал өвүүд болдог байна. Үүнийг спортын тэмцээн уралдаануудын шууд дамжуулалт, нэвтрүүлгүүдээрээ түгээн дэлгэрүүлж байж л цар хүрээг нэмэгдүүлж, хадгалан авч үлдэж чадна гэдгийг тэр чухалчиллаа.
Хурал, хэлэлцүүлгүүд өнөөдөр мөн спортын хэд хэдэн чухал сэдвүүдээр үргэлжлэх хуваарьтай байна.
Урлаг спорт
"Саньяа 2026" Азийн VI элсний наадамд оролцох урилгыг МҮОХ-нд ирүүллээ
БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотноо Азийн VI элсний наадмыг 2026 оны дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 14 спортын 15 дэд төрөлд зохион байгуулахаар шийдвэрлэж нийт 63 багц медалийн төлөө АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ны баг тамирчид өрсөлдөх боллоо.
Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 2 жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадам нь анх 2008 онд Индонезийн Бали аралд анх удаа зохион байгуулагдаж улмаар Оман (2010), БНХАУ-ын Хайнан (2012), Тайландын Пукет (2014), Вьетнамын Дананг (2016) хотуудад тус тус болсон юм.
Цар тахал болон тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласан энэхүү наадам цар хүрээгээ улам тэлж 2026 онд Саньяа хотод зохион байгуулагдахаар боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.
-
Улстөр нийгэм2023/09/18
Г.Занданшатар: Номоос өнгөрснийг ч мэдэж чадна. Ирээдүйгээ ч зөгнөж харж чадна. ...
-
Үзэл бодол2020/11/09
Д.Дорлигжав: Ерөнхийлөгч бол Монгол Улсын дипломат албаны орой нь юм
-
Улстөр нийгэм2025/08/04
Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл өнөөдөр эхэлнэ
-
Цаг үе2020/07/25
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!