Улстөр нийгэм
Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов
Барбадос Улсын Бриджтаун болон Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2021 оны 10 дугаар сарын 4-7-ны өдрүүдэд НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (НҮБ-ын ХХБХ)-ын “Тэгш бус байдал, эмзэг байдлаас бүгдийг хамарсан хөгжил цэцэглэлт хүртэл” сэдэвт 15 дугаар чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганыг Кени Улсын Ерөнхийлөгч ноён Ухуру Кенятта, Барбадос Улсын Ерөнхий сайд хатагтай Амор Моттлей, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Антонио Гутеррес болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга хатагтай Ребека Грийнспан нар тус тус нээж үг хэлэв.
Чуулганы хүрээнд буюу 2021 оны 10 дугаар сарын 1-ийн өдөр цахимаар болсон Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Сайд нарын уулзалтад тус бүлгийн орнуудын гадаад хэрэг, худалдааны асуудал хариуцсан сайд нар оролцож, дэлхийн худалдаа, хөгжил болон хөгжиж буй орнуудын цар тахлын дараах сэргэлтийн асуудлаар санал солилцов.
Энэ уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын бүлгийг төлөөлж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ НҮБ-ын ХХБХ-ын 15 дугаар чуулган нь хямралыг даван туулах, уян хатан байдлыг бий болгох, тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай бодлого, арга хэмжээг хэлэлцэх боломжийг олгож байгааг тэмдэглэж, тус хэлэлцүүлэгт ДГХБО-ын хэрэгцээг бүрэн тусгах шаардлагатайг онцлов.
Түүнчлэн, ДГХБО-ын өмнө тулгарч буй нийтлэг бэрхшээл, худалдааны зардал өндөр хэвээр байгаа нь дэлхийн зах зээл дэх далайд гарцгүй орнуудын экспортын өрсөлдөх чадварыг бууруулж, импортын барааны үнийг нэмэгдүүлж байгааг тэмдэглэж, транзит, тээвэр, худалдааг хөнгөвчлөх асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай шинэлэг арга барилыг эрэлхийлэхэд НҮБ-ын ХХБХ-аас дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэв.
Мөн далайд гарцгүй хөгжиж буй 26 улсын экспортын орлогын 60 гаруй хувь нь түүхийн эдээс хамаардаг бөгөөд энэхүү хараат байдлыг даван туулж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтөд хүрэхийн тулд экспортыг төрөлжүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх хүчин чармайлт шаардлагатай байгааг дурдаж, НҮБ-ын ХХБХ-аас боловсруулсан Бүтээмжийн чадавхийн индекс (PCI) бодлогын шинэ арга хэрэгслийг ДГХБО-ын бүлэг сайшааж байгаа бөгөөд тус байгууллагаас бүтээмжийн чадавхад тусгайлан зориулсан хөтөлбөр, эсхүл төв байгуулж хөгжүүлэхийг уриалав.
НҮБ-ын ХХБХ-ыг 1964 онд байгуулсан бөгөөд дэлхийн худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, санхүүгийн салбарт хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудын ашиг сонирхлыг дэмжих зорилготой засгийн газар хоорондын байгууллага юм.
Улстөр нийгэм
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.
Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.
Улстөр нийгэм
Х.Нямбаатар: Монгол Улсад 43 жил хүлээсэн Дулааны тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ
Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүч, дулааны хэрэгцээг хангах стратегийн ач холбогдолтой “Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ. Тус станц 300 МВт цахилгаан, 340 Гкал/ц дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд барих юм.
Нээлтийн арга хэмжээнд Эрчим хүчний сайд Б.Найдалаа, төслийн төрийн түншлэгч нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хувийн хэвшлийн түншлэгч “Митайм Интернэйшнл” компанийн удирдлагууд болон холбогдох албаныхан оролцов.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “2023 оны аравдугаар сард хотын даргаар томилогдоод эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зоригтой шийдлүүдийг төлөвлөсөн. Бид анхны дотоод бондыг 2024 онд гаргаж, улмаар Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг төвийн эрчим хүчний системд чухал хэрэгцээтэй цаг үед ашиглалтад оруулж, эрчим хүч нийлүүлсэн. Эрчим хүчний төслүүдийг улаанбаатарчууд, эрчим хүчний салбарынхан сүүлийн 40 жил хүлээсэн.
Өнгөрсөн хугацаанд улс төрчдийн эрх ашиг, популизм зэргээс ажлыг үргэлж зогсоож ирсэн. Харин Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн түншлэлээр барьж, 2028 онд бүрэн ашиглалтад оруулна. Төслийг эхлүүлсэн, өнгөрсөн хугацаанд бэлтгэл ажлыг хийж ирсэн бүх хамт олондоо талархал илэрхийлье.
Энэ жил Улаанбаатар хотод Дулааны тавдугаар цахилгаан станц, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийг түшиглэсэн цахилгаан станц, Дамбадаржаа станц, Дэнжийн мянга станц, хийн станцууд, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх, Хүннү хотын станц гээд хэд хэдэн станцын төслийг хэрэгжүүлнэ. Агаарын бохирдол, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийг ая, тухтай амьдруулах томоохон төслүүдээ урагшлуулахын төлөө үргэлж ажиллана. Ард түмэнд амлалтаа биелүүлж, цаг хугацаандаа төслийг ашиглалтад оруулахын төлөө ажиллацгаая” хэмээн онцоллоо.

ДЦС-5 ашиглалтад орсноор 100 мянга хүртэлх айл өрхийг цахилгаанаар, 40 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангах боломж бүрдэнэ. Ялангуяа Таван шар, Баянхошуу, 21 дүгээр хороолол, 3, 4 дүгээр хороолол зэрэг нийслэлийн баруун бүсийн өсөн нэмэгдэж буй суурьшлын бүсүүдийн эрчим хүчний хангамжийг тогтвортой шийдвэрлэх ач холбогдолтой.
Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд үүний 80 хувийг хувийн хэвшлийн түншлэгч, 20 хувийг төрийн түншлэгч тал хариуцах юм. Нийслэлийн зүгээс төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх хүрээнд дотоодын санхүүгийн зах зээлд 200 тэрбум төгрөгийн бондыг амжилттай гаргасан.

Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 43 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороонд ДЦС-2-ийн үнсэн сангийн талбайд дэд бүтцэд ойр байршилд баригдаж, дотоодын нүүрсний нөөцөд тулгуурлан ажиллана.
Мөн орчин үеийн өндөр үр ашигтай, байгаль орчинд ээлтэй шийдлийг нэвтрүүлж, ялгарлын хэмжээг олон улсын стандартад нийцүүлэн бууруулснаар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна. Мөн шинэ орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх боломж өргөжиж, хотын эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанарт бодит эерэг нөлөө үзүүлэх юм.

Улстөр нийгэм
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Монголын улаан загалмайн нийгэмлэг, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү Санамж бичгийн зорилго нь байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилтийг бууруулах агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулах, байгалийн гамшгийн аюулыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагааны хүрээнд хамтран ажиллахад орших юм.
Санамж бичгийн хүрээнд олон нийтэд экологийн боловсрол олгох, сайн дурын идэвхтэн, хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүд болон эмзэг бүлгийн иргэдийн оролцоог хангаж мод тарих, ногоон орчин бүрдүүлэх зан үйлийн өөрчлөлтийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг мод тарих, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сурталчлан таниулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгаас сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана гэж Монголын улаан загалмай нийгэмлэгээс мэдээллээ.
-
Улстөр нийгэм2026/03/16
УИХ-ын дарга Н.Учрал БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Гэнч Юксэлийг...
-
Улстөр нийгэм2022/03/01
О.Гэрэлт-Одын санаачилгаар “Монгол эрчүүдийн улсын зөвлөгөөн” болно
-
Цаг үе2022/05/18
Архины чанар, аюулгүй байдалд лабораторийн шинжилгээ хийлээ
-
Цаг үе2022/05/17
Хонконг руу зорчих иргэдийн анхааралд!
