Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Төрийн банкийг нээлттэй хувьцаат компани болгосноор олон нийтийн хяналт сайжирна

Огноо:

,

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэж үг бий. Монголын хөрсөнд нэлээд бат суучихсан иймэрхүү үг нэг бус, нэлээд олон байдаг бололтой юм. Зохиолч Колин Краучийн “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” номын орчуулагч О.Гомбожав ийм нэгэн “үг”-ийн талаар тун сонирхолтой жишээ татсан нь өдгөө ч цахим сүлжээнд хадгалаатай байна. Бизнес, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй тэрээр “Төр муу менежер гэдэг үгийг манайхан их сайн цээжилсэн юм шиг байгаа юм. Хэн нэг нь мянга давтаж өгөөд цээжлүүлсэн ч байж магадгүй. Иймээс төрийн оролцоо аль болох бага, болж өгвөл байхгүй байх ёстой гэхээр бид их амархан хүлээж авдаг. Уг нь төр муу менежер байна гэдэг нь сайн менежер болох ёстой гэсэн үг болохоос огт оролцоогүй байх ёстой гэсэн үг биш юм” гэж ярьжээ. Үнэхээр түүний зөв.

Монголд төрийн өмчит аж ахуйн нэгж болгон алдагдалтай ажилладаг, аль эсвэл дампуурдаг гэх ойлголт хаанаас ч юм гарчихсан байдаг. Хачирхалтай нь, ийм яриаг гаргасан хүмүүс нь эргээд төрийн өмчийг хувьчилж авахаар тэргүүн эгнээнд дугаарлаж зогсдог. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад өөртөө авчихсан тийм жишээ ч цөөнгүй бий. Эсрэгээрээ төр өмчөө зөв удирдаж чадвал төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж болдгийг харуулсан аж ахуйн нэгжүүд ч олон байгаа.

Хамгийн их улстөржсөн, хамгийн их дуулиан тарьсан ганц жишээг энд эш татъя. Та бидний бүгдийнх нь мэдэх Таван толгойн нүүрсний бүлэг ордыг монголчууд олборлож чадахгүй гэж олон жил ярьж байлаа. Дэлхийн хэмжээний ордыг дэлхийн компани л олборлоно гэх яриа. Гэтэл өнөөдөр Монгол Улсдаа татвар төлөлтөөрөө ч, ногдол ашгаараа ч тэргүүн эгнээнд явж байгаа “Эрдэнэс Таван толгой” бол төрийн өмчит л компани. Тиймдээ ч цар тахлын хүнд үед Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг өргөлцөж, хүн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг тараасан биз. Бодох л өнцөг.

Үүн шиг бас нэгэн төрийн өмчит компанийг хувьчлах нь гэсэн яриа цахим орчинд давалгаалж эхэлсэн нь анхаарал татлаа. 2020 онд 37.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жил тутам ашиг нь өсч байгаа Төрийн банкийг хувьчлах ёстой гэсэн яриа л даа. Бас л хардлага төрж байна. Одоо тайлбарлая.

1. Цар тахлын хүнд цаг алсрах болоогүй энэ үед төр өмчдөө банктай байсныг үр шимийг монголчууд нийтээрээ л хүртэж байна. Засгийн газар, Монголбанкнаас явуулж буй бодлогыг дэмжиж, тахлын үед ашиг бус, ард түмнийхээ амьдралыг харсан шийдвэрүүд энэ банкны тодорхой манлайлалтай ажил болж байсныг хүмүүс мэднэ. Тодруулбал, Өнгөрсөн онд КОВИД-19 цар тахлаас шалтгаалан улс орон даяар тогтоосон хөл хорионы үед тэтгэвэр, халамж олгох ажлыг Төрийн банк л манлайлж, гардан гүйцэтгэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу Ажлын байрыг дэмжих зээлийг зорилтот бүлэг буюу яг бичил болон жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь олгосон зээлийн тоо хэмжээнээс харагдана.

Жилийн гурван хувийн хүүтэй энэхүү зээл эдийн засагт ямархуу эерэг нөлөө үзүүлснийг барим тавим хэлж чадахгүй ч “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын Дундаж давхаргыг дэмжиж, 2050 онд хүн амын 50 хувьд хүргэх зорилгын эхлэл цэг нь болж чадсан. Үүнийг ч Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг. Тэрээр “Төрийн банк нь Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний дагуу жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх, өрхийг орон сууцжуулах, барилгын салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн санхүүгийн цогц үйлчилгээг үзүүлэх замаар нийгмийн дундаж давхаргыг бий болгогч Үндэсний тэргүүлэгч банк байх зорилгыг дэвшүүлэн ажиллана” гэсэн байдаг.

Дундаж давхрагыг бойжуулж байж л нийгмийн хөгжил урагшаа явдаг нь бичигдээгүй “хууль”. Улс орнуудад дундаж давхарга нь хэдий том байна боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үйлчилгээний хүртээмж нь сайжирдаг. Үр дүнд нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ашиг орлогын хэмжээ өсдөг гээд эдийн засагт нь гол хөшүүрэг болсоор байдаг. Тиймээс ч энэ бодлогыг Монголдоо гардан гүйцэтгэхэд төрд гар хэрэгтэй. Бас зайлшгүй шаардлага ч байна. Юу гэхээр он солигдохын өмнөхөн Үндэсний статистикийн хорооноос 2020 оны ядуурлын тооцооллын үр дүнг танилцуулсан. Тус хорооны дарга Б.Батдаваа “ҮСХ-ноос ядуурлын түвшинг тооцоолохдоо ядуурлын шугамыг нэг хүнд ногдох сарын хэрэглээгээр тооцдог. 2020 оны байдлаар нэг хүнд ногдох сарын хэрэглээ нь 184 747 төгрөг бөгөөд үүнээс доош хэрэглээтэй хүнийг ядуу хүн амд тооцсон. Уг тооцооллоор Монгол Улс 2020 оны байдлаар 3.3 сая хүн амтай байгаагаас 903.4 мянга нь ядуу хүн ам гэж тооцоод байна. Цар тахал ядуурлыг бууруулах түвшнийг удаашруулсан. Хэрэв коронавирусийн цар тахал дэгдээгүй байсан бол ядуурлын түвшин 2018 оныхоос 4.1 нэгж хувиар буюу 24.3 хувьд хүрч буурах боломжтой байлаа” гэж мэдэгдсэн юм. Энэ бол дундаж давхаргыг дэмжих зайлшгүй шалтгаан.

2. Банк бол итгэл дээр тогтдог бизнес. Тиймээс ч энэ салбарт гарсан нэг худал үг мянга давтаж амжаагүй байхдаа  “үнэн” болох аюултай байдаг. Хор хохирлыг нь өргөн түмнээрээ үүрэлцдэг. Төрийн банк ч яг ийм “зовлон” дээр боссон банк. Харин төр зөв менежмент явуулсны үр дүнд өдгөө Монгол Улсын Топ-5 банкны нэг болж, энэ нь эргээд нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагыг өндөрсгөж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-аар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Банкны тухай хуульд арилжааны банкны хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэх эрсдэлээс сэргийлэх хэд хэдэн зохицуулалт орсон байдаг. Үүний нэг нь банкны системд ажиллаж байгаа 12 арилжааны банкнаас нөлөө бүхий 5-ыг нь 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болгохоор үүрэгжүүлсэн юм. Энэ дагуу банкууд эхнээсээ нээлттэй хувьцаат компани болж эхэлсэн. Хуулийн дагуу Төрийн банк ч бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Харин хуулиар хүлээсэн энэ үүрэг нь өдгөө Төрийн банкийг хувьчлах нь гэсэн “бор шувуу”-ны эхлэл болоод байгаа бололтой юм. Энэ талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс тодруулахад “Төрийн банк нээлттэй хувьцаат компани болох бэлтгэл ажлаа эхлүүлсэн. Ингэснээр иргэд, жижиг, дунд бизнесийг дэмжигч банкны үүргээ бүрэн утгаар нь биелүүлэх боломжтой болно. Нэг ёсондоо Төрийн банк нээлттэй хувьцаат компани болсноор дундаж давхаргыг бойжуулагч банкны үүргээ бүрэн биелүүлэх боломжтой. Энд зориулж цохон хэлэхэд, Төрийн банк нь хувьчлагдах бус, хэлбэрээ өөрчилж нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтийн хяналтад дор үйл ажиллагаа нь явагдана гэсэн үг юм. Бид цаашдаа ч дундаж давхаргад ээлтэй банк, санхүүгийн үйл ажиллагааг хэрэгжүүлсээр байна” гэлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн банк одоо 100% Төрийн өмчит компанийн хэлбэрт байгаа бол нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтийн хяналт сайжирна аа л гэсэн үг. Түүнээс хувьчлал бус юм. Ердөө л ийм энгийн.

 

Т.ХЭРЛЭН

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална

Огноо:

,

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штабын шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, шатахуун түгээлтэд хязгаарлалт тогтоож буй аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод АИ-92 автобензиний нийлүүлэлт нэмэгдэж байгаа ч зарим шатахуун түгээх станц 24 цагаар ажиллахгүй, боломжтой бүх түгээгүүрээр үйлчлэхгүй, зөвхөн талон болон гэрээт байгууллагад шатахуун олгох зэргээр борлуулалтад хязгаарлалт хийж байгаа асуудал гарчээ.

Наймдугаар сарын 14-нөөс хойш нийслэлд хоногт 2000-3000 тонн АИ-92 автобензин буулгаж байгаа бөгөөд нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд импортлогч компаниуд болон шатахуун түгээх станцууд түгээлтээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Шуурхай штабаас анхааруулсан байна.

Иймд шатахуун түгээх станцуудыг 24 цагаар ажиллуулах, боломжтой бүх түгээгүүрээр иргэдэд үйлчлэх, талон болон гэрээт байгууллага гэсэн шалтгаанаар жижиглэнгийн борлуулалтыг дур мэдэн хязгаарлахгүй байх чиглэл өгчээ.

Шуурхай штабын өгсөн үүргийг хэрэгжүүлээгүй аж ахуйн нэгжүүдэд эхний ээлжид холбогдох хууль, журмын дагуу торгууль ногдуулж, зөрчил үргэлжилсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.

Г.Дамдинням шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ирсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд саадгүй хүргэх нь импортлогч, борлуулагч аж ахуйн нэгжүүдийн хүлээсэн үүрэг гэдгийг онцолжээ.

 
 
 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Наймдугаар сард шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ

Огноо:

,

Шатахууны нийлүүлэлттэй холбоотой хүндрэлээс болж иргэд олон цагаар дараалалд зогсож, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, ажлаа алдаж байгааг Ерөнхий сайд Н.Учрал өөрийн цахим хуудаснаа онцоллоо. Тэрбээр шатахууны хангамжийн бодит нөхцөл байдлыг иргэдээс нуухгүй, мэдээллийг нээлттэй хүргэнэ гэдгээ мэдэгдэв.

Засгийн газар шатахуун, түлшний хангамжийг тогтворжуулах чиглэлээр богино, дунд, урт хугацааны арга хэмжээ хэрэгжүүлж буйг Ерөнхий сайд танилцуулсан юм.

Богино хугацаанд нийлүүлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч, наймдугаар сард ОХУ-аас 49,280 тонн АИ-92, 1,280 тонн АИ-95 автобензин, 89,930 тонн дизель түлш нийлүүлэхээр тохиролцжээ. Үүн дээр нэмээд ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш авахаар болсон аж.

Шатахууны импортыг нэг улсаас хэт хамааралтай байлгахгүй байх хүрээнд БНХАУ-аас эхний ээлжид 6 мянган тонн АИ-92, БНСУ-аас 20 мянган тонн АИ-92 импортлон нөөц бүрдүүлэхээр ажиллаж буй. Ингэснээр шатахууны эх үүсвэрийг төрөлжүүлж, нийлүүлэлтийн сувгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Дунд хугацаанд Монгол Улс дор хаяж гурван сарын шатахууны нөөцтэй болох зорилт тавьсан. Энэ хүрээнд шинээр байгуулж буй эхний зургаан агуулах, нөөцийн савыг наймдугаар сарын 20-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эдгээр сав ашиглалтад орсноор АИ-92 автобензиний нөөц 13 хоногоор нэмэгдэх тооцоотой.

Мөн 2026 оныг дуустал нийт 22 нөөцийн савыг ашиглалтад оруулж, шатахууны нөөцийг 45 хоногоор нэмэгдүүлэх, улмаар 2027 онд дор хаяж гурван сарын нөөц бүрдүүлэх зорилт тавьжээ.

Урт хугацаанд дотоодын шатахууны хэрэгцээний тодорхой хэсгийг өөрийн үйлдвэрлэлээр хангах зорилгоор Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй. Үйлдвэрийг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд Ерөнхий сайдын мэдээлснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрчээ. Төслийн талбайд 5000 гаруй хүн гурван ээлжээр ажиллаж байгаа аж.

Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс шатахуун, түлшний хэрэгцээний 55-60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой гэж Засгийн газар тооцжээ.

Ерөнхий сайд Н.Учрал үйлдвэрийн бүтээн байгуулалтын явц, гүйцэтгэлийг сар бүр хянаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллахаа мөн мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Л.Чинбат: Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг

Огноо:

,

Хүн бүрийн манлайлал, удирдах арга барил өөр, өөрийн онцлогтой. Тэр онцлогийг ажил, мэргэжлийн ур чадвартай хослуулж ажиллах нь амжилтын эхлэл болж, хамт олны итгэлийг хүлээдэг. Тиймээс энэ удаад Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Чинбаттай түүний ажлын замнал, арга барилын талаар ярилцлаа.
-Таны карьерын замнал хэрхэн эхэлж, үргэлжилж байна вэ?
Миний амьдралын бүхий л үе шат Онцгой байдлын албатай салшгүй холбоотой. Энэ албаны нэгэн эд эс болж, 1996 оноос хойш тасралтгүй 30 дахь жилдээ ажиллаж байна.
Миний бие Батлан хамгаалах их сургуулийг 1996 онд холбооны инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд Завхан аймагт нефтийн гэрээт байцаагчаар томилогдон ажлын гараагаа эхлүүлж байлаа. Улмаар 2000 онд нефтийн гэрээт байцаагчдын албыг татан буулгаснаар Булган аймгийн Гал түймэртэй тэмцэх газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангид салааны захирагчаар томилогдон дөрвөн жил ажилласан. Үүнээс хойш буюу 2004-2024 онд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэст салааны захирагчаас хэлтсийн дарга хүртэл албан тушаал эрхэлж байгаад Увс аймгийн Онцгой байдлын газрын даргаар 2024 оны есдүгээр сард томилогдон үүрэг гүйцэтгэж байна.
Аав минь цэргийн хурандаа хүн байсан учраас тушаал авсан газар бүрт нь хамт “нүүж”, цэргийн хүний амьдралын жаргал, зовлонг багаасаа гадарладаг байсан минь энэ албыг сонгох шалтгаан болж байлаа.
-Таны ажлын нууц жор?
Хүн сонирхож, сэтгэл зүрхээ зориулсан зүйлдээ л амжилт гаргадаг. Миний хувьд эх орон, иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажиллаж байна гэсэн чин сэтгэл, хариуцлага, сахилга бат, тасралтгүй суралцах хүсэл зэрэг үнэт зүйлс амжилтад хүрэх үндэс болдог. Онцгой байдлын байгууллагын ажил бол нэг хүний хүчээр биш хамт олны нэгдэл, харилцан итгэлцэл, бэлтгэл сургалт дээр тулгуурладаг онцлогтой. Тиймээс мэргэжлийн ур чадвар, эх оронч сэтгэлтэй алба хаагчидтайгаа хамтран ажиллаж, иргэдийнхээ итгэлийг хүлээж ажиллах нь хамгийн чухал гэж боддог.
Бидний зорилго зөвхөн үүргээ гүйцэтгэхэд бус, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг хамгаалахад чиглэгддэг. Энэ зорилгын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах нь л бидний “нууц жор” гэж хэлмээр байна.
-Цаг хэмнэх хамгийн шилдэг арга барил тань юу вэ?
Хүрэх үр дүн тодорхой байвал хийх ажил ч тодорхой болдог. Ажил тодорхой байх үед цаг хугацаагаа зөв төлөвлөж, илүү үр бүтээлтэй ажиллах боломж бүрддэг. Миний бодлоор цагийг хамгийн үр ашигтай ашиглах арга бол ажлынхаа зорилго, эрэмбийг зөв тодорхойлох. Ямар ажил хамгийн чухал, аль нь яаралтай гэдгийг ялгаж, төлөвлөгөөтэй ажиллах нь хамгийн үр дүнтэй. Мөн аливаа ажлыг хойш тавихгүйгээр цаг тухайд нь шийдвэрлэх, баг хамт олонтойгоо нягт уялдаа холбоотой ажиллах нь цаг хэмнэхэд чухал нөлөөтэй. Ингэснээр асуудлыг нэг хүний биш хамтын хүчээр илүү хурдан бөгөөд оновчтой шийдэх боломж бүрддэг. Товчхондоо, сахилга баттай төлөвлөлт, шуурхай шийдвэр гаргалт, багийн нэгдмэл ажиллагаа нь цагийг үр ашигтай ашиглах үндэс гэж ойлгодог.
-Өөрийгөө хэрхэн “цэнэглэдэг” бол?
Чөлөөт цагаараа эх оронч үзэл, эрх чөлөөний төлөө тэмцлийн сэдэвтэй түүхэн кино үзэх дуртай. Нэг киног олон дахин давтаж үзэх тохиолдол ч бий. Дахин үзэх бүртээ өмнө нь анзаараагүй шинэ санаа, утга учрыг олж хардаг нь сонирхолтой санагддаг. Мөн мэргэжлийн болон хувь хүний хөгжлийн талаарх ном, нийтлэл уншиж, шинэ мэдлэг, туршлагаас суралцахыг хичээдэг. Ийм энгийн боловч үр дүнтэй дадлууд нь бодлоо төвлөрүүлж, дараагийн ажилдаа илүү эрч хүчтэй, үр бүтээлтэй байхад тусалдаг.
-Таны ажлын онцлог?
Миний ажил бол иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аливаа гамшиг, ослын аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай үед шуурхай хариу арга хэмжээг зохион байгуулахад чиглэсэн өндөр хариуцлагатай албан тушаал.
Энэ салбарын онцлог нь цаг хугацаатай уралдан, эрсдэл өндөртэй нөхцөлд шуурхай бөгөөд оновчтой шийдвэр гаргах шаардлагатай байдгаараа ялгардаг онцлогтой.
Давуу талын хувьд мэргэжлийн ур чадвартай, сахилга баттай, нэг зорилгын төлөө нэгдсэн чадварлаг хамт олонтой ажилладаг нь бидний хамгийн том хүч гэж хэлмээр байна. Харин бэрхшээлийн тухайд гамшиг, ослын нөхцөл байдал урьдчилан таамаглахад хүндрэлтэй, зарим үед маш хүнд, эрсдэлтэй орчинд ажиллах шаардлага тулгардаг. Ийм нөхцөл байдлыг даван туулахын тулд бид бэлтгэл сургуулилалтыг тогтмол сайжруулж, техник тоног төхөөрөмжөө үе шаттайгаар шинэчлэхийн зэрэгцээ олон улсын туршлагаас суралцаж, байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Мөн сүүлийн үед алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн асуудлыг сайжруулахад онцгойлон анхаарч байгаа.
-Удирдагч хүнд байх зан чанар, түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Удирдагч байх нь манлайлагчийн нэр. Хамт олноо зөв чиглүүлж, тэднийг хамгаалж, хайрладаг байх нь хамгийн чухал. Хариуцлага, шударга зан, алсын хараа, шийдвэр гаргах чадвар бол удирдагч хүний нэрийн хуудас гэж ойлгодог. Мөн хамт олныхоо санаа бодлыг сонсож, тэдэнд итгэл үзүүлж, үлгэрлэн манлайлах нь удирдагчийн үнэт чанаруудын нэг юм. Эдгээр чанарыг өдөр тутмын ажилдаа бодит үйлдлээр илэрхийлэхийг хичээдэг. Ажилтнуудынхаа санаа бодлыг сонсож, хамтын шийдвэр гаргахыг эрхэмлэн, хүнд нөхцөлд ч хариуцлагаа ухамсарлан шуурхай, оновчтой шийдвэр гаргахыг зорьдог. Мөн удирдагч хүн өөрөө сахилга бат, ёс зүйн хувьд үлгэр жишээ байх ёстойг эрхэмлэж, ажилладаг даа.
-Өөрийн арга барилаа хаанаас юунаас олж авдаг вэ?
Ажлын туршлага, сургалт, хамт олноосоо суралцах замаар төлөвшүүлсэн. Учир нь миний хувьд гал сөнөөгчөөс салааны дарга, ангийн захирагч, байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга зэрэг шат дамжсан албан тушаалд ажиллаж, тэр хэрээр туршлага хуримтлуулсан байна. Энэ бүхэн мэргэжлийн ур чадвар, арга барилд ихээхэн нөлөөлсөн. Мөн өмнөх үеийн ахмад удирдагчид, туршлагатай алба хаагчдаас их зүйлийг сурч, тэдний хариуцлагатай, зарчимч хандлагаас үлгэр дууриалал авдаг. Гамшиг, ослын үед гарсан сургамж, хамт олны санаа бодол, туршлагыг нэгтгэн цаашдын ажилдаа тусгахыг хичээдэг нь өөрийн арга барилаа олж авдаг бас нэгэн онцлог байж болох юм.
-Бусдад санал болгох шинэ санаа?
Хүн бүр ажил, амьдралдаа тодорхой зорилготой байж, түүндээ үнэнчээр тэмүүлэх нь хамгийн чухал. Том амжилт гэдэг олон жижиг, зөв алхмын нийлбэр байдаг шүү дээ. Тиймээс хийж байгаа ажилдаа сэтгэл гаргаж, өдөр бүр өөрийгөө бага ч гэсэн хөгжүүлж байхыг залууст санал болгодог. Мөн хамт олноо дэмжиж, бие биедээ итгэл өгч, хүнд үед шантрахгүйгээр зорилгоо ухамсарладаг байх нь амжилтын чухал үндэс юм. Бэрхшээл тулгарсан ч “БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ” гэсэн эерэг хандлагыг хадгалж чадвал зорилгодоо хүрэх зам үргэлж нээлттэй байдаг гэж хэлмээр байна. Хариуцлагатай байж, зорилгоо тодорхойлж, тууштай хөдөлмөрлөж чадвал хүн бүр өөрийн салбартаа үнэ цэнтэй хувь нэмэр оруулж чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: "Онцгой мэдээ" сонин
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе11 цаг 33 минут

Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэ...

Улстөр нийгэм11 цаг 36 минут

ИБУИНХУ-тай хамтран эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх боломжийн...

Шударга мэдээ11 цаг 39 минут

Нийгмийн даатгалын мэдээлэл, үйлчилгээг илүү түргэн шуурхай, хялбар ...

Улстөр нийгэм11 цаг 44 минут

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачил...

Цаг үе11 цаг 50 минут

Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн бар...

Улстөр нийгэм11 цаг 53 минут

Гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй 6 гомдол, мэдээллийг шалгуулахаа...

Улстөр нийгэм12 цаг 17 минут

COP17 өнөөдөр “Газар ба хүн төвт өдөр”-өөр үргэлжилж байна

Цаг үе12 цаг 22 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Улстөр нийгэм2026/08/25

Монгол Улс НҮБ-Хабитаттай хот байгуулалтын хамтын ажиллагаагаа өргөж...

Цаг үе2026/08/25

БНСУ-тай бодит үр дүнтэй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарна

Санал болгох