Үзэл бодол
Нутгийн өөрийн удирдлага мөхөж байна
Монгол улсын Анхдугаар үндсэн хуулийн гуравдугаар зүйлд: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх... агуулгыг, мөн 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр төрийн аль ч шатанд төлөөллийн байгууллагаараа дамжуулан засаглалын эрхэд оролцох боломжтойг тус тус заасан төдийгүй нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр аль аль нь давуу эрх эдлэхгүйгээр хосолмол байдлаар засаг, төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах ёстойг тусгасан байдаг.
Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай /МУЗЗНДНТУТХ/ холбоотой хэд хэдэн асуудал иргэдийн сонгох, сонгогдох эрх болоод, төрийн үйл хэрэгт төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох боломжийг хязгаарласан. Мөн шат шатны иргэдийн төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж буй төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглал буюу Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрхэд “хуульчлан халдаж”, эдийн засгийн эрх чөлөө, үйл ажиллагаа явуулах боломжийг хаан боогдуулж, эргээд гүйцэтгэх засаглалийн хараа хяналтад ажиллахаас өөр гарцгүй болгож буй тухай энэхүү нийтлэлээр хөндөхийг зорилоо.
Эдгээрийг “Иргэний эрхийн зөрчил”, “ИТХ-ын байгууллагын эрхийн зөрчил”, “Төлөөлөгчийн эрхийн зөрчил”, “Засаглалын эрхийн зөрчил” гэсэн үндсэн хэсгүүдэд хуваан авч үзье!
Нэг: Иргэний эрхийн зөрчил
Иргэн та анхан шатны нэгж буюу хорооны иргэдийн нийтийн хурлын сонгуульд санал өгснөөр хорооны засаг дарга, ИНХ-ын даргын томилгоонд оролцох эрхтэй. Түүнчлэн дүүргийн ИТХ-ын сонгуулиар ИТХ-д төлөөлөгчөө сонгож, Засаг даргын томилгоонд оролцоно. Мөн Нийслэлийн ИТХ-ын сонгууль, УИХ-ын сонгуульд саналаа өгснөөр бүх шатны сонгуульд тэгш эрхтэйгээр оролцож, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлэх боломж бүрддэг. Гэтэл 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулийн “Иргэд сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан засаг төрийн үйл хэрэгт оролцоно” гэсэн суурь зарчим өдгөө алдагдахад хүрлээ.
Хоёр: ИТХ-ын байгууллагын эрхийн зөрчил:
Иргэдийн сонголтын үр дүнд бий болсон ДИТХ-ын байгууллага хэнээс ч хараат бус, өөрийн харьяалах засаг захиргааны нэгжийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажиллах ёстой. Энэ нь одоо мөрдөж буй үндсэн хуулийн зарчим юм.
Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн МУЗЗНДНТУТХ-иар шат шатны иргэдийн төлөөллийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 100% Засгийн газрын хараат боллоо. Ард иргэдийн хараат байх ёстой байгууллагыг гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар хэрхэн хараат болгож буйг дурдвал тухайн засаг захиргааны нэгжид харьяалагддаг нийт хүн амын эрүүл мэнд, аж байдал, хүрээлэн буй орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтад зарцуулагдах дүүргийн татварын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг МУ-ын Засгийн газар хуваарилах, захиран зарцуулах зохицуулалттай болсон нь нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хөгжил, эрх хэмжээнд гүйцэтгэх засаглал халдаж, “Нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр хосолмол байдлаар ажиллаж, аль нэг нь давуу эрх эдлэхгүй 50:50 хувийн эрхтэйгээр засаг төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах зарчим”-ыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл танай гэр бүлд эцэг эхийн тань хөдөлмөрлөж олсон хөрөнгө мөнгийг хажуу айлынхан дур мэдэн зарцуулахтай адил.
Гурав: Төлөөлөгчийн эрхийн зөрчил
Шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо үйл ажиллагаа явуулах, хараат бусаар төрийн үйлчилгээний байгууллага буюу, засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг эдийн засгийн эрх чөлөөгөөр хаан боогдуулж байна. Жишээлбэл: МУЗЗНДНТУТХ-иар төлөөлөгч нарт улирал тутам олгодог урамшууллын мөнгийг үгүй болгож, “Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал” гэгчийг Монгол Улсын ЗГ-аас тогтоосон нормативын дагуу олгон, зарцуулалтыг хянах заалттай болсон. Өнгөц авч үзвэл энэ нь маш зөв хэлбэр мэт боловч үнэн хэрэгтээ үнсэн цалин орлогогүй иргэдийн хурлын төлөөлөгчид амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн чадавхгүйн улмаас Засаг даргын дэргэдэх, гүйцэтгэх чиг үүргийн байгууллагуудад давхар ажиллах болж байна. Гүйцэтгэх чиг үүргийн байгууллагуудын дарга нарыг тухайн дүүргийн Засаг дарга өөрөө томилдог тул засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төлөөлөгч Засаг даргын удирдлагад ажиллах нь ИТХ-ын төлөөлөгчийн үндсэн үүргээ гүйцэтгэх, хэрэгжүүлэх боломжийг үгүй хийж байгаа юм. Өөрөөр хэлбэл Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй. Энэ хоёр субъектийн хяналтын механизм алдагдаж, төлөөллийн ардчиллын үнэ цэнэ иргэдийн төлөөлөгчидтэй хамт үнэгүйдэж байна.
Тиймээс хойшид Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг тогтмол цалинтай болгож, Засаг даргын удирдлага дор ажиллахыг хуулиар хориглон, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, хяналт хэрэгжсэнээр, гүйцэтгэх шатны байгууллагын иргэдэд үзүүлэх үйл ажиллагаа сайжирна.
Дөрөв: Засаглалын эрхийн зөрчил
1992 оны шинэ үндсэн хуульд нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр хосолмол байдлаар, 50:50 хувийн эрхтэйгээр засаг төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах ёстой гэж заасныг дээр дурьдсан. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиар ИТХ-ын байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна.
Монгол Улсын улс төрийн намуудын дотоод дүрэмд “Ялсан намын дарга тухайн нэгжийн засаг даргад нэр дэвшүүлэх эрхийг эдлэх”-ээр заасан. Үүнээс улбаан улс төрийн намуудын томилгооны асуудал урган гардаг. Тухайлбал: Дүүргийн Засаг даргыг Нийслэлийн засаг дарга, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилох агаад, Ерөнхий сайд МУ-ын ЗГ-ын тэргүүн юм. Нөгөө талаараа бүх шатны Засаг дарга, ЗДТГ нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Тэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл УИХ-аас гаргасан шийдвэрийг бүх гүйцэтгэх чиг үүргийн байгууллагууд, сум, дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг дарга, ЗДТГ гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх зарчимтай байтал өдгөө энэ бүхэн урвуу хамааралтай болж үлдлээ.
Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Гэвч Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно.” гэж заасан буюу Хурлын Ажлын албаны тогтолцоо, зохион байгуулалтыг Засгийн газрын тогтоолоор тогтоох эрх зүйн байдлыг үүсгэж байна. Ийнхүү Улсын Их Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалтын үндсийг тогтоох чиг үүргийг хуулиар Засгийн газарт шилжүүлсэн нь Хуульд заасан онцгой бүрэн эрх болон үндсэн чиг үүргийг бусдад шилжүүлэхгүй байх суурь зарчмыг хөндөж, дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн зохицуулалттай зөрчилдөх нөхцөлийг үүсгэсэн.
Одоогоор Засгийн газрын 2021 оны 375, 376 дугаар тогтоолоор бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог баталсан бөгөөд тухайлбал Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хуулиар ногдуулсан чиг үүрэг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тооноос хамааруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 35, Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 8, Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 10, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 18, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоогоод байгаа нь дээрх үндэслэлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн маргаан дагуулах, цаашлаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй байна.
Энэ бүхнээс хархад Нутгийн удирдлагын эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомж шинэчлэгдсэн ч нутгийн өөрийн удирдлага мөхөл рүүгээ явж байна.
Цаашлаад намын ноёрхол тогтсон өнөөгийн нийгэмд улс төрийн намуудаас аливаа сонгуульд нэр дэвшигчдийн тооны харьцааг квотоор тогтоон, бие даагчид буюу сөрөг хүчний төлөөллийг квотоор нэр дэвшигчдийн тооноос олон байхаар хуульчлан тогтоох нь Ардчилсан Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.
Үзэл бодол
Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх нь чухал
Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд,
Эрхэм хүндэт Элчин сайд, эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид өө
Өнөөдөр бид Монгол Улсын ардчилсан засаглалын тулгуур багана болсон парламентын хяналтын тухай, энэ хяналтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай хэлэлцэхээр чуулаад байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль бүсчилсэн, холимог тогтолцоогоор явагдаж, түүний үр дүнд улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд байна. Бид хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх, ард иргэдийн төрдөө итгэх итгэл, хүлээлтийг бодит болгох, шинэ үеийн парламентыг төлөвшүүлэх томоохон зорилтуудыг тавин ажиллаж эхлээд байна.
Энэ хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг зөв тодорхойлох зорилгоор “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.
Улмаар Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үнэлэх, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх үүрэг бүхий 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллуулж байгаагаас 15 нь Монгол Улсын Их Хурлын хяналтын чиг үүрэгтэй холбоотой ажлын хэсэг юм.
Мөн саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд нэн тэргүүнд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг тавина хэмээн заасан. Үүнээс гадна хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих байнгын тогтолцоог бэхжүүлж, үр нөлөөг тогтмол судлан, түүнд үндэслэн хуулийг чанаржуулна хэмээн тусгасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад орших ба хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан байдаг. Улмаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан.
Тус хуулиар Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, мөн хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалттай болсон. Үүнээс гадна төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагад түшиглэн, тэдгээрийг хянан шалгах чиг үүргийнх нь хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулах асуудлыг мөн тусгасан байна.
Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Уг хуульд дэлхийн улс орнуудад хэрэгждэг сайн туршлага бүхий зарим зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Байнгын хорооддоо төвлөрсөн, хяналт шалгалтыг төлөвшүүлэх зорилгоор, гишүүний саналыг хүлээн авч хэлэлцсэний үндсэн дээр тухайн Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргадаг болсон. Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг холбогдох Байнгын хороо хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулах буюу заавал хэлэлцдэг зохицуулалттай болсон.
Түүнчлэн Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлэх чиглэлээр хяналт шалгалтын эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Жишээ нь цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, түүнд өгсөн санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах гэх мэт шинэ боломжууд бий болсон.
Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн. Цаашид бид парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх нь чухал байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт болон түүнд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналт шалгалтын үйл ажиллагаа уялдаа холбоотой, давхардал хийдэлгүй байхад анхаарч, хяналт, үнэлгээг үр нөлөөнд чиглүүлэх нь нэн чухал үүрэгтэй.
Эрхэм гишүүд ээ,
Эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд ээ
Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, түүний нөлөөг нэмэгдүүлэхэд та бүхний сайн туршлага, оролцоо чухал ач холбогдолтой юм.
Монголын ардчилсан засаглалын үндэс суурийг бэхжүүлэн хамгаалахын төлөө цаашид ч тууштай хамтран ажиллахыг уриалж байна. Мөн парламентын хяналтын үйл ажиллагааг тогтмолжуулах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газар онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгож байна.
Улаанбаатар хот
Үзэл бодол
Д.Амарбаясгалан: Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад статистик ус, агаар мэт чухал
БНМАУ-ын Анхдугаар Их Хурлын 1924 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3 дугаар тогтоолоор Дотоод явдлын яамны бүтцэд 6 хүний бүрэлдэхүүнтэй Тоо бүртгэх хэлтсийг анх байгуулсан нь орчин цагийн статистикийн албаны эхлэл болсон билээ.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа 100 жилийн түүхтэй статистикийн алба улс орон, олон нийтийг чанартай тоон мэдээллээр хангаж, нотолгоонд суурилсан бодлого, шийдвэрийн залгамжийг тасралтгүй хадгалан, статистикийн чадавх, хөгжлөөрөө дэлхийн бусад улс орнуудтай эн зэрэгцэж буйг тодотголоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улсын Их Хурал, Засгийн газар хэр зэрэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нотолгоо баримт дээр суурилсан, цаг үеэ олсон, олон хэмжээст судалгаатай хууль батлан гаргана, төдий чинээ иргэдийн амьдралын хэв маяг, эрэлт хэрэгцээнд нийцсэн, урт настай, чанартай хууль батлагддаг. Тиймээс Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, оновчтой бодлого боловсруулахад чанартай статистик ус, агаар мэт чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Тэрбээр, дэлхийн улс орнууд их өгөгдөл, хиймэл оюун ухааныг засаглал, шийдвэр гаргалтдаа ашиглаж эхэлсэн учраас энэ хөгжлийн хурдаас манай улс хоцрох ёсгүй гэлээ. Тиймээс статистикийн албаны тогтолцоог хараат бус, технологид суурилсан, мэргэжлийн, чадварлаг болгон хөгжүүлэхэд УИХ-аас анхааран, дэмжин ажиллахаа илэрхийлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Үзэл бодол
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд үг хэллээ
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв.
“Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор оролцож байна. Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд парламентад суудал бүхий улс төрийн бүх намын удирдлага, Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүний хамт “Шанхайн экспо”-д өргөн бүрэлдэхүүнтэй, хувийн хэвшлийн олон төлөөлөлтэй оролцож буйгаараа онцлогтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ази, европын стратегийн уулзварт оршдог Монгол Улс энэхүү экспод идэвхтэй оролцох нь хөрш орон БНХАУ төдийгүй бусад улстай эдийн засгийн харилцаа холбоогоо гүнзгийрүүлэх өргөн боломж нээсээр ирсэн. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа. Хоёр улсын худалдааны эргэлт 2023 оны байдлаар 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Цаашид 20 тэрбумд хүргэхээр талууд зорьж байна. Монгол Улс “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогоо БНХАУ-ын “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай уялдуулж, “Чайна Энержи”, CNPC буюу Хятадын үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци зэрэг томоохон компанитай нүүрс болон эрчим хүчний хосолсон шийдэл, усан цахилгаан станц, төмөр замын төслүүдэд идэвхтэй хамтран ажиллаж байгааг тэмдэглэв.
Мөн Монгол Улсын Засгийн газар асар хурдтай хувьсан өөрчлөгдөж буй энэ цаг үед гурван гол шилжилтийг хийж, шинэ эдийн засгийн бүтцийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Нэгдүгээрт, AI хиймэл оюун ухаанд түшиглэсэн цахим, ухаалаг технологийг хөгжлийн хурдасгуур болгох, хоёрдугаарт, ногоон хөгжлийн шилжилтийг хэрэгжүүлэх, гуравдугаарт, хүний нөөцийн шилжилтэд анхаарч, ирээдүйн хөгжлөө төлөвлөж байна. Монгол Улсын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн Шанхайн экспод дэлхийд танигдсан ноос, ноолуур зэрэг хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс гадна уул уурхайн салбарынхаа хөгжил дэвшил, зах зээлд өрсөлдөх боломжийг өргөнөөр танилцуулж буй нь цаашид байгалийн баялгийн бэлтгэн нийлүүлэгчээс үйлдвэрлэлд суурилсан ханган нийлүүлэгчийн байр сууринд хүрэх зорилготой. Манай өвөг дээдсийн сургаалд “Монголын За бол Андгай” хэмээх сайхан үг байдаг. Бид хэлцэл бол хэлцэл, гэрээ бол гэрээ хэмээсэн зарчимд тулгуурлан хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, цахим нээлттэй засаглал, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэсээр ирсэн. Бид Та бүхэнтэй харилцан суралцах, харилцан ашигтай түншлэн ажиллахад бэлэн байна гэлээ.
Ерөнхий сайд дараа нь “Шанхайн экспо”-д оролцож буй Монголын аж ахуйн нэгжүүдийн талбайгаар зочилж, амжилт хүслээ. Өнгөрсөн жилүүдэд манай улсын ноос ноолууран бүтээгдэхүүн, шингэн хүнс үйлдвэрлэгчид тус экспод оролцсон бол энэ жил 10 гаруй аж ахуйн нэгж үзэсгэлэнд оролцож байна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гишүүн “Эрдэнэс Монгол нэгдэл”, түүний гишүүн “Эрдэнэс Тавантолгой” компани болон “Ньюком групп”, “Макс групп”, “Капитал Маркет Монгол” зэрэг компани ажиллаж байна. Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцаж, ирэх жил болох “Mining week-MinePro 2025” арга хэмжээний сурталчилгааг олон улсад танилцуулах юм.
2018 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулагдаж буй Шанхайн экспо нь даян дэлхийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг хамтдаа эрэлхийлэх үндсэн зорилготой. Энэхүү экспо нь хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 чиглэлээр зохион байгуулагдаж байна.
Зургаан удаагийн экспо зохион байгуулахад 173 улс, бүс нутаг, олон улсын байгууллага оролцож, нийт 420 тэрбум ам.долларын бодит худалдан авалт, борлуулалтын гүйлгээ хийж, 2500 нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, инновац, дэвшилтэт шинэ технологийг танилцуулжээ.
-
Үзэл бодол2019/07/25
Тагнуулын Ерөнхий Газрын мэдээлэл
-
Шударга мэдээ2021/12/07
Утаажилтын бүсээс 13 иргэнийг гаргаж, 2 иргэний амь насыг авран хамгаалав
-
Шударга мэдээ2021/02/22
ХЭҮК цагдаагийн байгууллагын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт...
-
Цаг үе2022/08/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө