Улстөр нийгэм
БШУЯ: Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяалалд багтаж байсан мэргэжлийн боловсрол энэ оноос Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд хамаарах болсонтой холбогдуулан удирдах ажилтнуудын зөвлөгөөний зохион байгууллаа. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсрол цаашид хэрхэн хөгжих талаар төлөвлөлтийг танилцуулж, уулзалтад оролцогчдын саналыг сонссон.
Илтгэлд тусгаснаар:
- Яамдын нэгдмэл бодлого, хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгийг авч, үндэсний зөвлөлийг бэхжүүлэн, ажлын албатай болгоно,
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгаж, тогтвортой байдлыг хангана,
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын хөгжлийн загвар, ангилалт, тодорхойлолтыг шинэчилж, МСҮТ хэв шинжийг орчин үетэй нийцүүлэн хөгжүүлнэ. Бүх нийтийн боловсрол 12 жил,
- Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийг 3 жилийн хөтөлбөрт шилжүүлнэ,
- Ахлах сургууль, мэргэжлийн боловсрол, сургалт, дээд боловсролын байгууллагууд хоорондын кредит хөрвөх боломжийг олгоно,
- Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг нэвтрүүлж, мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан санхүүжилтийн үйл ажиллагаагтай болгоно,
- Сургуулиудын удирдлагад менежментийн зарим эрх чөлөөг олгож, сургалтын уян хатан, олон хувилбарт хэлбэрийг дэмжинэ,
- Багшийн ажил мэргэжлийн тодорхойлолтыг баталж, багш бэлтгэх сургалт, давтан сургалт, мэргэшүүлэх тогтолцоог бий болгоно. Үүнд ажил олгогчдын оролцоонд тулгуурлана,
- Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүсчлэх, төрөлжүүлэх, гадаад хөтөлбөрийг нутагшуулах, 1+1, 3+2 хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ,
- Өмчийн олон хэлбэрийн сургалтыг дэмжиж, дотоод гадаадын том ААН-ийн дэмжлэгийг авахад анхаарна,
- Сургуулиудын бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөөг нэмэгдүүлэн, сургалтын орчин, багшийн хөгжил, нийгмийн асуудалд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ,
- Цахим боловсрол, энтрепренершип боловсрол, Green TVET…,
- Ковидын үеийн сургалтын хоцрогдлыг нэн түрүүнд арилгана,
Зөвлөлдөх уулзалтын үеэр БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаа “Техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төсөл”-ийг мөн танилцуулсан гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Та бүхэн https://www.meds.gov.mn/post/114380 холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай.
Улстөр нийгэм
Засгийн газар энэ оныг дуустал санхүүгийн хэмнэлтийн горимд шилжинэ
Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаар “Төсвийн санхүүжилтэд эрэмбэ тогтоож, төсвийн хэмнэлт, мөнгөн хөрөнгийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталлаа.
Тогтоолоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэрт гарах нэг удаагийн тэтгэмж, орон нутгийн нэмэгдэл тэтгэмж, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, бүх төрлийн халамж, сургууль, цэцэрлэг болон сургалтын байгууллагын урсгал засвар, санхүүжилт, төрийн байгууллагын интернетийн төлбөр, байр ашиглалтын зардал, хууль, хүчний байгууллагын тээвэр, шатахууны зардал, дотоодын томилолт, хоол хүнс, нормын хувцасны зардал, COP17 олон улсын бага хурлын зардал, Засгийн газрын өр, орон нутгийн нөөц хөрөнгийн санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин дараах зардлыг хязгаарлахаар болсон байна. Үүнд:
- Олон улсын болон Засгийн газрын шийдвэртэйгээс бусад хурал, зөвлөгөөн, ой, тэмдэглэлт өдөр, найр наадам, соёлын арга хэмжээ;
- Урьдчилан төлөвлөсөн төрийн өндөр албан тушаалтны томилолтоос бусад гадаад томилолт, гадаадын зочин хүлээн авах зардал;
- Зайлшгүй шаардлагагүй тоног төхөөрөмж, тавилга, автомашин худалдан авах;
- Батлан хамгаалах, хууль зүйн салбараас бусад сургалт, дадлага;
- Хуулиар заавал мэдээлэхээс бусад кино, контент, хэвлэлийн зардал;
- Заавал олгохоос бусад тэтгэмж, урамшуулал.
Санхүүгийн хэмнэлтийн горимыг 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл мөрдөнө. Харин эрүүл мэндийн салбар уг хэмнэлтийн горимд хамрагдахгүй бөгөөд цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлэг, вакцинжуулалт, томуу, томуу төст өвчний эсрэг арга хэмжээ зэрэг зайлшгүй шаардлагатай ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал онцоллоо.
Мөн бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт салбар бүрдээ урсгал зардлыг 20 хувиар бууруулах, нөхөн томилгоо хийхгүй байх, аялал, амралт, зугаалга, хамт олны урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулахгүй байх, төрийн албанд шинэ орон тоо бий болгохгүй байх, эрчим хүчний хэрэглээг хэмнэх, хурал, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг зарим өдрүүдэд цахимаар ажиллуулах арга хэмжээг үргэлжлүүлэхийг үүрэг болголоо.
Төсвийн сахилга бат сайжирч, эдийн засгийн нөхцөл байдал хэвийн болсон тохиолдолд эдгээр хязгаарлалтыг үе шаттайгаар сулруулах юм.
Улстөр нийгэм
Монгол Улс COP17 бага хуралд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татах үндэсний стратегиа танилцуулна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улсаас дэвшүүлэх үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанд танилцууллаа.
Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулах бага хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг олон улсад танилцуулах юм.
Уг төлөвлөгөө нь дараах гурван үндсэн санаачилгыг багтаажээ. Үүнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус, газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга
Эдгээр санаачилгын хүрээнд нийт 292 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар зорьж байна. Нэг төслийн дундаж санхүүжилтийн хэмжээ 700 мянган ам.доллар байхаар тооцжээ.
Улстөр нийгэм
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжсэнээр жилд 446 тэрбум төгрөгийн шатахуун хэмнэх боломжтой
Нийслэл Улаанбаатар хотод нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн шинэ төрлийг нэвтрүүлэх зорилгоор “Нийтийн тээврийн Улаанбаатар трам” хөнгөн галт тэрэгний төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Төслийн хоёр шугамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Нэгдүгээр шугамыг Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урттай, 16 зогсоолтой байхаар төлөвлөсөн бол хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км үргэлжилж, 23 зогсоолтой байх юм.
Төслийг бүрэн хэрэгжүүлснээр цагт 10-12 мянган зорчигч тээвэрлэх хүчин чадал бүрдэж, замын хөдөлгөөний дундаж хурд 23.6 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ.
Трамвайн системийг хөгжүүлснээр нийтийн тээвэрт суурилсан хот төлөвлөлтийг дэмжиж, шугам болон зогсоолуудыг түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, орон сууцны шинэ бүсүүд бий болох боломжтой. Үүний зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаа өргөжих, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ өсөх зэрэг эдийн засгийн эерэг үр нөлөө үзүүлнэ гэж тооцсон байна.
Трамвай нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг тул ашиглалтын явцад агаар бохирдуулагч бодис шууд ялгаруулахгүй. Иргэд хувийн автомашинаас их багтаамжийн нийтийн тээвэрт шилжсэнээр замын хөдөлгөөний ачаалал, нүүрстөрөгчийн давхар исэл болон бусад хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой.
Түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдлыг тооцоход нэг автомашин өдөрт дунджаар 2.5 цаг түгжрэлд саатахдаа 3.45 литр шатахууныг үр ашиггүй зарцуулдаг байна. Ингэснээр нэг жолооч өдөрт 8,238.6 төгрөг, жилд 1.7 сая гаруй төгрөгийн шатахууны зардлыг зөвхөн түгжрэлд алддаг аж.
“Улаанбаатар трам” төсөл хэрэгжиж, авто замын ачаалал буурснаар трассын дагуух автомашинуудын шатахууны хэмнэлт жилд 446 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэсэн тооцоог техник, эдийн засгийн үндэслэлд тусгажээ.
Төсөл хэрэгжсэнээр иргэдийн зорчих хугацаа богиносож, түгжрэлээс үүдэлтэй эдийн засгийн алдагдал буурахын зэрэгцээ аюулгүй, найдвартай, тав тухтай, хүртээмжтэй нийтийн тээврийн шинэ тогтолцоо бүрдэх ач холбогдолтой юм.
-
Цаг үе2019/06/21
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Улстөр нийгэм2023/08/30
Хянан шалгах түр хороог УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаата...
-
Улстөр нийгэм2022/10/24
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2021/04/29
Түр хорооны хуралдаанаар цаг үеийн асуудлаар Улсын онцгой комиссын мэдээллийг со...
