Урлаг спорт
Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээ зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Улаанбаатар театр хамтран 2022 онд жуулчдад зориулан урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, олон улсын мото наадам, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг 14 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам, “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, "Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.
Урлаг спорт
Даншиг наадам энэ сарын 27-29-нд болно
НЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Даншиг наадам-Хүрээ цам 2025” шашин соёлын наадмыг зургаадугаар сарын 27-29-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулна.
Даншиг нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалыг хөгжүүлж, олон улсын жуулчдыг татах өндөр ач холбогдолтой юм.
Энэ жил уг наадмыг анх удаа нийслэл хотын иргэдийн баяр болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Тус наадмыг Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уул болох Богдхан, Сонгинохайрхан, Чингэлтэй хайрхан, Баянзүрх хайрхныг тахих ёслолоор зургаадугаар сарын 27-ны өдөр эхлүүлнэ. Мөн энэ үеэр нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүм хийдүүд цан хэнгэргээ дуугарган, ард иргэдийн сайн сайхны төлөөх хурал ном хурж, буян үйлдэн, сайн үйлсийн ажил зохион байгуулах юм.
Түүнчлэн уг наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог бөгөөд Даншигийн цуваа, Сүнчэ айлдвар, Очирвааны тахилга, Чингис хааны сан, цам харайх, сор залах, соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин соёлын олон арга хэмжээ болно. Мөн хүчит бөхийн барилдаан, хурдан морь болон жороо морины уралдаан, сээр цохих тэмцээн, шагайн болон сур харвааны наадам болохоос гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн, Улаанбаатар хотын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, монгол хувцасны үзүүлбэр, есөн дүүргийн Ардын авьяастнуудын тоглолт, Улаанбаатар театрын “Монгол туургатан” уран бүтээлээ толилуулна.
Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй бөгөөд Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ юм. Бурхны шашны бага таван ухааны бүжиглэлийн ухаанд багтах цам нь Даншиг наадмын гол онцлог. Цамын үеэр Очирваань бурхан болон цагаан өвгөн, мөн нийслэл хотыг хүрээлэх дөрвөн дагшин уулын эзэд болох хангарди, гахай, нохой, хөх өвгөн болон бусад дүрд хувирсан 120 гаруй цамчин баг өмсгөл, ур хийц уран нарийн, гоёмсог чимэг зүүлт, барьц хэрэгслээрээ гоён, гар, хөл, биеийн хөдөлгөөнөөр дотоод сэтгэлийн бясалгалыг илэрхийлэн, хортон дайсан, ад зэтгэрийг даран сөнөөж буй хөдөлгөөнүүдийг уран яруугаар үзүүлдэг.
Урлаг спорт
“УИХ-ын цом 2025” спортын тэмцээн эхэллээ
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “УИХ-ын цом 2025” шилжин явах цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-ний өдөр эхэлсэн байна.
Улсын Их Хурал, түүний Тамгын газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын ажилтан, албан хаагчдын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хороо 2025 онд зохион байгуулж байна. Тэмцээн таван төрлөөр явагдах бөгөөд нийт 13 байгууллагын 600 орчим тамирчин оролцож байна.
Тэмцээнд оролцож буй байгууллагуудын баг, тамирчид шатар, ширээний теннис, буудлага, волейбол, сагсан бөмбөг гэсэн таван төрлийн спортоор хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.
Тэмцээнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж нээж, Улсын Их Хурлын гишүүд, тэмцээнд оролцогч байгууллагуудын удирдлагууд оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Урлаг спорт
“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна
БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг “Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ энэ сарын 25, 26-ны өдрүүдэд болж байна.
Уг фестивальд “Улаанбаатар театр” ОНӨТҮГ-ын уран бүтээлчид оролцож, Монгол Улсын үндэсний соёл, урлагийг сурталчилж байна.
Мөн Бээжин, Бангкок, Жакарта, Вьентьян, Веллингтон, Хаккайдо, Лима зэрэг 10 хотын 110 гаруй уран бүтээлчид оролцож, өөрсдийн улс, үндэстний соёл, урлагийг сурталчилж байгаа нь онцлог юм.
Ташрамд, Улаанбаатар болон Сөүл хотууд 1995 онд анх найрсаг харилцаа тогтоосон түүхтэй юм. Энэ онд хоёр хотын ах дүүгийн харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож байна. Хоёр хот соёл, урлаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа билээ.
-
Цаг үе2020/09/08
Гурил, талхны үнээ нэмсэн ААН-дэд нэмсэн үнээ буулгах шаардлага хүргүүлж эхэллээ...
-
Үзэл бодол2024/01/23
Н.Сугар: Хаасан авто зогсоолуудад ногоон байгууламж байгуулна
-
Цаг үе2023/11/01
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө
-
Цаг үе2021/04/02
Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан