Цаг үе
Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран ажиллана
Цахим хөгжил, харилцаа холбооны яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран иргэдийн харилцаа холбоо, мэдээллийн технлогийн чадварыг сайжруулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурав.
Санамж бичиг байгуулсанаар талууд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхыг нэмэгдүүлэх, цахим орчны зөв, зохистой хэрэглээг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулан эмзэг бүлгийн иргэдийн мэдээллийн хүртээмжийг сайжруулах зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зорилтот бүлгийн тоон бичиг үсгийн мэдлэгтэй холбоотой одоо байгаа нөхцөл, сорилтуудын талаар судалгаа хийх, тоон бичиг үсгийн ур чадварын хүрээ, түүнийг Монгол Улсад хэрэглэх боломжийн талаар харьцуулсан судалгаа хийх зэргээр хамтран ажиллана.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь “Цахим Үндэстэн” дунд хугацааны бодлогын баримт бичигтээ дижитал дэд бүтэц, цахим засаглал, кибер аюулгүй байдал, тоон бичиг үсгийн боловсрол, инновац ба дижитал контент үйлдвэрлэл болон үндэсний хөгжлийн хурдасгуур гэсэн зургаан зорилт дэвшүүлсэн бөгөөд иргэдийн тоон бичиг үсгийн чадавхийг дээшлүүлэх, цахим хүртээмжийн ялгаатай байдлыг арилгаж, хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх зорилгын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрт хамтран ажиллахаар болж байна.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь Монгол Улсад өрнөж буй цахим шилжилтийг дэмжих замаар хөгжлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж байна. Тодруулбал, 2030 он гэхэд хүн бүрийг интернэт холбогдох боломжоор хангах, интернэт орчин дахь хүний эрхийн зарчмуудыг баталгаажуулах, цахим хөгжлөөс урган гарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж, хамгийн эмзэг бүлгийнхний эрх ашгийг хамгаалахад анхаарах аж. Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь өөрийн “Дижитал стратеги”-ийн дагуу ядуурлыг арилгах, бүтцийн өөрчлөлтийг хурдасгах, аливаа бэрхшээл, гамшигт бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах дижитал технологийг судлан туршиж, түгээн дэлгэрүүлэх замаар уян хатан, ил тод, үр дүнтэй түншлэл бий болгохыг зорьж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Цаг үе
Нүүрснээс шатахуун гарган авах үйлдвэр байгуулах асуудлыг судалж эхэлнэ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Чайна Энержи” компанийн охин компани болох “Алтан гадас, онч толгой, эрчим хүч” ХХК-ийн гүйцэтгэх захирал Жан Дае Юэг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хөндөгдсөн чухал сэдэв нь нүүрсийг шингэрүүлж, шатахуун гарган авах технологийг Монгол Улсад нэвтрүүлэх асуудал байлаа.
“Чайна Энержи” компани нь өдөрт 10000 тонн нүүрсийг боловсруулж, жилдээ 1 сая тонн шатахуун гаргах авах “Шэньхуа Ордосын нүүрс шингэрүүлэх үйлдвэр” -ийг эзэмшдэг.
Энэ салбартаа олон улсад тэргүүлэгч компани юм. Иймээс ч Монгол Улс нүүрсний асар их хэмжээний нөөцдөө түшиглэн шатахуун үйлдвэрлэх шинэ эх үүсвэртэй болох боломж бүрэн байна. Энэ хүрээнд Монголд уг үйлдвэрийг байгуулах боломж нөхцөл, ТЭЗҮ-г шинээр боловсруулж, танилцуулах саналыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.
Төлөөлөгчдийн зүгээс АҮЭБ-ын сайдын тавьсан саналыг дэмжиж, Монгол Улсад нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төслийн судалгаа, тооцоог боловсруулан эргэн танилцуулахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.

Цаг үе
Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороонд тус бүр 50 ортой 2 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулна
2026-2027 оны хичээлийн жилээс нийслэлийн шинэ суурьшлын бүсэд “Хотхоны бага сургууль”, нийслэлийн гэр хорооллын бүсэд “Бага сургууль”-ийн үйл ажиллагаагаа эхлүүлнэ.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Нисэх орчимд тус бүр 50 ортой залгаа хоёр цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо.
Тус бага сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг “Шунхлайн шандас” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Улсын комисс ажиллуулахад бэлтгэж байна.






Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
Малчид, иргэд, аялагчид, тээвэрчдийн анхааралд: 26-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2026 оны наймдугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 11-16 хэм, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг, Сэлэнгэ, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 27-32 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 4 хэмаар дулаарч, 27-29 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 6 хэмаар дулаарч, 25-27 хэм дулаан байна.
2026 оны наймдугаар сарын 27-ноос
2026 оны наймдугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
-
Цаг үе2021/07/22
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Улстөр нийгэм2023/12/15
“Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын ...
-
Цаг үе2019/12/20
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үзэл бодол2020/11/20
Г.Дөлгөөн: Ард иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулах бодлогын зохицуулалты...
