Шударга мэдээ
Малайз, Тайландын бизнесийн төлөөлөгчид мах экспортлох санал тавилаа
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бид “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр амаргүй цаг хугацаа, сорилтуудтай тулгарсан. Дэлхий нийтээр цар тахлын нөхцөлөөс үүдэлтэй сургамж авсан нь ард иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр бие даан, тогтвортой хангах чадамжтай байх юм. Үүний тулд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэн, хөдөө аж ахуйн салбарыг оновчтой бодлогоор дэмжин, хөрөнгө оруулалт хийхийн ач холбогдлыг улам илүү ойлгоцгоосон.
Яг ийм цаг үед Тайланд, Малайзын бизнесийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Зочид манай мал аж ахуй, махны экспортын салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Бидний зүгээс мах бэлтгэл, боловсруулах үйлдвэрлэл, экспортын чиглэлд баримтлах бодлогоо танилцууллаа.
Дээрх салбарт хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, ямар боломж байгааг дурдаж, мал аж ахуйн салбарт түүхий эдийн хангалттай нөөцтэй учраас бид энэхүү нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулахад бусад улс орнуудтай өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг хэллээ гэж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.

Шударга мэдээ
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол хариуцлага тооцно
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна.
Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно.
Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.
Шударга мэдээ
“Нэгдүгээр тойрог зам” төслийг хэрэгжүүлэхэд “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллана
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогттой “Нэгдүгээр тойрог зам” төсөлд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Нэгдүгээр тойрог зам” нь Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн газар нутгийг хамарсан нийт 24.8 км урттай 8-10 эгнээ үргэлжилнэ. Уг төслийн нийт санхүүжилт 3.2 их наяд төгрөг бөгөөд санхүүжилтийн 15 хувийг буюу 492 тэрбум төгрөгийг холбогдох хууль, тогтоол, журмын дагуу “Эрдэнэс Монгол” нэгдэл санхүүжүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. “Эрдэнэс Монгол” нэгдэл нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 173 дугаар “Авто замын эхлэл, төгсгөлийн болон эргэлтийн цэг, солбицол батлах тухай” тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “Нийслэл Улаанбаатар хотод барих тойрог хурдны замын талаар авах зарим арга хэмжээний тухай” 257 дугаар тогтоолыг үндэслэн тус санхүүжилтийг гаргах аж.

Нийслэл Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан “Нэгдүгээр тойрог зам” төслийг амжилттай хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад талуудын хамтын ажиллагаа чиглэх юм. Төслийн анхны хөрөнгө оруулалт нь ашиглалтад орсноос хойш 7 жилийн хугацаанд нөхөгдөнө. Нийт төсөвт өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжихэд чухал ач холбогдолтой.
“Нэгдүгээр тойрог зам” төслөөр 24.8 км авто замаас гадна 9 км гүүрэн байгууламж, 2 км туннел зэргийг барина. Энэ онд бэлтгэл үе шат хийгдэж, 2026 оноос барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2028 оны арванхоёрдугаар сарын 3-нд төслийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөлөө. Тус авто зам ашиглалтад орсноор хотын төвийн авто замын түгжрэлийг 20-25 хувиар бууруулахаар тооцжээ.


Шударга мэдээ
Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино
“Улаанбаатар трамвай” төсөл нь нийслэл хотын босоо тэнхлэгийн дагуу хоёр шугам, нийт 26 км хос замтай хэрэгжинэ. Тодруулбал, нэгдүгээр шугам нь Зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 11 км урт, 16 зогсоолтой, хоёрдугаар шугам нь Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 15 км урт, 23 зогсоолтой байх юм. “Улаанбаатар трамвай” төслийн талаар төслийн удирдагч Б.Ану-Үжин танилцууллаа.
Тэрбээр “Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр автобус богино эргэлтэд орж иргэдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэнэ. Мөн автомашины дундаж хурд нэмэгдэнэ. Трамвай таван минут тутамд эргэх бөгөөд Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл нийт 37 минут явахаар төлөвлөгдсөн. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл 29 минут явна. Зогсоолыг олон улсын стандартын дагуу 700 метр тутамд барина. Мөн Энхтайваны гүүрний хажуугаар шинэ гүүр барихаар төлөвлөөд байна. Депог 10 га газарт төлөвлөсөн. Бид ховилтой төмөр замыг сонгосон, зүлгэн хучилттай замыг Яармагийн трассынхаа гол замаар сонгосон. Тус төсөл нь түгжрэл болон агаар орчны бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй” гэлээ.

-
Цаг үе2020/03/24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2025/11/13
Хувийн мэдээллээ бусдад өгөх нь залилах гэмт хэргийн хохирогч болгож байна
-
Цаг үе2025/01/21
Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр зорчихгүй байхыг зөвлөж байна!
-
Улстөр нийгэм2021/05/24
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
