Улстөр нийгэм
НҮБ-ын ЕНБД Антонио Гутеррешийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өндөрлөв
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар энэ оны 8 дугаар сарын 8-11-ний өдрүүдэд хийсэн айлчлал амжилттай өндөрлөлөө.

НҮБ-ын тэргүүн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нартай тус тус уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн Энхийг сахиулагчдын төгөлд мод тарих арга хэмжээнд оролцов.

Тэрбээр НҮБ-ын Суурин зохицуулагчийн газарт зочилж, манай улсын санаачлан байгуулсан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагаатай танилцсан. Мөн монгол хүүхдүүдээс монгол бичгээр буулган, бийрээр урнаар сийрүүлсэн НҮБ-ын Дүрмийг бүтээсэн эх хувийг хүлээн авч, бэсрэг наадам үзэж сонирхон, монгол айлаар зочилж, ахуй, соёл, ёс зан заншилтай танилцав.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад хийсэн айлчлалаа өндөрлөж, БНСУ руу мордов.
Улстөр нийгэм
МҮОНРТ архивын сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх МҮОНРТ-ийн алтан сан хөмрөгийг 4К, тоон системд шилжүүлэх төслийн нээлтэд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийх үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааны 11 баримт бичигт гарын үсэг зурсан.
Үүний нэг нь МҮОНРТ-ийн дуу, дүрсийн сан хөмрөгийг аналоги системээс тоон системд шилжүүлэх тухай хамтын ажиллагааны протокол байсан юм. 4К, тоон системд шилжсэнээр архивын материалуудыг дуу, дүрсний өндөр чанартай сэргээж, нийтэд үзүүлэх, түгээх, хуваалцах боломж улам өргөжиж байна.
Түүх, соёлын үнэт баялгийн сан хөмрөг, үндэстний ой санамжийг хадгалах, соёлын биет болон биет бус хосгүй үнэт өвийг хамгаалах нэгэн шинэ хуудсыг нээж байгаад Ерөнхийлөгч баяр хүргэлээ.
Мөн эх соёл, түүхэн өвөө нандигнан хамгаалж, сан хөмрөгөө 4К, тоон системд шилжүүлж буй МҮОНРТ, хамтран ажиллаж байгаа Туркийн Соёлын яамны харьяа Хамтын ажиллагаа зохицуулах агентлаг, “Ти Ар Ти” үндэсний телевизийн корпорацын хамт олонд амжилт хүслээ.
МҮОНРТ-ийн алтан санд түүх, өв соёл, улс төр, нийгэм, эдийн засгийн үйл явдлуудын талаарх 150 мянга гаруй бичлэг, 16 мянга орчим соронзон хальс хадгалагдаж байна.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх соёл, урлагийн салбарынхантай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны тавдугаар сарын 19-ний өдөр соёл, урлагийн салбарынхантай уулзлаа.
Уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, харьяа агентлаг, Соёл, урлагийн их сургууль, Хөгжим бүжгийн коллеж, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг музей, Монголын уран зургийн галерейн төлөөлөл оролцлоо. Ерөнхийлөгч, соёл, урлагийн салбарын түүхийг бичилцэн, ард түмний оюун санааны дархлааг бэхжүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх, өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй үе үеийн ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.
Салбарын хамт олон төрийн айлчлалын үеэр өвөг дээдсийнхээ түүх, нүүдэлчдийн ахуй амьдрал, зан заншил, өв уламжлал, соёл, урлагаа үзэсгэлэн, хүндэтгэлийн тоглолтоор дамжуулан сурталчилж, ард түмнүүдийн найрамдал, нөхөрлөл батжин бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт улсын хэмжээнд 486 байгууллагад 7,000 гаруй хүн ажиллаж байна. Яамнаас гадна хэрэгжүүлэгч 2 агентлаг, харьяа 26 соёлын байгууллага, аймаг, нийслэлийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын 22 газар, орон нутгийн 24 театр, чуулга, 23 музей, 24 номын сан, 333 соёлын төв төрийн үйлчилгээг хүргэдэг.
Яам цаашид Үндэсний урлагийн их театрын бүтээн байгуулалт, салбарын ажилтан, албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, соёлын зөөлөн хүчний бодлогыг олон улсад сурталчлан таниулахад онцгой анхаарч байна. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ онд “Хүннү язгууртны оршуулгын газар”, “Эсгий хийх уламжлалт зан үйл”, “Малын эмгэг анагаах уламжлалт арга ухаан” гэсэн гурван өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн өв болон Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлнэ. Манай улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр 2026-2029 онд анх удаа сонгогдон ажиллах болсон байна.
У.Хүрэлсүхийн Засгийн газар хэл, түүх, соёлоо сурталчлан таниулах, соёлын өвөө хадгалах, хамгаалах, уламжлуулах, салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нь дэмжих зэрэг зорилгоор Соёлын яамыг байгуулж байлаа. Ерөнхийлөгч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжиж, Монгол туургатны өв соёлыг дэлхийд таниулах, соёл, урлагийн монгол брэнд хөгжүүлэхийг зорьж байна. Төрийн тэргүүний санаачилга, дэмжлэгээр “Чингис хаан” үндэсний музей байгуулж, Эзэн Богд Чингис хааны алтан хөшөө, Шүтээн их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг бүтээн залсан.
Одоо Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Үндэсний археологи, угсаатны зүйн музейн бүтээн байгуулалт ид өрнөж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн өдөр СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн Урлагийн боловсролын тэнхимийн багш, хүндэт профессор Осорын Сарантуяа, Монгол Улсын Консерваторын Мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш, профессор Гомбожавын Занаа нарт Гавьяат багш, “Музейн шинэ хөгжил нийгэмлэг” ТББ-ын тэргүүн, СУИС-ийн хүндэт профессор, музей судлаач Дамдинсүрэнгийн Цэдмаад Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 1.8 сая хэрэглэгчтэй “UB cab” компани болон 120 мянга гаруй жолоочийн төлөөлөл болсон такси үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Ерөнхийлөгч, орлого олж, амьдрал ахуйгаа дээшлүүлэхийн зэрэгцээ иргэдийн итгэлийг хүлээсэн, шаардлага хангасан, найдвартай, аюулгүй, соёлтой үйлчилгээ нэвтрүүлж байгаа такси үйлчилгээ эрхлэгчдэд талархал илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноос хойш хийсэн ажил, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Тэрбум мод, “Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.
Цаашид төр, засаг, түмэн олноороо ололт, амжилтаа бататган, хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, эвийг эрхэмлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
“UBCab” нь зөвхөн такси дуудлагын бус, хоол, хүнс, шуудан хүргэлт, шуурхай илгээмж, дуудлагын жолооч, яаралтай авто тусламж зэрэг үйлчилгээг нэгтгэсэн технологийн компани юм.
Энд орон даяар 120 мянган жолооч хөдөлмөр эрхэлж, орлого олдог бөгөөд тэдний дунд багш, эмч, төрийн албан хаагч, ахмад настан гээд бүх салбарын иргэд нэгдээд байна.
Сүүлийн 5 жилд “UBCab” компани улсын төсөвт 11 тэрбум, жолооч нар 4.1 тэрбум төгрөгийн татвар төлсөн.
Тус компани төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан жолооч нарынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхийг зорьж байгааг гүйцэтгэх захирал О.Золбаяр хэллээ.
Жолооч нарыг төрийн үйлчилгээ, захиалгат тээвэр, жуулчин тээвэрт хамруулж, тогтмол орлоготой, найдвартай жолооч нарыг автомашинаа шинэчлэх, орон сууцтай болгоход бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ерөнхийлөгч такси үйлчилгээ эрхлэгчидтэй уулзах үеэрээ “UBCab” ХХК-ийн такси үйлчилгээний ахмад жолооч Лувсанцэрэнгийн Баасанбаярт Гавьяат тээвэрчин цол хүртээж, нэр бүхий жолооч нарыг төрийн дээд одон, медалиар шагналаа.
Тээврийн салбар нь манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 8 орчим хувь, нийт ажиллах хүчний 6-8 хувийг эзэлдэг, нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг.
Ерөнхийлөгч санаачилга гарган “Транзит Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, Монгол Улс-Ази, Европыг холбосон тээвэр логистикийн зангилаа төв болох зорилт дэвшүүлсэн.
Мөн Ерөнхий сайд байхдаа анх удаа “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”-ыг батлуулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл” байгуулан ажиллуулж байлаа.
Зам, тээврийн хөгжлийн яам цаашид эрх зүйн шинэчлэл хийж, тээвэрчдийн хөдөлмөрийн зах зээлийг хамгаалж, ядуурлыг бууруулах, салбарын хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сайжруулахад анхаарах юм байна.
-
Улстөр нийгэм2023/06/15
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдав
-
Цаг үе2021/12/06
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Улстөр нийгэм2024/12/12
Хуримтлалын санд 2025 онд 507.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, Ипотекийн зэ...
-
Урлаг спорт2022/03/23
Дэлхийн шилдэг циркчид Монголд тоглохоор ирнэ
































