Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Бүгд Найрамдах Сингапур Улсад өнгөрөгч долдугаар сард албан ёсны айлчлал амжилттай хийгээд ирсэн.
Энэхүү айлчлалын хүрээнд яригдсан асуудлуудын дагуу Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирж ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдад Сингапурын Хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман бараалхлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ айлчлалын яриа хэлэлцээр ажил хэрэг болж буйг онцлоод Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын төлөөлөгчдийн баг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд баяртай байна гэлээ.
Ерөнхий сайдын Сингапурт хийсэн айлчлалын үеэр талууд дөрвөн чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Үүнээс эхний гурван чиглэлийн хамтын ажиллагаа ийнхүү эхлээд байна.
Нэгдүгээрт, Монгол Улсын онцлогт нийцсэн нийцсэн хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо би болгох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авахаар Хуримтлалын нэгдсэн сангийн сайн туршлага бүхий Сингапур Улсын Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хамтран ажиллах Санамж бичиг байгуулсан. Мөн Монгол Улсад Хуримтлалын нэгдсэн сан бий болгоход дэмжлэг үзүүлэх, зөвлөх үйлчилгээ авах техникийн нөхцөлийг боловсруулж Дэлхийн банкинд хүргүүлээд байна. Монгол Улсад Хуримтлалын нэгдсэн сан бий болгоход дэмжлэг үзүүлэх зөвлөх үйлчилгээ авах ажлын хүрээнд ажлын даалгавар боловсруулж Дэлхийн банкинд хүргүүлж батлуулсан. Энэхүү ажлын даалгаврын дагуу зөвлөх үйлчилгээний 1 ба 2 шатны зардлын тодорхой хэсгийг ($230’000) Дэлхийн банкнаас санхүүжүүлэхээр болоод байна.

Хоёрдугаарт, Төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулах хүрээнд МИАТ ХК дээр түшиглэн Сингапур Улстай хамтран ажиллаж байна. Энэ нь Хөшгийн хөндийд Олон улсын нисэх онгоцны буудлыг түшиглэсэн шинэ хот байгуулах зорилттой уялдаж байгаа юм. Энэ боломжийг газар дээр нь судлахаар Сингапурын “Сурбана Журонг” компанийн төлөөлөгчид манай улсад ажиллаж байна.
Гуравдугаарт, хот төлөвлөлтийн асуудал. Монгол Улс нэг хүн амд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт ордог. Гэтэл нийт хүн амын 50 гаруй хувь нь газар нутгийнхаа 0,3 хувь буюу Улаанбаатар хотдоо төвлөрөн амьдарч түгжрэл, агаарын бохирдол, сургууль, цэцэрлэг, орон сууцны хүртээмж зэрэг олон асуудал үүсээд байна. Энэ хүрээнд Барилга хот байгуулалтын яам, Сингапурын хамтын ажиллагааны байгууллага хооронд “Хотын зохион байгуулалт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, цуврал сургалтууд хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдгээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж, бодит үр дүнд хүрэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Сингапурын хамтын ажиллагааны байгууллагын гүйцэтгэх захирал Конг Вай Ман Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд айлчлалын мөрөөр Сингапур Улсаас томоохон судалгааны баг Монгол улсад ирж ажиллаж хуримтлалын сан, хот төлөвлөлт, төрийн өмчит компанийн менежмент, агаарын тээвэр зэрэг салбаруудад судалгаа хийж, танилцаж байна, энэ бүхнийг цогцоор нь авч үзэж, шинэчлэн, сайжруулах хувилбарыг гаргахаар ажиллаж байна гэлээ.

Улстөр нийгэм
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” энэ сарын 10-ны өдөр тохиож байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулах тухай” 431 дүгээр захирамж гаргалаа. Тус захирамжид Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалт, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1, 20.2 дахь хэсгийг үндэслэн Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товложээ.

Монгол төрийн залгамж чанар, үндэсний бахархал, төрт ёс, түүх цадиг, өв соёлын уламжлалыг эрхэмлэн дээдэлж, эх оронч үзэл, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Мягмар гарагийн 10.00 цагт болно хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Хот, нийтийн аж ахуйн 38 байгууллагын 3200 ажилтан машин, техник хэрэгсэлтэйгээр өвөлжилтийн бэлтгэл хангаж, ажиллаж байна. 11025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцлөхөөр төлөвлөж 80 хувьтай байна.
2026-2027 оны өвөл НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 7-10 мянган өрхийг гэр, сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуур бүхий цахилгаан халаалтын иж бүрэн шийдэлд шилжүүлнэ. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран гэр хорооллын өрхүүдэд нийт 2.4 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуулах системтэй хосолсон нарны цахилгаан станцыг байгуулна.
Энэ өвөл 280 мянган хагас кокс, 180 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад агаарын бохирдол 10-14 хувиар буурсан байна. Нийтийн тээврийн хүрэлцээг нэмэгдүүлэх хүрээнд 13 чиглэлд 21 автобус, шинээр зургаан богино эргэлтэд автобус нэмлээ. Энэ өвөл 160 автобусаар парк шинэчлэл хийнэ гэлээ.
Улстөр нийгэм
Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас зэрлэг амьтдын идэш, тэжээл хомсдсонтой холбоотой биотехникийн арга хэмжээ авах ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 80 орчим хувь нь түймэрт өртсөн гэсэн урьдчилсан тооцоо гарсан. Бичигт уулын урд Нарийн голын хэсэг, Хавирга уулын урд болон баруун хэсэг түймэрт өртөөгүй үлджээ. Энэ хэсэгт зэрлэг амьтдын бөөгнөрөл, нягтрал ердийн үеийнхээс илүү ажиглагдаж байгааг биологийн шинжээчдийн судалгаагаар тогтоожээ.
Иймээс энд өвөлжих зэрлэг амьтдад идэш, тэжээлийн хомсдолтой холбоотой биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай болжээ.
2018, 2022 онд хийсэн Нөмрөгийн дархан цаазат газар болон түүний орчны бүс нутгийн ойн туруутан амьтдын тархац, байршил, тоо толгойн судалгаагаар 3,000 гаруй буга, 300 гаруй хандгай, 10,000 гаруй бор гөрөөс байх боломжтой гэсэн тооцоо байна. Эдгээр амьтдад өвс тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх зардал 629 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
