Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Б.Батцэцэг: Транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо

Огноо:

,

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-тай хэлэлцээ хийсний дараа хэвлэлд өгсөн мэдэгдэл.


Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, ноёд хатагтай Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 20 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Салөмсай Гуммасит Сайдтай бүтээлч, найрсаг, халуун дотно уур амьсгалд үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг.

АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Энэ хүрээнд Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Вьентьян хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал нэгдэж, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНАЛАУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцлоо.

Манай хоёр улсын эдийн засгийн салбарын бүтцэд ижил төстэй зүйл олон бий. Иймд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний дотор органик хоол хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хэлбэрээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж цаашид ч энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь далайд гарцгүй улс орнууд хэдий ч Бүгд Найрамдах Хятад Ард Улстай төмөр замаар шууд холбогддог. Иймд Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах талаар тохиролцлоо.

Манай хоёр улс эрүүл мэндийн салбарт нягт хамтран ажиллаж ирсэн. БНАЛАУ-ын Сиенгхуанг мужид байгуулагдсан Монгол, Лаосын “Найрамдал” эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж, харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг лаосын тал дэмжиж, ой моджуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

БНАЛАУ нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашид ч тус төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

Айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “2022-2027 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгууллаа.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт итгэл төгс байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

/2022 оны 9 дүгээр сарын 4, ГХЯ/

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

А.Амартүвшин: Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирлыг томилж өгөөгүйн улмаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжгүй байна

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад оруулж, нийслэл дүүргээс хатуу, зөөлөн эдлэлийн асуудлыг шийдвэрлэсэн. Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус цэцэрлэг нь 1088 м.кв бөгөөд 4 бүлгийн өрөө, чийрэгжүүлэх өрөө, дуу хөгжмийн өрөө, гал тогоо, хуурай нойтон хүнсний агуулах, ажилчдын хувцас солих өрөө, эд хогшлын агуулах болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай.

Гэвч өнөөдрийг хүртэл энэ цэцэрлэг үйл ажиллагаагаа эхлүүлээгүй байгаа талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө. 

 

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэл 9 дүгээр сарын нэгнээс өмнө сургууль, цэцэрлэгийн 20 барилгыг ашиглалтад оруулсан. Ашиглалтад орсон эдгээр сургууль, цэцэрлэгийн дөрөвт нь захирал, эрхлэгч томилогдоогүй учраас үйл ажиллагаагаа эхлүүлж чадаагүй байгаа. Тухайлбал, ХУД-ийн 20 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгт өчигдөр дугаар олгосон. Харин одоог хүртэл эрхлэгчийг нь салбар яамнаас томилж өгөөгүй байна. 100-120 хүүхэд авахын тулд Боловсролын яамнаас үл хамааран тохижилтын ажлаа хийгээд дууссан. 9 дүгээр сарын нэгнээс хойш нийслэл дахиад 4 сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын комисст өгсөн. Гэвч яг дээрхтэй адил шалтгаанаар үйл ажиллагаа нь эхлээгүй байна. Нийслэлээс энэ онд багтаан 16 цэцэрлэг, сургуулийг ашиглалтад оруулна. Гэтэл 9 дүгээр сар дуусах гэж байхад Боловсролын яам ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг ч шийдээгүй байна. Цэцэрлэг, сургуулийн захирал, эрхлэгчийг томилохдоо Боловсролын яамнаас сонгон шалгаруулалт зарладаг. Ингээд сонгон шалгаруулах зөвлөлөөс гарсан зөвлөмжийг нийслэлийн Боловсролын газарт өгч, захирамж нь гардаг” гэлээ.

 

Мөн нийслэлийн хэмжээнд 171 сургууль үйл ажиллагаа явуулж байгаагаас 146 сургуулийн сандал, ширээг солих зайлшгүй шаардлага үүссэн. Боловсролын яам өөрийн чиг үүргийн дагуу энэ асуудлыг улсын төсөвт оруулаад ажиллах ёстой. Гэтэл өргөн барьсан төсөв дээр нь энэ 146 сургууль байтугай нэг сургуулийн орчин нөхцөлийг сайжруулах асуудал тусагдаагүй байгааг тэрбээр хэллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох