Цаг үе
Нийслэлийн Онцгой комисс хуралдлаа
Хурлаар сайжруулсан шахмал түлшний нөөц, хангалт, борлуулалт, хэрэглээ, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түүхий нүүрсний хяналтын талаар хэлэлцсэн. Мөн Агаарын чанарын бүсэд шинээр орсон Налайх дүүрэгт сайжруулсан түлштэй холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Таван толгой түлш” ХХК-ийн баруун, зүүн үйлдвэрийн хэвийн ажиллагаа, түлшний чанар стандартын талаар мэдээлэл сонсож, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох байгууллагуудад дараах үүргийг өглөө.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62, 2022 оны 223 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийг Өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлж, “Шуурхай штаб” байгуулан ажиллахаар болов.

Мөн сайжруулсан шахмал түлш, түүхий нүүрсний хяналт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажлын нарийвчилсан төлөвлөгөө, хуваарь гаргаж хэрэгжилтийг хангуулна. Эрсдэл бүхий айл өрхийн судалгааг нарийвчлан гаргаж, нэн шаардлагатай айл өрхүүдийн пийшин, зуухны галлагааны аюулгүй байдлыг хангуулах юм. Түүнчлэн авто тээврийн шалган бүртгэх товчоо болон маршрутын бус замаар Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, сайжруулсан шахмал түлш гаргахгүй байх, хяналт шалгалтыг тогтмол явуулна. “Таван толгой түлш” ХХК-д сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн тасралтгүй хэвийн ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч, түлшний чанар стандарт, хадгалалтын горимыг баримтлан, нийлүүлэлтийг хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, тасралтгүй хангахад анхаарах зэрэг үүрэг өгсөн юм.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС
Цаг үе
ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлнэ
Монгол Улсын Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Евгеньевич Цивилёвтэй уулзаж "Монгол Улсад Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай" Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт протоколд гарын үсэг зурлаа.
Уг хэлэлцээр нь манай улсад агаарын хөлгийн түлш хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол нийлүүлэх бөгөөд "Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай" хэлэлцээрийн хамт хүчин төгөлдөр үйлчлэх юм.
Ингэснээр, Ойрхи Дорнодын нөхцөл байдалтай холбоотой газрын тос, шатахууны урьд өмнө байгаагүй үнийн өсөлтийг бууруулах талаар ажиллах, хангамжийг тогтворжуулах чухал ач холбогдолтой юм.
Цаг үе
Татвар төлөгч 28.879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг.
2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдөр шилжүүлж дууслаа. 2025 оны жилийн эцсийн тайлангаар 28,879 татвар төлөгч иргэн 57.1 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авахаар тайлангаа ирүүлсэн юм. Тодруулбал, шинээр орон сууц худалдан аваад анх удаа хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдаж байгаа 7,527 иргэнд 28.5 тэрбум төгрөг, үргэлжлүүлэн хамрагдаж байгаа 10,742 иргэнд 18.5 тэрбум төгрөг, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд хамрагдаж байгаа 11,397 иргэнд 10.1 тэрбум төгрөг, хуульд заагдсан бусад нөхцөлөөр 12 иргэнд 30 орчим сая төгрөгийн буцаан олголтыг олголоо.
Банкны болон татвар төлөгчийн мэдээлэл зөрүүтэйгээс гүйлгээ буцаагдсан иргэдийн мэдээллийг харьяа татварын албаар дамжуулан дахин засварлаж, гүйлгээг ойрын өдрүүдэд хийнэ.
Ташрамд, Хувь хүний орлогын албан татварын орлого нь орон нутгийн төсвийн орлогын томоохон бүрэлдэхүүн хэсэг бөгөөд нийслэлийн төсвийн орлогын 50 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг. Жил бүрийн нийслэлийн төсөвт Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод зарцуулах санхүүжилтийн эх үүсвэрийг төсөвлөн, баталдаг. 2026 онд 63.0 тэрбум төгрөгийг татвар төлөгч иргэдэд буцаан олгохоор баталсан юм.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

