Цаг үе
Хотын дарга БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулна.
Тус наадмын Зохион байгуулах хорооны дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчянтай уулзаж, санал солилцлоо.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын зөвлөх, "Улаанбаатар 2023 Зүүн Азийн залуучуудын наадмын зохион байгуулах хороо" ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр “Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор БНХАУ-ын спортын байгууллагатай санал солилцон, зөвлөгөө авч, туршлага судаллаа. Монгол Улсад анх удаа болох спортын олон төрөлт наадамд Зүүн Азийн есөн олимпын хорооны 1500 орчим тамирчин спортын 11 төрлөөр хурд, хүчээ сорино. Наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу 70-80 хувьтай явж байна. Одоогийн байдлаар бид бүртгэлээ хийгээд, эхний оролцогчдын мэдүүлгүүдийг хүлээн авч эхлээд буй” хэмээсэн юм.

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хорооны дарга Д.Сумъяабазар “БНХАУ бол хүн төрөлхтний спортын их наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан, спортын байгууллага нь энэ тал дээр асар туршлагатай. Зүүн Азийн залуучуудын наадмыг 2013 онд БНХАУ-ын Тяньжин хотод зохион байгуулсан, энэ утгаараа бид мэдээлэл, санал солилцлоо” хэмээв.
БНХАУ-ын Үндэсний биеийн тамир, спортын ерөнхий газрын дэд дарга, Үндэсний Олимпын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Жоу Жияньчян “Зүүн Азийн залуучуудын наадмын гол оролцогчид нь өсвөр насны тамирчид. Тэдний зарим нь эцэг эхийн хараа хяналтаас анх удаа гарч, гаднын орон руу явж байгаа. Тэгэхээр аюулгүй байдлыг нь хангахад онцгой анхаарч ажиллах нь зүйтэй” гэж онцолж байлаа.

Зүүн Азийн олимпын хороонд БНХАУ, Япон, БНСУ, БНАСАУ, Макао, Тайван, Гуам, Хонконг болон Монгол гэсэн есөн Үндэсний олимпын хороо багтдаг. Эдгээр хороо 1991 онд хийсэн анхдугаар чуулганаараа Зүүн Азийн наадам зохион байгуулахаар шийдвэрлэж, анхных нь 1993 онд Шанхайд болсон билээ.
Тус наадам 2013 он хүртэл дөрвөн жил тутам зохиогдсоны эцэст хэлбэрээ өөрчилж, Зүүн Азийн залуучуудын наадам болсон юм.
Цаг үе
Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 90 хувьд хүрнэ
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва гаргасан.
Энэ хүрээнд долоодугаар сараас бэлтгэл ажил явж, гүйцэтгэгч шалгаруулж, аравдугаар сарын 9-нд тохижилтын ажлыг эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 15 хувьтай байна. Тухайн байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламж 5.9 ам метр буюу дэлхийн дунджаас 60 хувиар бага. Тиймээс хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгт хүрээлэн барих ажилд онцгой анхаарч байгаа. ХААН банктай хамтарч, Ногоон нуурын 5.5 га газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох ажлыг ирэх хавар эхэлнэ. Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн 10.2 га талбайн менежментийг нийслэл хариуцаж байна. "Рио Тинто Монгол” ХХК гэр хорооллын бүсэд 2 цэцэрлэгт хүрээлэн тохижуулна. Баянгол дүүргийн хойд дэнжийн 10 га газрын тохижилт, Гандангийн тохижилт зэрэг гэр хорооллын бүс, орон сууцны нягтаршилтай бүсийн ногоон байгууламжийг шат дараатай нэмэгдүүлнэ. Цаашид 42 ногоон байгууламж байгуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 13 байршилд зураг төсөл хийгдэж байна. Энэ 13 ажил 2027 оны төсөвт суугдана” гэв.

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг гүйцэтгэгч “Гарден сити” ХХК нийт 4160 ам метр талбайд дайрга дэвсэн индүүдэж, тэгшилсэн. 35.5 метр түшиц хана, тус бүр 10 ам метр хоёр пандуус, шат цутгасан. Хар шороо, дайрга, явган замын хашлага, хавтанг бэлтгэж нөөцлөөд байгааг “Гарден сити” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнпагма хэллээ.
Мөн тохижилтын ажилд зориулж 14 улиас, 38 голт бор, 29 өрөл, 92 нохойн хошуу, 1060 шар хуайсыг бэлтгэжээ. Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг арваннэгдүгээр сарын 15-нд 90 орчим хувьд хүргэж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.





Цаг үе
“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч өрсөлдлөө
Нийтийн тээврийн жолооч нарын дунд “Уран жолоодлого-2026” тэмцээнийг аравдугаар сарын 17-18-нд Монгол наадам цогцолборт зохион байгууллаа. Уг тэмцээнийг 2019 оноос хойш тогтмол зохион байгуулж буй. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээний есөн байгууллагын 10 багийн 70 гаруй жолооч өрсөлдөв.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, харилцаа хандлага, ёс зүйн зөрчилгүй жолооч нарыг шалгаруулж оролцуулдаг. “Уран жолоодлого-2026” тэмцээний нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва оролцож, үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Нийтийн тээврийн салбарт 4400 жолооч, инженер, техникийн ажилтан, арын албаныхан ажиллаж байна. Нийтийн тээврийн зорчигчийн тоо 2025 онтой харьцуулахад 19 хувиар өссөн. Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, 16 шинэ чиглэлүүдийг бий болгож, автобусны шинэчлэлийг хийж байна. Жолооч та бүхэн нийслэлийн иргэдийг аюулгүй тээвэрлэх үүргээ биелүүлж, иргэдэд соёлтой үйлчилж, тухтай зорчиход нь тусалдаг байгаарай” гэв.

Уран жолоодлогын тэмцээн нь тээврийн үйлчилгээ болон жолооч нарын харилцаа хандлагыг төлөвшүүлэх, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлах ач холбогдолтой.
“Уран жолоодлого-2026” тэмцээнд оролцож буй жолооч нар:
Цуваагаар явах, хоёр, хоёроор зэрэгцэж явах, 450 градус тойрог эргэж,
Нэг шулуунд зэрэгцэж зогсох, эсрэг зүгт зэрэгцэн зогссон байрлалаас хоёр тийш зэрэг хөдөлж,
Нэг шулуунд зогсох, адил талт тэгш өнцөгт үүсгэж зогсох, 45 градусын өнцгөөр зүүн гар тийш эргэж, нэг зүгт цуваж зогсох,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь цуваагаар сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 1 талаас нь эгнээ дагаж орж сүлжиж явах,
Нэг шулуунд цувруулан байрлуулсан 7 саадыг 2 талаас нь салган цуваагаар сүлжиж явах,
Багийн ахлагч нар дараалсан дөрвөн үйлдэл гүйцэтгэх,
Багийн гишүүн бүрийн мэдлэг, харилцаа хандлагын сорил, тестийг бөглөх зэрэг үүрэг даалгаврыг гүйцэтгэж тэмцээнд оролцов.






Цаг үе
Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ
Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдсантай холбоотойгоор хуучин Эмээлтийн пост байсан газарт нүхэн гарц хийж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. 2027 онд Налайхын постыг Төв аймгийн нутаг дэвсгэрт, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй болно.

Энэ талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам баригдаж, Улаанбаатар хотоор аюултай ачаа тээвэрлэхгүй болсон. Иймд хуучин Эмээлтийн пост байсан газар нүхэн гарц барьж, есдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулсан. Хот доторх постуудыг нүүлгэн шилжүүлнэ. Тухайлбал, Налайхын постыг Төв аймаг Цонжинболдог, Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ. Ингэснээр иргэд хот дотор зорчиж, постоор нэвтрэх бүрдээ 5000 төгрөг төлөхгүй” гэв.




-
Шударга мэдээ2023/09/20
Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө
-
Улстөр нийгэм2023/10/10
УИХ: Байнгын хороо, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
-
Улстөр нийгэм2024/11/04
Монгол Улсын үе үеийн эмэгтэй парламентчид гурав дахь удаагаа чуулна
-
Цаг үе2025/07/22
Монгол-Киргизийн боловсрол, соёлын төв байгуулна
